2025.04.10

Л.Мөнхбаатар: Зөрчил, гэмт хэрэг хоёрын зааг ялгааг тодорхой болгох шаардлага байна!

УИХ-ын чуулганы /2025.04.10/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд Банзрагчийн Жаргалсайханыг томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Б.Жаргалсайхан Ерөнхий прокурорыг Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд улируулан томилуулахаар УИХ-д оруулж ирж байна. Өчигдөр УИХ-ын бүтцийн байгууллага болох МАН-ын бүлэг ХЗБХ-гоор хэлэлцэж дэмжсэн. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

УЕП-ын хувьд хариуцсан ажлаа өнгөрсөн 6 жил хэрхэн гүйцэтгэсэн, ажлынх нь үр дүнтуршлага, мөн төрийн ажлынх нь гүйцэтгэл, хувь хүнийх нь ноён нурууг харгалзан үзээд Монгол Улсын Ерөнхийлөгч улираан томилох нь зүйтэй гэж үзэж энэхүү саналыг оруулж ирж байгаа. Энэ агуулгаар нь дэмжиж байгаа2019 онд томилогдон 6 жил ажиллалаа. Энэ хугацаанд төрийн хүний хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, шударга ажилласан гэж харж байгаа. 2017 онд прокурорын тухай хууль шинэчлэн найруулагдаж батлагдсан. Энэ хуулиар прокурор дотроосоо УЕП-ыг томилдог шинэ зохицуулалттай болсон юм. 2020 онд батлагдсан хуулиар 10 жил мэргэжлээрээ ажилласан Монгол Улсын иргэнийг Ерөнхий прокуророор томилох ийм зохицуулалттай байсан. Ийм учраас тухайн үед намын дарга хүртэл УЕП-оор томилогдох эрх зүйн боломж байсан. Тэр ч агуулгаар томилогдоод ажиллаж байсан. Сая Б.Пүрэвдорж Х.Тэмүүжин нарын гишүүд ярьсан. Ингээд мэргэжлийн хүн буюу прокурор хүн УЕП, түүний орлогчоор томилогдох ийм боломжтой болоод анх томилогдсон хүн нь Б.Жаргалсайхан Ерөнхий прокурор.

2019 онд ажлаа хүлээж авснаас хойш амаргүй цаг үеийг туулж, олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Ажиллах хугацаанд прокурорын хуульд өөрчлөлт оруулах оролдлого хүртэл гарч байсан. Намайг ХЗБХ-н даргаар ажиллаж байхад прокурор гэдэг үгийг Монгол Улсын иргэн болгохоор солих гэсэн ийм оролдлого гарч, ХЗБХ-н дээр хууль дагуулаад хуучин тогтолцоогоор санагалзаж, улс төрчийг томилох оролдлогыг хийж, дагалдуулж орж ирж байсан юм. Энэ хуулийг тухайн үед ХЗБХ-н дээр унагааж байсан, санагдаж байна. Энэ мэт улс төрийн болоод олон хүчин зүйлүүдийг давж ажиллаад улиран томилогдохоор орж ирж байна.

Цаашид 6 жил ажиллахдаа олон зүйлд манлайлан ажиллах шаардлага байгааг хэлэх нь зүйтэй. Тухайлбал, зөрчил, гэмт хэрэг хоёрынхоо зааг ялгааг тодорхой болгох шаардлагатай байна! Зөрчил чинь гэмт хэргийн шинжийг агуулсан зөрчлүүд байгаа. Үүнийгээ тодорхой болгох шаардлага байна. Зөрчил нь явсаар гэмт хэрэг болох шалтгаан болдог. Зөрчил давтагдаад явхаараа гэмт хэргийн үндэс болдог. Үүнийг үл тоомсорлож болохгүй юм.

Шинэ төрлийн гэмт хэргүүд буюу цахим луйвар, хар тамхи, хүний наймаа гэсэн чиглэлд онцгойлон анхаарах зайлшгүй шаардлага байна!

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан