2025.07.02

С.Эрдэнэболд: Агаар орчны бохирдлын асуудлыг Улсын Их Хуралд дэд хороо байгуулж авч хэлэлцэхгүй бол улс оронд хохирол учраад байна

УИХ-ын чуулганы /2025.07.02/-ны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, О.Цогтгэрэл, Б.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Х.Булгантуяа нарын хуулийн төслийн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг НЭГТГЭН анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор С.Эрдэнэболд гишүүн асуулт асуулаа.

Өнөөдөр 2025 оны 07 сарын 02-ний өдөр. 126 гишүүнтэй парламент байгуулагдаад 365 хоног буюу 1 жилийн ой болж байна. Энэ бол маш чухал өдөр буюу юу хийсэн, цаашдаа бид юу хийх вэ? Гэдгийг бодож тунгааж, цэгнэх ёстой өдөр гэж харж байна. Нэршлийн хувьд зөрүү байна гэж харж байгаа. Хуулийн төсөлд “Агаар орчны бохирдлын дэд хороо” гэж заасан. Санаачлагчдын тайлбарт  “Агаар орчны бохирдлын дэд хороо” гэсэн байна. Энэ нь таслалтай, таслалгүйгээрээ утга зүйн хувьд хоёр өөр зүйл болж байгаа юм. Үүнийг нэг мөр засахгүй бол логикийн зөрчил үүснэ. Үүнд тайлбар авъя. 

Хоёрдугаарт,

Чиг үүргийн хувьд зөрүү байна. Хуулийн төсөлд тус дэд хорооны чиг үүргийн бодлого, зохицуулалтын болон хууль хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг гэж өргөн хүрээтэй заасан. Санаачлагчдын тайлбарт зөвхөн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих гэж хязгаарлагдмал шинжтэй тусгасан байгаа юм. Энэ нь дэд хорооны чиг үүргийг тодорхойгүй болгож болзошгүй юм гэж харж байгаа. 

Гуравдугаарт, 

Хуулийн төсөл дахь зарим зохицуулалт хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын холбогдох байгууллагын чиг үүрэгтэй давхцалтай байна гэж харж байгаа. Тухайлбал, төслийн 27.5.1-т агаар орчны бохирдлын дэд хороо нь улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаар бодлого зохицуулалт хийнэ гэсэн заалт дахь “Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд бодлого зохицуулалт хийнэ” гэсэн нь УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй байнгын хороо болон “Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага”-ын чиг үүрэгтэй давхцах шинжтэй байна гэж харагдаж байна. Агуулгыг бол дэмжиж байгаа. 02 сарын 03-аас 04-ний хооронд утааны сонсголыг 3 тусдаа бие даасан дэд сонсгол, томоохон сонсгол хийсэн.

Энэ нь агаар орчны бохирдлын асуудлыг УИХ-д дэд хороо байгуулж нэг мөр авч хэлэлцэхгүй бол сагсны бөмбөг шиг нааш цаашаа явсаар байгаад эзэн бие байхгүй, хариуцлага байхгүй улс орон үхэж үрэгдээд, улс оронд хохирол учруулаад байгаа. Тэр утгаараа агуулгыг бүрэн дэмжиж байгаа. Харин дээрх зүйл дээр тодруулга авъя.

 Түүний асуултад Б.Баярбаатар болон Х.Тэмүүжин гишүүн нар хариуллаа.