Цахилгаан дугуй, скүүтерийн үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдийн санал хуулийн төсөлд тусна
2025.04.11

Цахилгаан дугуй, скүүтерийн үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдийн санал хуулийн төсөлд тусна

УИХ-ын даргын 76-р захирамжаар байгуулагдсан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ээлжит хуралдаан өчигдөр /2025.04.10/ боллоо.

Энэ удаагийн хуралдаанаар цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүд оролцсоноороо онцлог боллоо.

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, хотжилт, авто замын түгжрэлээс үүдэлтэйгээр нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, скүүтер түрээсийн шинэ төрлийн үйлчилгээнүүд бий болж, иргэдийн хэрэглээ эрс өсч, үүний улмаас зам тээврийн осол гэмтэл, сөрөг үр дагаварууд гарсаар байгаа билээ.

Тухайлбал, 2024 оны байдлаар “Жэт Шэйринг Монголиа” ХХК нь 6000 орчим цахилгаан скүүтер, “Ви Эм Си Групп” ХХК нь “Табо” нэртэй 1500 орчим цахилгаан скүүтер, “Эко технологи” ХХК нь “Эко байк” нэртэй 2500 орчим цахилгаан дугуйг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Гэвч энэ төрлийн тээврийн хэрэгслийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч нарт төрөөс хяналт тавих эрх зүйн орчин байхгүй байгаа нь хуулийн төсөл боловсруулах нэг шалтгаан болсон билээ.

Иймд хуулийн төсөлд нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүргийг шинээр тусгаж, энэ төрлийн аж ахуйн үйл ажиллагааг зөвшөөрөлтэйгээр эрхлэх эрх зүйн орчинг бий болгохоор тусгаад байна. Ийнхүү ААН-үүдийн төлөөлөл хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлж, харин өнөөдрийн Улаанбаатар хотын зам, дэд бүтцийн асуудалтай холбоотойгоор өөрсдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар хуулийн төсөлд тодорхой саналуудаа ирүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.