Н.Алтанхуяг: Хоёр хүний саналыг үндэслэж татварыг 3-5 дахин нэмсэн гэхээсээ ич
2025.06.12

Н.Алтанхуяг: Хоёр хүний саналыг үндэслэж татварыг 3-5 дахин нэмсэн гэхээсээ ич

Төсвийн байнгын хорооны өнгөрсөн мягмар гаригийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -2012 оноос хойш авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой татварыг шинэчилж чадаагүй. Гэтэл жил болгон зам тавих шаардлага үүсдэг. Холбогдох татварыг шинэчлэхгүй байхаар автобусаар зорчдог, дугуй унадаг иргэдээс бүрдүүлдэг бусад албан татвараас авто замыг барих нөхцөл байдал үүсээд байгаа юм. Гэтэл энэ нь хэрэглээнд суурилсан татваруудын нэг. Автотээврийг хэрэглэж байгаа бүх хүмүүсээс татвар аваад замыг нь засдаг, тавьдаг энэ тал руугаа явахаас өөр аргагүй. Бид аль болох хэрэглээнд суурилсан татварыг нэмэгдүүлж байж, тэрийгээ зориулалтаар нь ашигладаг байх нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Б.Түвшин: -Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ шийдвэрийг гаргахдаа иргэдээс санал хүсэлт, иргэдийн оролцоо, хэлэлцүүлгийг дутуу хийсэн.

Ажлын хэсгээс үүнийг гүйцээх чиглэл өгсөн гэж ойлгох нь зөв үү. Эл татварт нийт хэдэн иргэн, хэчнээн тээврийн хэрэгсэл хамрагдаж, хэр хэмжээний хөрөнгө цугласан, зарцуулалт, үр ашиг нь хэр байгааг мэдмээр байна.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: -Бид бүх автозамуудыг хамруулсан судалгаа хийж байгаа. 2022 онд лазер хэмжигч багажаар Зам тээврийн хөгжлийн төвөөс түрээслээд автозамуудад судалгаа хийсэн. Судалгаа хийхэд, нийт автозамын 82.2 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа гээд 10 жилийн дараа гэхэд манай нийт автозамын бараг 95 хувь нь чанарын шаардлага хангахгүй болно.

УИХ-ын гишүүн Х.Болормаа: -Монгол Улсын хүн амын 50 хувь нь нийслэл хотод амьдардаг бөгөөд, тэдний саналыг авах нь маш чухал байдаг. Гэтэл татвар нэмэх талаар санал авсан эсэх дээр нийслэлийн асуудал хариуцсан албан тушаалтнуудаас бүрэн дүүрэн хариулт авч чадсангүй.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: -Ulaanbaatar.mn цахим хуудаст зарлалыг байрлуулж, иргэдийн саналыг авсан. Хоёр санал ирсэн байна. Харин иргэдээс татвар нэмэгдүүлэх эсэх талаар тухайлсан хэлэлцүүлэг явуулаагүй байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: -Нийслэлийн автозамын дүрэм зөрчиж буй жолооч нарын хариуцлагыг чангаруулах, ур чадвар сул жолооч бэлтгэж буй жолооны сургалтын төвүүдийг цэгцлэх зэргээр инженерийн шийдэл хайлгүй, ард түмний амьдрал хүнд байхад татвар нэмэх асуудлыг шууд оруулж ирэх нь буруу.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: -Нийслэлд 1.7 сая иргэн бий. Бүртгэлтэй машин нь 800 гаруй мянга. Түгжрэл бол машин хэт ихэссэнтэй холбоотой. Нийтийн тээврийн хэрэглээ 20 хувиар буурсан. Автобусанд 1000 төгрөг төлөөд зорчиж байгаа иргэн приус автомашин худалдан аваад шатахуунаа худалдан авч хэрэглээд явж байгаа хоёрыг харьцуулбал автобусанд суусан хүн нь сард илүү мөнгө төлж байна. Автомашинтай хүн нь нийтийн тээвэр хэрэглэгчээс хямдхан зардлаар буюу жилд 20.000 төгрөгийн татвар төлж байгаа. Тэгэхээр хэн автомашинаа болиод нийтийн тээвэр сонгох юм бэ. Байгаа мөнгөн дээрээ ББСБ-д иргэний үнэмлэхээ барьж очоод л зээл гаргуулаад авна. Ингээд машин зээлээр аваад, таксинд явж байгаад зээлээ төлчихнө. Тэгээд жилд 20.000 төгрөгийн татвар төлөөд явж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -УИХ-ын гишүүд хуулийн хүрээнд асуудал ярьж байхад загнаад байж болохгүй. Чи уучлалт гуйх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Да.Цогтбаатар: -Ерөнхийлөгч хэдхэн хоногийн өмнө “Хүн биш, хууль засагладаг улс байна” гэж хэлсэн. Гэтэл энд таван төлгөн коммунист суучихсан, хотын гудамжаар хүн загнаж явдаг саарал хувцастай дарга шигээ болчихжээ, та нар. Иргэдтэйгээ ямар ч харилцаа байхгүй. Хүн болгон Улаанбаатар.мн сайт руу орж та нарт санал өгөөд сууж байх уу. Та нар иргэнгүй Хүннү, Хархорин хотдоо очиж ажиллавал таарна. Та нараас иргэдээ машинтай байлгая, аз жаргалтай хотод амьдруулъя гэдэг сэтгэл гарахгүй байна. Та нарт загнуулах гэж энд орж ирээгүй. Иргэд яахаараа та нараас асууж байж машин унах ёстой юм бэ. Э.Бат-Үүл дарга цэцэг алагласан хот хүлээлгэж өгсөн. Одоо хаана байгаа юм. Бүгдээрээ түгжрэлтэй, стресстэй, утаандаа хордож үхэж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: -Нэг л их мега төсөл ярьсан хүмүүс. Хүмүүсийнхээ аж байдлыг хар л даа. Энэ их мөнгөөр ажил явдаггүй юм, залуучууд аа. Ажил хийхэд сэтгэл хэрэгтэй шүү. Хоёр хүний саналыг үндэслэж татварыг 3-5 дахин нэмсэн гэхээсээ ич.

Ингээд ажлын хэсгээс боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд Улсын Их Хурлын Тамгын газраас эрх зүйн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэлээ.