Х.Тэмүүжин: Нийгэмд тогтолцооны шинэчлэлийг зоригтой хийх хүлээлт байгаа
УИХ-ын чуулганы /2025.04.10/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд Банзрагчийн Жаргалсайханыг томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
Хуулийн байгууллагын толгой дээр хуулийг үл хүндэтгэдэг, шуналын дэг очихоор юу болдог гэдгийг бид маш сайн мах цусаараа мэдэрсэн. Тийм учраас сайн хүн олж тавихаас гадна тогтолцооны зоригтой шинэтгэлүүд бол үгүйлэгдэж байгаа. Ардчилсан эрх зүйт улс орнуудад байдаг шиг Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор хоёр нэг 1 хүн байхад 6 жил томилогдоно уу, нас нь хэд байх нэг их асуудал биш. Энэ улсуудад Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор хоёр1 хүн байхад бол санаа зовохгүй байгаа. Харин энэ улсуудад Хууль зүйн сайд, Дотоод хэргийн сайд хоёр 1 хүн байхад, харин айж байгаа. Яагаад гэвэл хэрвээ Хууль зүйн сайд, Дотоод хэргийн сайд хоёр 1 хүн байхаар тэр нь цагдаагийн сайд болж хувираад, улс нь цагдаадсан төртэй л болж хувирдаг юм байна. Тэгэхээр ийм том тогтолцооны шинэтгэлийг зоригтой хийх хүлээлт байгаа гэдгийг энд хэлэхийг хүссэн юм.
Хоёрт, Ерөнхий прокурорт томилогдох гэж байна. Прокурорын байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дээр ийм үг байдаг. Хуулийг нэг мөр хэрэгжүүлэх гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль олон нүүргүй нэг байхын тулд, энэ байгууллага оршин байгаа тухай ярьж байгаа юм. Тийм учраас хэд хэдэн хуулийг сануулмаар байна. Протоколд үлдээх гэж байгаа юм. Прокурорын тухай хуулийн 60.3 дээр прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас гэж бичсэн байгаа. Төрийн албаны тухай хуульд 41.2 дээр хуульд өөрөөр заагаагүй бол дээд хязгаар 65 нас гэж бичсэн байгаа.
Төрийн албаны хууль, хуульд өөрөөр заагаагүй бол гэдэг үгтэй, хуульд өөрөөр заасан нь Прокурорын тухай хууль дээр байгаа. Хуулийн энэ зөрчлийг арилгахгүйгээр УИХ шийдвэр гаргавал хоёр өөр шийдвэр гаргана. УИХ жоохон хожуу хойшоо сууж ажиллаж байгаа байх. ҮХЦ-ээс 2025 оны 2 сарын 14-нд хоёрдугаар тогтоолоороо Дээд шүүхийн шүүгч, шүүхийн шүүгч нар, шүүгч нартай холбоотой тэтгэврийн настай холбоотой маргаан шийдвэрлэсэн. 55 нас гэдэг маргааныг хэрвээ УИХ 60-аас дээш настай хүнийг хуулийн байгууллага дээр томилох гэж байгаа бол хуулийн энэ зөрчлийг арилгах ёстой. Арилгахгүй бол ард нь ҮХЦ рүү үсэрчих вий гэж болгоомжилж байгаа.
Ажил авч байгаа хүн нь ч, ажил явуулж байгаа хүмүүс нь ч үндсэн хуулийн маргаан руу очвол энэ бол эрсдэлтэй. Тийм учраас протокол дээр маш тодорхой сануулж байна. Шүүхийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар байгуулагдаж байгаа ажлын хэсэг ХЗБХ-н дээр хурдтай ажиллаж, энэ зөрчлөө арилгахгүй бол энэ өөрөө төвөгтэй байдалд аваачна шүү. Гуравт, Б.Энхбаяр гишүүний хэлсэнчлэн үнэхээр прокурорын манлайллаар ажил хийх цаг болсон. Прокурорууд яллах үйл ажиллагаагаа шүүх дээр явуулах ёстой. Гэтэл энэ мөрдөх байгууллага чинь шүүх дээр ажилладаг биш, хэвлэл дээр ажилладаг байгууллагууд болоод хувирчихлаа.
Сүүлдээ Хууль зүйн сайд нь хүртэл прокуророос зөвшөөрөл авсан эсэх нь мэдэгдэхгүй, хэргийг хэвлэлээр ярьдаг болж байна. Үүнийг зогсоохын тулд тэр прокурор гэдэг хүн, процессын эзэн хувьдаа шүүх рүү яллах үйл ажиллагаа явуулж, энэ хэргийг толгойгоор хариуцаж орж байгаагийнхаа хувьд, ямар ч албан тушаалтан прокурорын гадуур энэ хэрэг ярьж байгаа үйл явцыг тас цохих ёстой. Хэвлэл дээр биш шүүх дээр шударга ёс тогтдог хууль амилдаг нотлох баримт үнэ цэнтэй байдаг.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn