
Ж.Золжаргал: ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ХҮССЭН ШИЙДВЭРЭЭ ГАРГУУЛДАГ ЗАСГИЙН ГАЗАР БАЙХ НЬ ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ УСТГАХ ЭРСДЭЛ МӨН
Огцрох амархан жагсаал 15 дахь өдрөө үргэлжилж байна. Үр дүнгээ үзэж, зорилгоо биелүүлэх хүртлээ жагсана хэмээн мэдэгдээд буй залуустай нэгдэж, тэдний үйлсэд хүч нэмэн байр сууриа зоригтойгоор илэрхийлж, Хамтарсан Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан УИХ-ын цөөн хэдэн гишүүдийн нэг нь Ж.Золжаргал юм.
Тэрбээр "Парламентын 90 хувь нь нийлээд хамтарсан засаг байгуулчихаар Засгийн газар нь парламентынхаа дээр гарчихдаг, Засгийн газрын тэргүүн нь УИХ-ыг чиглүүлдэг болчихдог юм байна. Сайд нар нь өөрсдөө гишүүд, тэднийг дэмждэг хүрээлэл, фракциуд нийлээд Засгийн газар хүссэн шийдвэрээ УИХ-аар гаргуулж чаддаг ийм нөхцөлд бид ажиллаж байна" хэмээн тайлбарлав.
Уг жагсаалыг олон өнцгөөр тодорхойлж, шүүмжилж буй. Харин УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын хувьд залуучуудыг тууштай, органикаар жагсаж, үзэл бодлоо илэрхийлж байгаад бахархал төрж байгаагаа нуулгүй хэлж байлаа.
Жагсагчдын дийлэнх нь 90-ээд оныхон байгаа нь өмнөх нийгмийн үзэл санаа, баригдмал байдал үйлчлэхээ больсны илрэл мөн. Цаашдаа ийм хандлагатай залуусын эзлэх хувь нэмэгдэх нь дамжиггүй. Тиймээс массаар нь хуйлруулах, олон нийтийг улс төрийн үзэл суртлаар тархиыг нь угаах арга технологиудын нөлөөлөл багасах нь илэрхий юм.
Гэвч Хамтарсан Засгийн газар огцрох нь эсрэгээрээ ЭЗ, засаглалын тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй байгаа үзэл санаа нийгэмд хүчтэй нөлөөлж байгаа тал дээр "Ямар ч тохиолдолд хүссэн шийдвэрээ гаргуулж чаддаг олох байх юм бол эсрэгээрээ энэ парламентын ардчиллыг устгах эрсдэл мөн. Тиймээс бүгдээрээ нийлсэн Хамтарсан Засаг байхгүй бол парламент тогтворгүй болох биш харин эрүүлээр мэтгэлцдэг, зарим асуудалд зөвшилцдөг, тохиролцдог, хаалга савдаг, эсэргүүцдэг ийм амьд парламент болж хувирна" гэв.
Мөн одоогийн парламент олон асуудал дээр мэргэжлийн байдлаар хандаж, нарийн асуудлуудыг гарган тавьж чадаж байна. Ийм парламентыг Засгийн газар хайрцаглахаас л сэргийлэх хэрэгтэй. Сонгуулийн холимог тогтолцооны хувьд шинэ парламент ажиллаж эхлээд ганцхан жилийн нүүр үзэж байгаа тул бид үр ашгийг нь хангалттай үзээгүй байна. Үүнийг зөв буруу гэж дүгнэх цаг болоогүй. 2-3 сонгуулийн дараа намууд нэр дэвшигчдээ байршуулахдаа боддог, сонгогчид ч хэрсүү болох биз. Би хувьдаа олон талын давуу талтай гэж боддог. 2012 оноос хойш энэ тогтолцоогоороо явсан бол өдийд нэлээд төлөвшиж, урагш явчихсан байх биз хэмээн үзэл бодлоо хуваалцсан юм.

Сэтгүүлч