2025.05.28

Ц.Идэрбат: Баялгийн сан амилах ёстой. Том бүлэглэлийн эсрэг зоригтой тэмцэх Л.Оюун-Эрдэнэ шиг Ерөнхий сайд гарч ирэхгүй!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "хамтарсан Засгийн газрыг ажиллуулахгүй бол өөрөө огцрох өргөдлөө өгнө" гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараад байгаа.

Албан ёсоор эцийн шийдвэр гараагүй байгаа энэ цаг үед Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, Баялгийн сан амилах ёстой. Л.Оюун-Эрдэнэ шиг бүлэглэлийн эсрэг зоригтой тэмцэх Ерөнхий сайд гарч ирэхгүй гэдгийг тодотгосон юм. Түүнчлэн Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эх орны баялгийг улстөр тойрсон тодорхой тооны томоохон бүлэглэлүүд эзэмшиж байгаагийн эсрэг зогсож байгаа хүн бол Л.Оюун-Эрдэнэ. Нөгөө талдаа баялгийн санг уухайлан дэмжиж, саналаа өгсөн олон мянган иргэдийг итгэлийг хөсөрдүүлж болохгүй гэдэг байр суурийг илэрхийллээ.  

баялгийн эзэн хэн байх вэ гэдэг том тэмцэл өрнөж байна

Тэрбээр, Бид чинь ардаа олон мянган иргэдийг төлөөлж байгаа хүмүүс. Тухайлбал, Бид Зүүн бүсийн олон мянган иргэдийн итгэлийг хүлээн, парламентад сонгогдсон гишүүд. Сонгогчдын зүгээс "танай намд яг юу болоод байгаа юм, Танай нам яагаад намын дарга, Ерөнхий сайдаа шахаад байгаа юм" гэх мэт олон зүйлсийг маш ихээр хэлж байна. Өнөөдөр улс орны хувьд маш чухал цаг үе тохиож байна. Товчхондоо баялгийн эзэн хэн байх вэ гэдэг том тэмцэл явж байна. Бид асар их баялагтай улс. Энэ баялгийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд ард түмэнд биш тухайн үеийн хууль тогтоомжоор авсан хэдэн ААН-үүд дээр оччихсон нь нууц биш!Тиймээс энэ баялгийн эзэн ард түмэн байхуу, ААН-үүд байх уу эсвэл ААН-үүдийг тойрсон улс төр, бизнесийн томоохон бүлэглэлүүд байх юм уу гэдэг том сонголтын өмнө бид ирлээ.

баялгийн санг дэмжиж, уухай түрэн хашхирч байсан монгол хүний итгэлийг хөсөрдүүлж болохгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "ард түмэн баялгийн эзэн байх ёстой" гэдгийг сонгосон. Энэ амлалтаа бодит ажил хэрэг болгохын тулд маш чухал шийдвэрүүдийг гаргасан. Энэ хэрээрээ асар том бүлэглэлүүдийн эсрэг сөрөн зогсож байгаа. Тойруулж яриад яах вэ, шулуухан л хэлье. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг огцрууллаа гэхэд дараагийн Ерөнхий сайд баялгийн хуваарилалт дээр хэний талд байж чадах хүн гарч ирэх юм. Монгол Улсын хамаг л мөнгө төгрөгтэй том бүлэглэлүүдийн эсрэг зоригтой дуугарч гарч ирэх аавын хүү "хэсэгтээ л гарч ирэхгүй". Яахав олон жилийн дараа гарч ирж магадгүй. Гэхдээ тэр үед монголчууд баялаггүй болчихсон байх магадлалтай. Уул уурхай гэдэг чинь ухагддаг, шавхагддаг эд шүү дээ. Тиймээс УИХ дээр энэ асуудал орж ирвэл Ерөнхий сайдыг огцруулахгүй тал дээр саналаа өгнө. Миний хувьд баялгийн хуваарилалт дээр ард түмний төлөө байна. Нөгөө талдаа биднийг сонгосон олон мянган иргэд 2024 оны сонгуулиар МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр тэр дундаа баялгийн санг маш ихээр дэмжиж, уухай түрэн хашхирч байсан монгол хүний итгэлийг хөсөрдүүлж болохгүй гэв.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан