Г.Баярсайхан: Дэд хорооны гишүүд дэмжвэл хөрөнгө орлогын мэдүүлэгт мониторинг хийнэ
2010.06.29

Г.Баярсайхан: Дэд хорооны гишүүд дэмжвэл хөрөнгө орлогын мэдүүлэгт мониторинг хийнэ

УИХ дахь Ёс зүйн дэд хороо ирэх долоо хоногт хуралдахаартөлөвлөсөн байна. Энэ талаар тус хорооны дарга УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас тодруулав. Ес зүйн дэд хороонд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Н.Энхболд, Су.Батболд, Ц.Мөнх-Оргил, Д.Энхбат, Г.Баярсайхан нар байдаг юм.

-Ёс зүйн дэд хорооны хурал хэзээ болох вэ. Өдрөө товлосон юм уу?

-Ирэх мягмар гаригт хурлаа хийхээр товлосон байгаа.

-УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн асуудлыг хэлэлцэх юм уу?

-Бид төлөвлөгөөгөө батлаад ажлаа эхэлнэ. УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт мониторинг хийх шаардлагатай талаар ЁС зүйн дэд хорооны гишүүдээс caнал ураагаад дэмжсэн тохиолдолд хийнэ. Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг аваад дэд хорооны сейфэнд хадгалсан байгаа. Шаардлагатай гэвэл мониторинг хийхэд бэлэн гэсэн үг. Үүнийг хийхдээ аудитын газраар уу, гадны шинжээчдээр хийлгэх үү гэдгээ хурлаараа шийднэ.

-Ер нь гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт мониторинг хийх болов уу. Ёс зүйн дэд хорооны даргын хувьд та юу гэж бодож байна?

-УИХ өөрөө хамгийн тунгалаг байх ёстой байгууллага. Тэгэхээр манай гишүүд энэ асуудлыг нэг их цааргалахгүй болов уу гэж бодож байна. Авлигатай тэмцэх газрынхны судалгаагаар хамгийн их авлига авдаг нь төрийн байгууллагууд гэж гарсан байсан. Тэр дунд УИХ-ын гишүүдийн нэр ч явж байна гэсэн. Тэгэхээр манай дэд хороо тодорхой ажил явуулна. Манай дэд хороо ажил хийхдээ хэлбэрдэхгүй.

-Та аль дэд хороог хэлбэрдэж байна гэх гээд байна?

-Гадуур янз бүрийн шүүмжлэл их байна шүү дээ.

-УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой өөр ямар асуудлыг дэд хороо шийдвэрлэхээр төлөвлөж байна?

-Энэ хугацаанд манай дэд хороонд хоёр, гурван өргөдөл гомдол ирсэн. Зарим гишүүн нь ёс суртахуунгүй зан авир гаргасан, хоорондоо нударга зөрүүлсэн байдаг. Энэ бүх хоцорсон болгоны хойноос хөөцөлдөнө гэдэг бас учир дутагдалтай. Тиймээс манай дэд хороо ирээдүйн ажлынхаа төлөө урагшаа харж ажиллана.-Ямар гомдлууд ирсэн гэж. Үүнийг ёс зүйн дэд хороо авч хэлэлцэхгүй орхиж байгаа гэсэн үг үү?-УИХ-ын гишүүн Л.Гүндалай Эрүүл мэндийн дэд сайдтай маргасан, Ц.Шинэбаяр гишүүний парламентад орохоос өмнөх бизнесийн маргааны асуудал, гишүүд рекламанд тоглолоо гэсэн гомдлууд бий. Үүнийг тухай бүрт нь гишүүдэд дэд хорооноос анхааруулж байсан. Харин Ц.Шинэбаяр гишүүний бизнесийн маргааны тухай гомдол нь парламентад сонгогдохоос өмнөх асуудал тул энэ асуудлыг Ёс зүйн дэд хороо хэлэлцэх үндэслэлгүй. Үүнээс хойш гишүүдийн ёс зүйтэй холбоотойгоор ирүүлсэн өргөдөл гомдлыг бид тухай бүрд нь хуралдан шийдвэрлэх болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.