2025.06.19

Ц.Мөнхбат: Айлгах, сандаргах, хөтлөх гээд янз бүрийн асуудлаар үг унагаж хэрэг болгоод явдаг. Өмгөөлөгчтэй байх тухай асуудлыг тусгах уу?

УИХ-ын чуулганы /2025.06.19/-ний өдрийн хуралдаанаар  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл хэлэлцлээ.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат:

УИХ-аас хүн төвтэй хүний эрхийг хангасан хууль тогтоомжуудыг гаргах чиглэлээр түлхүү их санаачилга гаргаад ажиллаж байгаа. Энэ хүрээндээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бол хүний эрхийг хангах тал дээр нэлээн сайжирсан өөрчлөлтүүд орж байгаа гэж ойлгосон.

Нэгдүгээрт, Ажлын хэсгийн ахлагчаас 1 зүйл асууя. 2.7 дахь заалт дээр энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу хуулбарлан авах зорилгоор зураг, дуу дүрсний бичлэгийн болон бусад техник хэрэгсэл ашиглана гэж байгаа. Үүн дээр мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаад дууссаны дараа хэргийн материалуудтай оролцогч холбогдогч нар танилцдаг. Ингэхэд гар утсаараа хуулбарлаад бичээд авч болно гэж ойлгох уу эсвэл юуг хэлж байгаа юм. Үүнийг илүү тодорхой хэлж өгнө үү.

Хоёрдугаарт, 16.3 дугаар зүйлийн 10, 11, 12 дээр гэрчээр мэдүүлэг авч байх үед гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрвэл мэдүүлэг авах ажиллагааг зогсоож, сэжигтнээр мэдүүлэг авах ажиллагааг энэ хуульд заасны дагуу явуулна гэх. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөлөгч авахад хэрэгт оролцогч өөрийнхөө сонголтоор аваад байгаа юм. Нэг бол авч болно эсхүл авахгүй байж болно гэдэг. Энд ер нь заавал авна гэдэг зүйл оруулж болох уу? Хуульч гишүүдээс тодруулж байна. Мөрдөн шалгах байгууллагууд бол ялангуяа албан тушаалтнуудтай холбоотой хэрэг шалгаж байх явцад бол мэргэжилтэн доод тушаалын албан тушаалтнуудаас мэдүүлэг байцаалт авдаг. Ингэхдээ айлгах, сандаргах, хөтлөх, янз бүрийн асуудлуудаар үг унагахыг оролддог. Тэр унагасан үгийг хэрэг болгоод явж байгаа тохиолдлууд байгаа. Тэгэхлээр заавал өмгөөлөгчтэй байна гэдэг ийм асуудлыг тусгаж болох уу?

Гуравдугаарт, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров Ерөнхийлөгчөөс нэг зүйл асууя. Танайх өмгөөллийн төв байгууллага. Хууль хяналтын байгууллагууд, өмгөөллийн байгууллагууд хоорондоо мэтгэлцээний эрхийг хангах эрхийг нээж өгөх тал дээр хуульд хэрхэн өөрчлөлтүүд орсон. Танай байгууллагаас оруулсан саналууд хуулийн өөрчлөлтөд бүрэн дүүрэн тусаж чадсан уу үгүй юу?

Түүний асуултад, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров хариуллаа.