Л.Болд: МИАТ компанийг хувьчилж хэн нэгний хараат болгох нь буруу
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд
2013.02.06

Л.Болд: МИАТ компанийг хувьчилж хэн нэгний хараат болгох нь буруу

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдтой “МИАТ” компанийн хувьчлалын талаар болон цаг үеийн бусад асуудлаар ярилцлаа.

-“МИАТ” компанийг хувьчлах асуудлаар УИХ-ын гишүүд хоёр өөр байр суурьтай байгаа. Та аль талд нь зогсож байгаа вэ?

-Би хувьдаа  тус компанийг хувьч­лахыг буруу гэж үзэж байгаа. Уг асуудлыг УИХ-аар хэлэлцэхэд эсрэг санал өгсөн. “МИАТ” үндэсний тээвэрлэгч компани учраас Монгол Улсын аюулгүй байдал болон аль ч талаас нь бодсон төрөөс дэмжиж ажиллах ёстой.  

-Хувьчиллаа гэхэд гадаад харил­цаанд сөргөөр нөлөөлөх үү?

-Гадаад, дотоодын аль ч талаас нь бодоход хувьд гаргаж хэн нэгний хараат  болгож болохгүй. Төр өөрийн анхааралдаа байлгах нь зүйтэй. Гадаадын олон хотод нислэгтэй байж, өргөн далайцтай ажиллах талаар шударга ёсыг тогтоож болох байх. Төрөөс МИАТ-ийг зөв удирдаад явах бололцоотой.

-АН-ынхан бүлгийн хур­лаараа хэлэлцээд “МИАТ” компанийг үнэ цэнтэй болсны дараа хувьчлах нь зүйтэй” гэж шийдсэн. Эрх баригч намынхан ерөнхийдөө хувьчлахыг дэмжиж байгаа юм биш үү?

-“МИАТ” компанийг үнэ цэнгүй болгосон гэдэг нь сүүлийн үед илэрч байна. Ер нь, төрийн өмчийг үнэ цэнгүй болгосон нь төрийн менежментийн буруу, бул­хайны л асуудал. Цаана нь дандаа хувь хүнтэй холбоотой асуудал байгаа. Үүнийг таслан зогсоож, нийгэмд шударга ёсыг тогтоох хэрэгтэй. Төрийн компани  ашиг­тай ажиллаад, ард түм­ний өмнө үүргээ гүйцэт­гээд  явдаг нь дэлхийн жишиг шүү дээ. Монгол Улс оршин буй цагт агаарын орон зай, нислэг үйлдэх эрх хэзээд үнэтэй хэвээр байна. Үүнийг төр зөв удирдаж, бодлогоо зөв тодорхойлох ёстой.

-АН-ынхан “МИАТ” ком­панитай холбоотой булхай луйврыг өмнөх пар­ламент руу түлхэж байгаа. Төр со­лигд­соноор булхай нь илэрсэн гэж ойлгож болох уу?

-Бид 1996 онд УИХ-д 50 суудалтай байж байгаад 2000 оны сонгуулиар нэг суудалтай болоод  гудамжинд гарч байсан. Ингэснээрээ алдсан юм­гүй. Эрх баригчид засаглаж  чадаагүй бол гудамжинд г­а­рах ёстой. Харин дараагийн нам нь ажиллаж чадахгүй бол парламентад цөөнх бол­но. Энэ бол сонгуулийн зарчим. Төр солигдсоноор  өмнөх парламентын бул­хай илэрдэг. Энэ зарчмаар өмнөх пар­ламентын алдаа илэрсэн.

-УИХ-аар Улаанбаатар хотын хөгж­лийн ерөнхий тө­лөвлөгөөг хэлэл­цэж байгаа. Гэтэл газрын асуудал нэлээд маргаан дагуулж байна. Та газар хувьчлалын талаар ямар байр суурьтай байна вэ?

-Нийслэлийн хөгжил буруу тийшээ явсны  шалтгаан  нь  өмнөх Засгийн газар­тай шууд холбоотой. Үүнийг ир­гэн бүр харж байгаа. Ард түмэн үүнд дургүйцэж, өнгөрсөн сонгуулиар МАН-ынхныг сууд­лаас нь унагасан. Манай Засгийн газар дарга нарт биш, иргэддээ эрх тэгш хэлбэрээр га­зар эзэмшүүлэхээр ярьж байгаа. Энэ ч үүднээс Газрын тухай хууль өргөн барьсан. Энэ хуулийн үр дүнд Монгол Улсын иргэн бүр газар эзэмшинэ.

Иргэдийн эзэмшсэн газарт хуулийн дагуу  бизнесийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол иргэнээсээ заа­вал зөв­шөөрөл авдаг байх ёстой. Ард түмэн газар болон баялгийнхаа эзэн нь байх учиртай. Ингэснээр тусгаар тогтносон улс бүрэн утгаараа оршино. Харин дарга нар газрын эзэн байгаа цагт Монгол Улсыг худалдчихаж ч мэднэ. Тиймээс ард түмэнд газрыг эрх тэгш хувьчлах хэрэгтэй. Ингэснээр ядуурал буурна. Тэгж чадвал ард тү­мэнд улс­төрийн нам, дарга нар ямар ч сонирхолгүй болно.         

-Нийслэлийн тухайд газар эзэм­шихээр хүссэн иргэн бүрт олгох газар байхгүй гэсэн шүү дээ. Тэгэхээр иргэн бүрт газар олгох асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

-Газрыг зөвхөн нийслэлд олгох гээгүй шүү дээ. Манай улс нэг хүнд ногдох газрын хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт ордог. Нийслэлээс аль болох алс газар эзэм­шүүлэх тусам тухайн иргэн газраа хөгжүүлж, хэм­жээг нь томсгох  боломж  бүрдэнэ. Нийт газар нутгийн гуравхан хувьд манай ард түмний дийлэнх нь амьдраад хөгжиж дэвжээд явах бүрэн боломжтой.

-Нийслэлээс алсрах ту­сам дэд бүтэц муу байдаг учир иргэд тэнд газар авах хүсэлгүй байдаг шүү дээ?

-Хууль нь буруу болчихоод байгаа юм. Ямар ч дэд бү­тэцгүй газар иргэдийг “Ха­шаа хатга” гэж шаарддаг. Энэ байд­лаас салах хэрэгтэй. Уг нь төр засаг ир­гэдээс хаана газар эзэмших хүсэлтэй байгааг нь асууж, судлаад хүсэлтийнх нь дагуу ямар нэгэн зохицуулалтаар олгох хэрэгтэй. Зохицуулалтыг нь хуулиар тогтоох нь зүйтэй. Иргэдэд газар эзэмших сертификатыг эхлээд  олго­чих нь зөв. Түүний дараа ээлж дараатайгаар  газар өгөх бо­ломж­той. Төр хүчин чармайлт гаргаж, ард түм­нийхээ талд ажиллавал иргэн бүрт газар эзэмшүүлэх нь тийм ч хэцүү ажил биш. Төр амиа бодоод байвал хэзээ ч бүтэхгүй.

-Гэр хороололд орон сууц барих нэ­рээр иргэдийн газрыг хураах нь гэх гомдол байна. Мөн хууль бусаар газар эзэмшсэн иргэний газрыг хурааж байгаа гэсэн. Энэ хэр зөв шийдэл вэ?

 -Иргэдийн газрыг булааж, тэнд нь том орон сууцны хороолол барих гээд байгаа нь төр бизнесийн хоорондын харилцаа. Үүнийг таслан зогсоох ёстой. Иргэний амьдарч буй газрыг давуу эрхээр хувьчилж  аваад сертификатыг нь олгоно гэвэл тухайн иргэнтэй нь л тохиролцох хэрэгтэй.

-БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо өнгөрсөн долоо хоногт манайд айл­чилсан. Уг айлчлалаар ард түмэн “Чалко”-гийн гэ­рээ­ний талаар яригдах байх гэж харж байтал чимээгүй өнгөрлөө. Ер нь, айлчлалын ач холбогдол нь юунд оршиж байв?

-Саяын айлчлал бол парламент хоорондын л айлчлал.  Хоёр улсын хоорондын гадаад харилцаанд чухал ач холбогдолтой айлчлал болсон. “Чалко”-гийн аж ахуйн гэрээ У Бангуо даргад хамааралгүй. Монгол Улсыг  хариуцсан бай­гуул­лага, гэрээнийхээ төлөө хариуц­лагаа хүлээх ёстой. Энэ бол тусдаа асуудал. Ямар ч байсан манай ард түмэн хохирч болохгүй.