
Нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй 5551 орон сууц байна
Улсын Их Хурлын даргын 99 дүгээр захирамжаар байгуулагдсан “Иргэний шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хангах хүрээнд хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн хуралдаан өчигдөр /2025.04.10/ боллоо.
Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд ахалж байна. Хуралд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Жаргалан, Г.Лувсанжамц, П.Мөнхтулга, Ц.Мөнхтуяа нар болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, 20 минут Үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Эмнести Интернэшнл байгууллагын төлөөллөөс оролцлоо.
Хурлын эхэнд “Иргэний шаардлагад нийцсэн орон байртай байх эрх” сэдвийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулга хийлээ. Тэрбээр, танилцуулгадаа Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар болон нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны төслийн талаарх мэдээллийг хүргэв.
Тодруулбал, нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй 5551 орон сууц байгаагаас газар хөдлөлтөд тэсвэргүй 672, ашиглахыг хориглосон шийдвэртэй 385, Нийслэлийн Засаг даргын дахин барилгажуулах захирамжтай 178 орон сууц байна.
Мөн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2025 оны байдлаар 16 байршил 39 хэсэгчилсэн талбайд 36 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Танилцуулгын дараа гишүүд хууль, эрх зүйн орчны практик хэрэглээнд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцлаа. Түүнчлэн ажлын хэсгийн хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр талуудын төлөөллийг тэгш хамруулж, хэлэлцүүлгийн түвшинд зохион байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.