МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж амьдралд хүрэлцээ муу боллоо
2023.04.04
Орон нутгийн хөгжил

Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж амьдралд хүрэлцээ муу боллоо

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Борнуур сумын иргэдэд 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, тайлан уулзалтаа хийлээ. Борнуур суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзан, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо.

Борнуур сумын эмнэлэгт хүний нөөцийн асуудал хүндхэн байна. Тухайлбал бага эмч, сувилагчийн орон тоо дутуу байгаа аж. Орон нутагт эмч нар ЭМД-ийн ажилтан болон хувирч, бичиг цаасны ажил нь их болсон гэж байв. Түүнчлэн суманд даатгалгүй хүн олон, тэднийг үзэхгүй үйлчлэхгүй гээд буцааж чаддаггүй. Иймээс тодорхой зохицуулалтууд хэрэгтэй байгааг хэлж байв. Эмч эмнэлгийн ажилтны тэтгэвэрт гарах насыг багасгах саналтай байгаагаа уулзсан эмч сувилагч нар маань хэлж байлаа.

Сумын сургуульд 911 сурагч суралцдаг ба 75 багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг байна. Сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ сургалтын компьютер, проекторыг хүлээлгэн өгч, сургуулийн удирдлага, багш ажилчдын санал сэтгэгдлийг сонслоо.
Борнуурын цэцэрлэг 2 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг байна. Нийт 315 хүүхэд суралцдаг ба хүүхдийн хоолны мөнгөний хүрэлцээ муу байгаа талаар эрхлэгч нь хэлж байв. Том сумдын СӨБ-д дууны багш, биеийн тамирын багш, арга зүйч дутагдалтай, орон тоог нэмүүлэх хэрэгцээ байгаа талаар саналаа хэллээ.

Суманд ажиллах үеэрээ өндөр настан Пагма, С.Пүрэвсүрэн, Сүхээ, Балжид гуайнд зочлон амар мэндийг нь эрж захиас сургаалыг нь сонслоо. Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаар танилцуулга хийж, хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль зэрэг зарим хуулийн төслийг танилцуулж иргэдийн санаа бодлыг нь сонслоо. Мөн ҮХНӨ-ийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг танилцууллаа.

Уулзалтын үеэр Бүрэн сумын уугуул MARS-V төслийн тэргүүн Сүхбаатарын Эрдэнэболд иргэдэд төслийн талаар сонирхолтой танилцуулга хийлээ.

Уулзалтын үеэр иргэд: Нийгмийн даатгалын хуульд тодорхой ажил мэргэжлийн насны хязгаарыг багасгах саналтай байгаа талаар,тариланчдын урамшууллын талаар, хүнсний ногооны сав баглаа боодлын стандартыг тогтоож сээтэг шуудай зэргийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар санал хэлж байв. Мөн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж амьдралд хүрэлцээ муу болж байгаа талаар, тэтгэвэр тэтгэмж бага байгаа талаар саналаа хэлж байв.

ШИНЭ МЭДЭЭ