2025.06.25

Ц.Идэрбат: Цомхотголыг ажилчдынхаа тоог мэдэхээ больтлоо томорчихсон яамд, агентлагуудаас эхлэх нь зөв

УИХ-ын чуулганы /2025.06.25/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Төрийн аливаа шийдвэр гэнэтийн баймааргүй байна. Гэнэтийн шийдвэрүүд ард иргэдэд ямар их хүндрэл учруулдгийн тод жишээ нь тэтгэврийн зээлийн асуудал. Ямартай ч нэг жил нь хоёр жил боллоо. 470-ыг авч үлддэг нь 50/50 хувь боллоо. Гэсэн ч ахмадууд шаардлага тавьсаар байна.

Цомхотголын асуудал яригдаад байгаа. Цомхотгол гэнэт хийгдэнэ гэдэг нь үүний цаана хүн байгаа. Орон нутагт албан бичиг очоогүй ч байгууллагуудаас нь мессэж очоод байгаа юм билээ. Манай байгууллагаас тэдэн хүн хас, нэрсийг нь явуул гээд. Ямар азгүй нь тэр нэрсийн дунд орж амьдрал ахуй нь хэцүү байдалд орох вэ? Цомхотголыг эхнээс нь ингэж хиймээргүй байна. Аймаг, сумдын Тамгын газар, сургууль, цэцэрлэг бүгд хатуу орон тоотой. Толгой мэдэж хүн нэмсэн дарга нэг ч үгүй. Харин хаана замбараагүй байдал үүсдэг вэ гэвэл яамдынхаа ажилчдын тоог мэдэхээ больтлоо томорчихсон, агентлагууд нь томорчихсон эдгээр газруудаасаа эхлээсэй гэж бодож байна. Орон нутагт хатуу тоо тавиад л, 9 хүн хасаарай, нэрийг нь явуул гээд яаруулаад байна гэж байна. Иймэрхүү гэнэтийн цомхотгол битгий байгаасай.

Төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмжийн асуудал төсвийн хэмнэлтэд битгий ороосой гэж хүсэж байна. Үүнийг чинь авах гэж сүүлийн 10 жил гүрийгээд ажиллаж байгаа төрийн албан хаагч нар олон байдаг юм шүү. Аливаа юмыг засах гэж байгаа бол хэзээнээс эхэлж, хэрхэн яаж уян хатан явахыг тодорхой болгож байхгүй бол нэг л өдөр тас буугаад хорьчхож болохгүй. 

Баялгийн сангийн асуудлыг Засгийн газрын бүтцээс хэн хариуцах вэ? Би чуулганы хуралдаан дээр Баялгийн сангийн асуудлыг хэн нэгэн Бэт гэдэг хүнээс биш, Засгийн газрын тодорхой сайд, болж өгвөл Ерөнхий сайд нь улиралдаа танилцуулж байгаач ээ гэсэн хүсэлт тавьсан. Энэ бол аль нэг салбар биш нийт монголын ард түмний эрх ашиг энд яваа.

Түүний асуултад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт хариуллаа.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн