МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өвөрхангай аймагт Малчны тухай хуулийн төслийг танилцууллаа
2024.05.15
Орон нутгийн хөгжил

Өвөрхангай аймагт Малчны тухай хуулийн төслийг танилцууллаа

Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Нарийнтээл, Хайрхандулаан, Тарагт, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан 11 сумдын малчдад УИХ-аар энэ 7 хоногт хэлэлцэгдэх “Малчны тухай” хуулийн төсөл болон УИХ, ЗГ-ын үйл ажиллагааны тайланг танилцуулж санал, хүсэлт, зөвлөмжийг сонсож ярилцлаа.

Иргэдийн зүгээс “Малчны тухай” хуулийн төсөлтэй холбогдуулан дараах тодорхой саналыг дэвшүүллээ.

Үүнд:

  • - Уянга сумын Чойгийжанцан, Даваасүрэн нар малын тоо толгойг цэгцлэх, бэлчээр, отор нүүдэл, хилийн цэсийн маргаантай асуудлыг шийдвэрлэх шийдлийг олох, хорогдолгүй болон энх мэнд төл бойжуулсан шалгуурыг аварга малчдын шалгуурт тооцдог болох,
  • - Бат-Өлзий сумын иргэн Алтанцэцэг хот, суурин газраас шилжин ирж байгаа малчдыг малжуулах хөтөлбөрт хамруулах, НДШ нөхөн төлүүлэх зохицуулалт зайлшгүй шаардлагатай,
  • - Хужирт сумын 2 дугаарын багийн иргэн Бямбадорж газрын дээрх хамгийн үнэ цэнтэй баялаг болсон малчин хүний эрүүл мэндийг хамгаалах, ажилтай хүн сайхан амьдрах боломжийг энэхүү хуулийн хүрээнд бүрдүүлэх,
  • - Хархорин сумын иргэн Оюун малчдыг дэмжих эрхзүйн орчин шаардлагатайг,
  • - Нарийнтээл сум иргэн Должинсүрэнгийн зүгээс малчдын залгамж халаа болсон залуу малчдыг дэмжих, МАА-н үйл ажиллагаа болон түүхий эд нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах зохицуулалтыг тусгасан эсэх,
  • - Хайрхандулаан 4 дүгээр багийн иргэн Болаж гуай болон Төгс-Очир нарын зүгээс хуулийн төслийн хэрэгжилт, хяналтын зохицуулалтад анхаарах, батлахаас өмнө малчдын оролцоог хангаж, саналыг сайтар авах, ноос ноолуурын бэлтгэлийг сайжруулах, бэлчээрийн харилцааг сайтар зохицуулах,
  • - Тарагт сумын иргэн Жаргалбаатарын зүгээс шинэ хоршоог үр дүнтэй болгох, түүхий эд боловсруулалт, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцааг зохицуулах, бэлчээрийн ашиглалтын багийн хурлын түвшинд хамтын зохион байгуулалтаар шийдвэрлэх,
  • - Төгрөг сумын иргэн Гүнгээбуу, 2 дугаарын багийн Баярсайхан нар хөдөөгийн хүн ам зүйн бодлогод төрөөс анхаарах, түүхий эдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, малжуулахад төсөл хөтөлбөрт 40 дээш насны цөөн тооны малтай малчид хамрагддаг байх,
  • - Гучин Ус сумын иргэн Пүрэв гуай ухдаг биш өсдөг баялгаа дэмжиж байгаад талархаж, НДШ нөхөн төлөх төлбөрийг тухайн оноор нь төлөх боломжтой эсэх,
  • - Богд сумын иргэн Өлзийбадрах, Дэмбэрэл нарын зүгээс түүхий эд бэлтгэл, залуу малчдад онцгой анхаарах,
  • - Баруунбаян Улаан багийн иргэн Цэрэндолгор залуу малчдыг хэрхэн дэмжих зэрэг малчидтай холбоотой олон, олон чухал саналыг дэвшүүллээ.

Эдгээр иргэдээс гарсан санал бүрийг нэг бүрчлэн анхаарч, хуулийн төсөлд шаардлагатай зохицуулалтуудыг нэмж тусгахаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ