2025.06.19
Б.Энхбаяр: Дээд шүүхээс хэргийг буцааж, хугацаагүйгээр хүнийг хэлмэгдүүлдэг явдлыг 20 гаруй жил тэмцсэний эцэст арай чүү хязгаарласан
УИХ-ын /2025.06.19/-ний өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үг хэлж, асуулт асуулаа.
О.Алтангэрэл сайдын өргөн барьсан ЭХХШТХ-ийн төслийг бид хэлэлцэж байгаа. Сайд өөрчлөгдсөн учраас ЗГ, сайдаас асуух боломжгүй байна. Ажлын хэсгээс, П.Сайнзориг гишүүнээс асууя аа. П.Сайнзориг гишүүн сайн ажилласан байна. Ажлын хэсэг сайн ажилласан байна.
Би сайн ажилласан гэдэгт нэг зүйлийг тодотгож хэлэх гэж байгаа нь энэ хуулийн төсөлд Х.Тэмүүжин бид нар 20 гаруй жил тэмцээд арай чүү ард нь гарсан. Дээд шатны шүүхээс доод шатны шүүх рүү чиглэл өгдөг, буцаадаг, хугацаагүйгээр хүнийг хэлмэгдүүлдэг энэ хонгилыг нураах хүрээнд хэргийг прокурорт буцаах үндэслэлийг хязгаарласан юм. Үүнийг 3 удаа хуульд хүчингүй болгосон, буцаахгүй болгосон, 3 удаа сэргээсэн. Хонгилынхон парламентад нөлөөлж, хамгийн сүүлд нам үл харгалзаад Б.Пүрэвдорж Ц.Сандаг-Очир бид 3 санаачлаад одоо манай энэ Д.Цогтбаатар байнгын хорооны дарга ажлын хэсгийг нь ахлаад манай Бетон Ганбаа ах өөр хэн орлоо? Ингээд 3 гишүүн, намуудын төлөөлөл ороод МАН, АН-ын дэвшилтэт гишүүд санал нэгдэж 2023 онд шүүхээс хэргийг буцаадаг явдлыг хязгаарласан. Тэгэхдээ зарим тохиолдлоор хэргүүдийг одоо хүртэл шүүх буцаагаад л байгаа. Буцаагаад байгаагийн үйлчлүүлэгч нь энэ танхимд бас бий. Н.Алтанхуяг Б.Найдлаагаас эхлээд хэрэг нь Дээд шүүхээс буцчихсан хүмүүс байгаа. Ганц л зарчим барьж байгаа. Гэм буруутай бол нотол, ялаа өг, гэм буруу нь нотлогдохгүй бол цагаатга, хүчингүй болго. Шүүх нь Мөрдөх алба болон прокурорын дутуу хийсэн ажлыг гүйцээдэг байгууллага биш. Мөрдөн шалгах нотлох баримтыг цуглуулдаг газар биш. Мөрдөгч прокурорын шүүхэд авчирсан хэргийн үйл, баримтын хүрээнд шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл харамсалтай нь манай Аагий сайд хэргийг прокурорт буцаах гэдэг энэ 33.30 3 дахь заалт дээр 1.4 гээд энэ процессын ажиллагааг бүрэн хийгээгүй буцаана гэдэг заалт оруулж ирсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл мөрдөгч прокурорын дутуу хийсэн ажиллагааг шүүх гүйцээх, энэ үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн заалт оруулж ирсэн. Үүнийг П.Сайнзориг илрүүлээд, үнэт зүйл зарчмынхаа талд зогсож үүний хасах санал энэ ажлын хэсгээс оруулж санал хураалгах гэж байна. Тийм учраас би дэмжиж байна. Ажлын хэсэг дээр энэ талаар юу гэж ярилцаж, яаж шийдсэн бэ гэдгийг хууль санаачлагч өөрчлөгдсөн учраас би ажлын хэсгийн ахлагчаас асууя.
Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч П.Сайнзориг хариуллаа.

Сэтгүүлч