2025.06.27

Ж.Батжаргал: Эдийн засгийн агшилтаа дагуулан төсвөө хэт базах нь инфляц нэмэгдэх нөхцөл болдог

УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн хуралдаанаар Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг хуулийн төслийг дэмжиж УИХ-ын гишүүн Ж.Батжаргал үг хэллээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2026-2027 оны төсвийн төсөөлөл мөн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 27, 28 оны төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдаж орж ирсэн. Үзэл баримтлалынх нь хүрээнд хэлэлцэхийг нь дэмжиж байгаа. Бид сүүлийн он жилүүдэд улс орныхоо эдийн засгийг нэг салбар дээр бараг тухайлсан нэг эрдэс дээр хэт их дулдуйдаж явсан нь энэ. Дэлхийн улс орнууд өөрийнхөө улс төрийн нөлөөлөл эдийн засгийн чадамжаа хадгалах зорилготой. Дотоодынхоо зах зээлийг хамгаалах, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, улмаар өөрийнхөө бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлийн хэрэглээг нэлээдгүй хэсгийг нь хангах гэсэн энэ их том өрсөлдөөний гол шалтгаан болж гарч ирж байгаа. Тарифын хязгаарлалтын асуудал Монгол Улсад сүүдрээ өгч гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүд, эрдсийн үнэ дэлхийн зах зээл дээр эрс буурч байна. Үүнээс улбаатайгаар төлөвлөгдсөн орлогууд таашгүйгээр, таамаглашгүйгээр буурч байна л даа. Тийм учраас бид энэ нөхцөл байдалд урьдчилан багцаатай харж, хязгаарлалт зохицуулалтуудаа зөв хийж байж эрсдэлийг аль болохоор бага хохирол, хүндрэлтэй даван туулах ёстой. Энэ бол улс үндэстний эрх ашиг аа. Тийм учраас би төсвийн хүрээний мэдэгдэл төсөөллүүдийг урьдчилан таамаглагдаж байгаа энэ нөхцөл байдалтай нь уялдуулж өөрчлөн, түүнийгээ дагуулж өөрсдийнхөө бодит нөөц боломж дээр тулгуурлаж зохицуулалтын арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Ингэж байж улс үндэстний эрх ашиг хангагдах ёстой гэж үзэн дэмжиж байгаа гэдгийг зориуд хэлмээр байна гэж.

Хоёрдугаарт, дэлхийн зах зээл дээрх үнийн бууралт, нөлөөллүүд бидний эдийн засгийн өсөлтөд ч их тодорхой нөлөө үзүүлж байгаа. Эргээд энэ эдийн засгийн агшилтаа дагуулаад төсвөө хэт базвал эдийн засаг улам агшиж, үүнийг дагаад үндсэндээ инфляц өндөрсөх боломж нь бий болно. Тийм учраас төсөв дээрээ бас хязгаарлалтаа хийж, тодорхой орон зайг нь гаргаж бодит эдийн засаг гэдэг юм уу, эдийн засгийн салбараа тэтгэх тийшээгээ чиглэгдэх, хөрөнгийнхөө эргэлтийг нэмэх замаар л шийднэ гэж харж байна. Тиймээс төсвийн хүрээний мэдэгдэл төсөөллөө баталж авч, төсөвтөө тодотгол хийж ажлаа зөв зохицуулж явах нь зөв өө. Тэгэхдээ бодит байдлаа их зөв харах ёстой. Өнөө нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэдэг байж таарахгүй. Төсвийн тодотгол түүнийг дагасан хуулиуд дээр бодлого болоод ойлголтын нэгтгэлүүд хийж байж явахаар зүйлүүд олон байна. Тиймээс би гишүүдийгээ төсвийн хүрээний мэдэгдэл төсөөллүүдийнхээ хуулийн төслийг дэмжиж саналаа өгцгөөхийг уриалж байна аа.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн