
Зүрхний эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд, тэдний асран хамгаалагчидтай уулзлаа
УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг Хаврын урин энэ өдөр Улаанбаатар Сонгдо эмнэлгийн “Зүрхний эрчимт эмчилгээний тасаг”-т хэвтэн эмчлүүлж буй бяцхан хүүхдүүд, тэдний асран хамгаалагчидтай уулзлаа.
Хагалгаа амжилттай болж, биеийн байдал нь тогтворжсон тэдний дунд Бутаны Хаант Улсаас ирсэн гурван хүүхэд байгааг онцолмоор байна. Эх орондоо эмчлэгдэх боломжгүй байсан эдгээр хүүхдүүдийг Монгол Улсад үнэ төлбөргүй эмчлүүлэх боломжийг “Зүрх мартахгүй” төслийн хамт олон бүрдүүлжээ. Тэд бол Бутанаас эмчлүүлэхээр ирсэн гурав дахь ээлжийн хүүхдүүд юм.
Энэ жил төслийн баг 200 гаруй бутан хүүхдийг үзлэгт хамруулж, 85-д нь хагалгааны заалт тавьсан. Одоогоор 8 хүүхэд мэс засалд амжилттай орсон бөгөөд тун удахгүй 2 хүүхдийг нэмж хүлээн авахаар төлөвлөж байгааг Б.Болдсайхан эмч хэлэв.
2020 оноос хэрэгжиж буй “Зүрх мартахгүй” төсөл нь төрөлхийн зүрхний гажигтай 1300 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийж, 40000 гаруй хүүхдийг үзлэгт хамруулсан үндэсний хэмжээний хүмүүнлэгийн санаачилга юм. Тус төсөл Монголын алслагдсан бүс нутгаас гадна ӨМӨЗО, Тува, Киргиз, Афганистан, Бутан зэрэг улс орны хүүхдүүдэд тусламж үзүүлж, олон улсын хүмүүнлэгийн үйлсэд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийн илэрхийлэл болж байна.
Монгол, Бутаны найрсаг харилцаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бататгасан энэхүү санаачилга нь олон гэр бүлд амьдрал, итгэл найдвар бэлэглэн, Монгол эмч нарын ур чадвар дэлхийд үнэлэгдэж, Монгол Улс Өндөр Ази дахь "Хүүхдийн зүрхний оношилгоо, эмчилгээний төв” болох зорилгоо биелүүлэхэд нэг алхам ойртож байгааг тэмдэглэхэд таатай байна хэмээн Б.Батцэцэг сайд хэллээ.