2025.07.03

С.Эрдэнэболд: Үндэсний Их баяр наадмынхаа тодотгол, чимгийг нь өөрчлөх нь ямар үнэ цэнтэй вэ?

УИХ чуулганы /2025.07.03/-ны өдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор С.Эрдэнэболд гишүүн асуулт асуулаа. 

Нэгдүгээрт,

Монголын тулгар төр гэсэн ойлголт байгаа. Бид 1962 онд Их Эзэн Чингис Хааны 800 жилийн ойг тэмдэглэх тухай нэлээн хөдөлж байсан. Үүний улмаас хэлмэгдүүлэлт болж байсан. Ингээд 1990 он гараад нууц товчооны ой болоод ардчилсан хувьсгал өрнөөд 2009 оноос эхлээд түүхэн үйл явдлуудад хүндэтгэлтэй хандах, байгаа чигээр нь өвийг авч үлдэх зэрэг зүйлс явж байсан. 2012 оноос эхлээд тулгар төр Хүннү гүрний НТӨ 209 оноос тоолоод байдаг. Археологийн судлагдахуун олдворууд дээр үндэслээд маш олон улсын улс төрийн цаад бодлого нь Монгол ойлголтоор Алтан аргамжийн бодлого нь төрт улсынхаа өв соёл, түүхийг уртасгах хандлагатай байдаг. Тэр утгаараа археологийн, бичмэл өв, Монгол хатны зургийн өв зэрэг дээр үндэслээд Тулгар төр гэдэг ойлголтыг цааш үргэлжлүүлж, уртасгах ямар боломж байдаг вэ? 

Хоёрдугаарт, 

2000-аад жилийн түүх бол хүн гүрний хүн төрөлхтний өв гэдгээр нь тусад нь авч үзэх шаардлагатай юу?    

Гуравдугаарт, 

12 жилийн хугацаанд Ардчилсан хувьсгалын ойг тодорхой оруулаад  яваад байдаг байсан. Сүүлд нь хасагдсан. Бид аль болох өнгөрсөн түүхэндээ хүндэтгэлтэй хандах, улс төржүүлэхгүй байх, ялангуяа 20 дугаар зууны түүх буюу 1911 оны эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан үйл явдал, 1921 оны үйл явдал, 1961 оны Нэгдсэн Үндэсний байгууллагад квоттой болсон үйл явдал, 1989, 1990 өрнөсөн Ардчилсан хувьсгалын үйл явц гээд эдгээрийг оролдохгүй баймаар байна. Саяхны жишээ гэхэд л нэг нам олонх болонгуутаа Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгодог. Дараа нь цөөнх болонгуутаа буцаад Сүхбаатарын талбай болдог. Аль нам засгийн эрхэнд байгаагаас хамаарч төв талбайгаа нэрийг нь өөрчилдөг ч гэдэг юм уу? Үндэсний Их баяр наадмынхаа тодотгол, чимгийг нь өөрчилдөг ч гэсэн юм уу энэ байдалдаа цэг тавих ёстой юм шиг байгаа юм. Энэ талаар уг хуулийн төсөл дээр Монгол түмний бахархал, өв соёл, уламжлал Монголыг төрт ёсны амьд халуун дархлааг хуулиар шинэчлэн тодорхойлон оруулж ирэх гэж байгаа бол энэ талаар зохицуулалтууд яаж орж ирж байгаа вэ? Энэ нь цаашлаад ямар үнэ цэнтэй вэ? Мөн үндэсний эв нэгдэл, Оюун санааны тусгаар тогтнол, цаашлаад ирээдүйд чиглэсэн үнэ цэнийг бүтээх ямар ач холбогдолтой вэ? Хуулийн үнэ цэнэ ямар тусгалтай вэ? 

Түүний асуултад хууль санаачлагч Б.Жаргалан гишүүн хариуллаа.