Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” болгон хөгжүүлнэ
2025.04.14

Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” болгон хөгжүүлнэ

"Хангайн бүсийн зөвлөл" анхдугаар хуралдаан Архангай аймагт болов
Хуралдааны үеэр таван сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулагдаж ирэх 4 жилд хэрэгжүүлэх боломжтой бүсийн хөрөнгө оруулалтын төслүүдийг орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчдад танилцуулж, санал, дүгнэлтийг хэлэлцүүлэв.

Салбар хуралдаанаас гарсан үр дүнг өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлж, УРТ, ДУНД, БОГИНО хугацааны бодлогод тусгана.

Монгол Улсын Засгийн газар Хангайн бүс буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” болгон хөгжүүлэхээр зорьж байна.

Нэн тэргүүнд төвийн бүсийн 3 аймагт 2024-2026 онд Дулааны цахилгаан станц барих төслийг үргэлжлүүлж, ирэх онд бүтээн байгуулалтыг дуусгахаар төлөвлөж байна.

Архангай аймагт Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замаас Хорго, Тэрхийн цагаан нуур хүртэлх 13 км хатуу хучилттай авто зам барих, Хөгжимт драмын театр, Хүүхэд залуучуудын нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх цогцолбор зэрэг 6 төслийг 13,4 тэрбумаар санхүүжүүлэх бол Баянхонгор аймагт Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн хатуу хучилттай авто замын эхний үе шат 54.176 км-ыг барих, зарим сумдад сургууль, цэцэрлэгийн барилгыг гүйцээх зэрэг 12 бүтээн байгуулалтад 43,5 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр улсын төсөвт тусгасан.

Харин Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын гэр хорооллыг шугам сүлжээнд холбох, Арвайхээр-Хужирт чиглэлийн эхний үе шат болох хатуу хучилттай 43.3 км авто зам, Чойр–Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, Арвайхээр-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын эхний үе шатыг хэрэгжүүлэх зэрэг 13 төсөлд 49,9 тэрбумыг төсөвлөөд байна.

Хангайн бүсэд нийт хүн амын 8.4 хувь амьдарч байна. Тус бүс нь хилийн боомтгүй цор ганц бүс бөгөөд эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй юм. Мөн тухайн бүсэд 13.7 сая толгой мал тоологдсон бөгөөд 7000 орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй.