Ж.Золжаргал: Хуульд нийцсэн эсэхийг төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргана гэдгийг илүү нарийн зааж өгмөөр санагддаг
УИХ-ын чуулганы /2025,06,13/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал байр сууриа илэрхийллээ.
Төслийн 3 дугаар зүйлийн 3 дугаар заалт 17.1 дээр судалгаа шинжилгээний байгууллага судлаачаар гэснийг хөндлөнгийн судлаач хуулийн этгээдээр гэж өөрчлөх гэсэн санал орж ирж байгаа юм байна. Хууль санаачлагч өөрөө иргэдийг төлөөлөөд эсвэл нэг салбар төлөөлөөд бас нэг үзэл баримтлалтай консепттэй юм бэлдэж оруулж ирж таарна. Тэгэхээр тэр хүн өөрөө мэргэжилтэн бас зөвлөхдөө юун төлөө ч 126 гишүүн байгаа билүү. Бас тал талаас нь хэлэлцэнэ. Тэгэхээр энэ дээр ингээд нөгөө хөндлөнгийн байгууллага гэж заавал тухайлж оруулахаар хууль санаачлагч өөрөө хийнэ үү, хөндлөнгийн бус хүнээр хийлгэнэ үү, хөндлөнгийн байгууллагаар судалгаа хийлгэнэ үү гээд ажил хийж байгааг нь яаж хийхийг нь зааж өгч байгаа юм шиг агуулга уншигдаад байх юм.
Энэ дээр Ажлын хэсэг нэмж тайлбар өгөөч. Хоерт,УИХ-ын дэгийн тухай хуулийн 33.1 дээр Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар Ерөнхий сайд санал гаргаад Их хурлаар яаралтай хэлэлцэх талаар зохицуулалт байдаг. Энэ Хууль тогтоомжийн тухай хууль дээр хуульд заасан шаардлагыг биелүүлж байгаа эсэх талаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргана л гэсэн. Ийм ганц л хязгаар зохицуулалттай. Тэгэхээр бараг л дурын хуулиудыг яаралтай горимоор оруулж ирэх нэг ийм нөхцөл бүрдчихээд байгаа.
Түрүүчийн парламент дээр 45 хуульд яаралтай горимоор баталсан гэсэн, энэ парламентын статистикийг олж хараагүй байна. Маш том асуудлууд яаралтай орж ирээд баярын өмнөх шөнө шахдаг. Иймэрхүү юмнуудыг Дэгийн хууль дээр л орох байх. Гэхдээ энэ хууль тогтоомжийн хууль дээрээ энэ хуульд нийцсэн эсэхийг төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргана гэдгээс арай илүү нарийн зааж өгмөөр санагддаг юм. Энэ тал дээр ажлын хэсэг та бүхэн ярилцсан уу.

Сэтгүүлч