2008.06.21

Ц.Баярсайхан: Германд ажиллах хүч гаргах боломж нээгдсэн

Швейцарийн нийслэл Женев хотноо саяхан болсон Олон улсын хөдөлмөрийн бага хурлын 93-р чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц. Баярсайхан оролцсон юм. Түүнтэй хийсэн ярилцлагыг толилуулъя.

-Чуулганых сониноосоо хуваалцахгүй юу?

-Бид тавдугаар сарын 31-нээс энэ сарын 16-ны хооронд тус чуулганд оролцлоо. Ер нь ОУХБ-ын чуулганд улс орнуудын нийгмийн гурван талт болох Засгийн газар, ажил олгогч, хөдөлмөрийн байгууллагын төлөөлөл оролцдог л доо,

-Бид гэж хэн бэ?

-Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж миний бие, мөн манай улсаас Швейцарт суугаа Элчин сайд бөгөөд Женев дэх НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Х.Бэхбат, НҮБ-ын Женев дэх салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөг-чийн газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Түвшинсанаа, манай яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Эрдэмбилэг, Монголын ажил олгогч Эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭ-үүдийн Холбооны Ерөнхийлөгч Н.Содномдорж нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгч оролцсон. Энэ хуралд нийтдээ 166 орны 2684 төлөөлөгч оролцлоо.

-Чуулганаар ямар асуудлууд хэлэлцэв? Манай төлөөлөгчид ямар байр суурьтай оролцсон бэ?

-Үндсэн зургаан асуудалд онцгой анхаарал хандуулсан. Тухайлбал, чуулганы удирдах зөвлөлийн тэргүүлэгч, ерөнхий захирлын илтгэл, хөдөлмөрлөх эрх, үндсэн зарчмуудын талаарх ОУХБ-ын тунхаг-лалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний дэлхийн илтгэлийг хэлэлцүүллээ. Энэ жилийн дэлхийн илтгэл нь "Албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийг устгах нь" гэсэн сэдэвтэй. Тэрчлэн 2006-2007 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, төсвийн саналууд, ОУХБ-ын конвенци, зөвлөмжийн хэрэгжилтийн талаарх тайлан мэдээллүүдийг хэлэлцлээ. Манай төлөөлөгчид ОУХБ-ын конвенци, зөвлөмж, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тусгай хороодын хуралдаанд идэвхтэй оролцож, энэ чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар болон Монгол Улс, ОУХБ-ын хамтын ажиллагааны талаар цаашид авч хэрэгжүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр ОУХБ-ын ерөнхий захирал, удирдах зөвлөлийн даргын илтгэл болон хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан миний бие Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлсэн. Хөдөлмөрийн хүрээнд тулгамдаж байгаа асуудлуудыг зохистой шийдвэрлэх талаар манай улс шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа тухай, өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-аас "Албадан хөдөлмөрийн тухай" 29-р конвенци, "Албадан хөдөлмөрийг устгах тухай" 105 дугаар конвенциудыг баталж, үндэсний хууль тогтоомжуудыг тэдгээрийн агуулгад нийцүүлэх асуудлыг судалж байгаа тухай дэлгэрэнгүй мэдээлсэн. Монгол Улсын Засгийн газар 2005-2007 онд "Залуучуудын зохистой, бүтээмжтэй хөдөлмөрийг дэмжих" төслийг ОУХБ-тай хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

-Энэ төсөлөө танилцуулаач?

-Чуулганы завсарлагаанаар ажил хэрэгч олон уулзалт болсон. ОУХБ-ын Зүүн Азийн бүсийн захирал хатагтай Кристин Еванс Клоктой уулзах үеэр энэхүү төслийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Төслийг БНСУ-ын дэмжлэгтэйгээр энэ оноос хэрэгжүүлж эхэлнэ. Цаашид 2006-2007 онд сунгаж хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Төслийн хүрээнд энэ онд залуучуудын сургууль төгсөөд ажилд орох үеийн судалгаа, залуучуудын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой гол гол баримт бичгийг орчуулж, гарын авлага бэлтгэх, залуучуудыг зохистой, бүтээмжтэй хөдөлмөрөөр хангах бодлого боловсруулах зэрэг ажил хийхээр тохиролцсон. Мөн залуучуудын асуудлаар үндэсний бага хурал зохион байгуулна. Энэхүү үндэсний бага хурал нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого боловсруулах, үндэсний хөтөлбөр бий болгоход залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэнэ.

-Ямар нэгэн улстай хамтран ажиллах гэрээ хийсэн үү?

-ХБНГУ-ын Эдийн засаг, хөдөлмөрийн яамны парламентын Төрийн нарийн бичгийн дарга ноён Герд Андерс тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Хоёр яамдын хооронд байгуулах хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг эцэслэж, Монгол Улсын Ерөнхий сайд ХБНГУ-д хийх айлчлалынхаа үеэр энэхүү санамж бичигт гарын үсэг зурсан.

-Санамж бичигт гарын үсэг зурснаар манайд ямар ашигтай вэ?

-Ингэснээр нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт цаашдын хамтын ажиллагааны эхлэл тавигдаж, ХБНГУ-ын хөдөлмөр эрхлэлтийн агентлагт боловсон хүчнээ илгээж, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах Улаанбаатарт хөдөлмөрийн бирж байгуулах үйл ажиллагаанд техникийн болон мэргэжлийн дэмжлэг,туслалцаа авах ажлыг шат дараатай хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаа юм..

-Бусад улсын төлөвлөгчидтэй уулзав уу?

-ОУХб-ын Нийгмийн харилцааны секторын эрхлэгч хатагтай Салли Пакистон, ОУХБ-ын Зүүн Азийн бүсийн захирал хатагтай Кристин Еванс Клок, ОУХБ-ын Хятад, Монгол Улсыг хариуцсан товчооны дарга хатагтай Констанс Томас болон албаны бусад хүнтэй уулзаж, Монгол Улс дахь гурван талт түншлэлийн харилцаа, түүнийг цаашид улам сайжруулах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо. ОУХБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх "Нийгмийн түншлэлийн чадавхыг дээшлүүлснээр Монгол Улс дахь хувийн хэвшлийн бүтээмжийг сайжруулах нь төслийн талаар Мөн ' санал солилцлоо. Энэ нь манай улс дахь нийгмийн түншлэлд зохих хувь нэмэр оруулна гэж санал нэгтэй үзэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн.

Ц.Баярсайхан сайд өчигдөр ажлын шугамаар Австрали улсыг зорьсон юм.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.