Г.Баярсайхан: Анагаахын сургуулиудад эмнэлэг байгуулах эрх нь нээлттэй
2011.04.08

Г.Баярсайхан: Анагаахын сургуулиудад эмнэлэг байгуулах эрх нь нээлттэй

Эрүүл мэндийн тогтолцоог өөрчлөхөөр УИХ-ын гишүүд цэц сорьж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэж, эмч, мэргэжилтэн, эрдэмтэн докторуудын анхаарал хандлаа. Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн хажууд эмнэлэг байх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр зарим гишүүн хурал хаяж эсэргүүцсэн. Гэтэл эмнэлэгтэй байх саналыг оруулсан УИХ-ын гишүүн Г.Баярсайхан өчигдөр саналаа татаж авсан юм. Түүнээс шалтгааныг нь тодрууллаа.


-Эрүүл мэндийн шинжлэх ухааны
сургуулийн харьяаллын асуудлаар хоёр яам өөр өөр байр суурь илэрхийлж, бараг булаацалддаг гэсэн. Эрүүл мэндийн тухай хуульд хэрхэн шийдэж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар дэлхийн олон шинэ стандартыг нийгэмд хөрсжүүлэхээр ажиллаж байна. Үүний нэг нь анагаах ухааны салбарт холбогдолтой буюу зайлшгүй монголчуудад хэрэгтэй, дэлхийн эрүүл мэндийн жишгийг нэвтрүүлэх явдал юм. Энэ тухай асуудлыг Эрүүл мэндийн, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулж өгсөн. Анагаах ухааны салбар өрсөлдөөнтэй байж хөгждөг онцлогтой. Хувийн болон улсын эмнэлэг статусын ялгаагүйгээр эрүүл мэндийн даатгалын мөнгөөр үйлчилгээ үзүүлж, хоорондоо бүх талын өрсөлдөөн бий болгох учиртай. Эрүүл мэндийн салбарын хамгийн гол боловсон хүчин бэлтгэдэг гал тогоо нь яах аргагүй Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль. Уг сургуулийн харьяаллыг Эрүүл мэндийн яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам булаацалддаг л даа. Гэвч ямар харьяанд байх нь чухал асуудал биш. Хамгийн гол нь сургуулиуд өөрөө бие дааж шинжилгээ, судалгааныхаа ажлыг явуулах нөхцөл бий болгож, хангаж өгдөг тогтолцоотой байх нь чухал. Дэлхийд үүнийг "Academic freedom" гэж нэрлэдэг төдийгүй, бүр тусгай бодлогын хэмжээнд авч үзэж, хөгжүүлдэг. Эрдэмтэн, доктор, судлаачид аливаа нэг намын жижиг дарга нараас хамаарч судалгаа, шинжилгээнийх нь ажил зогсоод байхааргүй тийм нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тэгэхээр манай улс Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн бие даасан байдлыг хангаж өгөх шаардлагатай юм. Эрүүл мэндийн боловсрол олгодог гэдэг утгаараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны, мөн хүний эрүүл мэндтэй холбоотой учраас Эрүүл мэндийн яаманд хамаарах асуудалтай тулгардаг нь үнэн. Гэвч сургалт дадлага менежмент төгсөлтийн дараах сургалт энэ бүхнийг хамтарсан менежментээр явуулах нь хамгийн оновчтой хувилбар. Тиймээс хамтарсан менежментээр удирдах тогтолцоог хуульд тусгаж өглөө.

-Сургуулийн хажууд эмнэлэг байх саналыг та оруулсан. Гэтэл Байнгын хорооны хуралдаанаас зарим гишүүн эсэргүүцсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр та саналаа татчихлаа. Ингэх болсноо тодруулахгүй юу?

-Олон улсад эрүүл мэндийн сургууль нь хажуудаа эмнэлэгтэй байдаг. Дэлхийн бүх том анагаахын сургуулиуд хажуудаа түшиц эмнэлэгтэй. Тэр нь сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, туршилт гээд бүх хөтөлбөрүүдээ эмнэлэг дээрээ явуулах бааз нь болж өгдөг юм. Тухайлбал, Цэргийн их сургууль полигонгүй, Техникийн их сургууль технологийн баазгүй, Соёл урлагийн их сургууль тайзгүй байвал ямар байх вэ. Үүнтэй яг адилхан. Тийм учраас би эмч хүний хувьд хажуудаа эмнэлэгтэй байх гэдэг асуудлыг дэмждэг. Эрүүл мэндийн тухай хуульд түшиц эмнэлэг гэдэг ойлголт байгаа юм. С.Ламбаа сайд бид хоёр ярьж байгаад түшиц эмнэлгийг алсдаа хажуудаа эмнэлэгтэй байж болох хэмжээнд ижилсгэж ойлгож болохоор шийдсэн. Мөн анагаахын сургуулиудад ямар нэг эмнэлэг хажуудаа байгуулах эрх нь нээлттэй үлдлээ. Түүнчлэн сайд бодлогоор дэмжинэ гэсэн учраас би саналаа татаж авсан юм. Энэ чинь дэлхийн жишиг.байхгүй юу. Бид ч гэсэн дэлхийн жишгээр явах ёстой.

-Анагаахын том сургуулиуд эмнэлэгтэй байх нь сургалтын чанарт нөлөөлдөг үү. Хамгийн гол нь дадлага хийх гол бааз нь эмнэлэг учраас татгалзах биш харин байгуулахыг шаардах нь зөв юм шиг. Хуульд хэрхэн зохицуулав?

-Энэ асуудал нь манай улсад үл ойлголцох хэлбэртэй байдаг. Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн оюутнууд дадлага туршлага хийхэд эмнэлгүүд нь байр саваа түрээслэх гэх мэт хүндрэл учруулдаг юм билээ. Тийм учраас хамтарсан менежмент, удирдлагын тухай Эрүүл мэндийн хуульд тусгаж, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, төгсөлтийн дараах сургалтуудыг зохицуулж өгсөн.Энэ бол эрүүл мэндийн салбарт хийсэн нэг том алхам. Нэг бодлогоор зангидах боломжтой боллоо гэсэн үг.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.