Их сургуулиуд сургалтын төлбөрөөс бус судалгааны ажлаасаа санхүүждэг байх ёстой
УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Гантөмөр
2013.05.13

Их сургуулиуд сургалтын төлбөрөөс бус судалгааны ажлаасаа санхүүждэг байх ёстой

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.

-Манай улсын боловсролын салбар шүүмжлэлд өртөх нь их. Та энэ салбарыг удирдаад бараг жил болж байна. Салбартаа ямар шинэчлэл хийхээр ажиллаж байна вэ?

-Ерөнхий боловсрол, дээд боловсрол, шинжлэх ухааны асуудлууд манай яаманд хамаардаг. Сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд боловсрол, дээд боловсрол, шинжлэх ухаан гээд бүгд хоорондоо уялдаа холбоотой.

Жишээлбэл, бага ангид нь давтан хүмүүжүүлж, дунд ангид нь цээжлүүлж өсгөсөн хүнийг ахлах ангид нь биеийг нь даалгахаар цаашаа ахихаа байчихдаг. Шинжлэх ухааны хүрээнд л гэхэд чиглүүлж өгөхгүй бол сэтгэхээ байчихсан байх жишээтэй.

Тэгэхээр бид өнгөрсөн хугацаанд тогтсон зүй тогтлоо эвдэхгүйгээр улам сайжруулах, ололтоо бататгаж хөгжүүлэх хэрэгтэй болчихоод байна. Тийм учраас бодлогын төлөвлөлтөө гаргахдаа өнгөрсөн 90 жилийн хугацаанд хамгийн сайн явж байсан зарчим дээрээ л суурилуулах хэрэгтэй гэж үзсэн.

-Тэгвэл боловсролын салбарын өнгөрсөн хугацаанд олсон ололт нь юу байна. Ямар бодлогоор хөгжүүлэх юм?

-Арван жилийн сургуульд цөөн хэдэн малчны хүүхэд, траншейны хүүхдээс бусад нь хамрагддаг. Ингээд арван жилээ төгссөн бараг бүх хүүхэд дээд сургуульд элсдэг. Энэ нь хамрагдалт, иргэн бүрийн оролцоо  их сайн байгааг харуулж байгаа юм.

Нөгөө талдаа багш, эрдэмтдийн нөөц бас их сайн байна.Харин хаана нь бодлогын шинэчлэл хийх вэ гэхээр арга зүй дээр нь асуудлыг ярих ёстой гэж үзсэн. Бид төдөн сургууль барилаа, төдөн хүүхэд төгсгөлөө гэж ерөнхий зүйл ярих бус асуудлын нарийн хэсэг рүү орж өгнө гэсэн үг.

Тухайлбал, анги доторх амьдрал, төрийн бодлого нь, эрх зүйн орчин нь ямар байх юм, ямар боломж байгаа юм гэдгийг шийднэ гэсэн үг.

Ингэхдээ хүүхэд багшийн харилцаа эцэг эхийн оролцоо, анги танхимын байдал, хүүхдээ нээж чадаж байна уу, үгүй гэх мэтээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх асуудлын гаргалгааг хайж ажиллана.

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ гэж дэлхий дээр тэр бүр хийх боломжгүй зүйлийг манай Засгийн газар хийж байна. Үүнийг бодит ажил болгохын тулд агуулга нь, ажил нь, хөтөлбөр нь, үнэлгээ нь, багшийн орчин нь ямар байх юм гэдгийг шийдэж нарийвчилсан ажлаас ерөнхий зүйл рүү тэмүүлэлтэй байхаар төлөвлөсөн.

Хүүхэд хаягддаг, орхигддог байдлыг халахын тулд ингэж ажиллахаар болсон юм. Үүний тулд “Авьяас" хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхэд өөрийгөө нээнгээ дэлхийг таньдаг, шинжлэх ухааны мэдлэг авдаг байхаар тусгасан.

Өнөөдрийг хүртэл явж ирсэн систем бол , мэдээлэл дамжуулдаг, шалгалтад бэлтгэдэг л систем. Олон хүн чиний арван жилд олж авсан мэдлэг амьдралд чинь хэрэг болж байна уу гэхэд үгүй гэж байгаа юм.

Учир нь яаж хэрэгжүүлэх тухай заалгадаггүй, багш нар нь ч тийм ойлголт өгдөггүй. Хими, физикийн хуулиа ойлгохгүйгээр баахан томъёо цээжлээд л гардаг. Тэр нь амьдралд нь хэрэг болдоггүй. Тэгэхээр яг ийм байдлыг халж хүүхэд нэг бүрийн авьяасыг нээхийн тулд “Авьяас" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Мөн “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхдийг номтой нөхөрлүүлэх, энэ нийгмийн хүүхдэд хэрэгтэй номыг зохиох бодлогыг дэвшүүлсэн. Жишээлбэл, хоёрдугаар ангийн хүүхдэд Маркс Энгельс гэсэн нэртэй ном уншуулахаар ойлгохгүй. Ану ч гэдэг юм уу түгээмэл нэр ашиглахаар хүүхэд номыг уншиж эхэлдэг.

-Их, дээд сургуулиудын чанарын асуудал хурцаар тавигдаж байна. Арван жилийн сургуулиа сайн төгссөн хүүхдэд багш нар нь, орчин нь гологддог гэдэг ч юм уу ярих асуудал их байдаг?

-Арван жилийн сургууль шинэчлэгдэж байж их сургууль өөрөө шинэчлэгдэнэ. Арван жилийн сургуулийг төгсөгчид хүүхдээрээ байгаад л асуудал байгаа юм. Их сургууль гэдэг судалгааны газар.

Тэгвэл судалгааны газар очиж байгаа хүмүүс судлаачийн түвшинд бэлтгэгдсэн байх ёстой. Өнөөдрийн байдлаар гэвэл номтой нөхөрлөөгүй, судлаачийн түвшинд бэлтгэгдээгүй тэднийг 10 мянгаар нь нэг газар аваачихаар юу болох нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр суурийг нь сайн олгох тухай асуудалд анхаарч байгаа юм.

Мөн сайн хүүхдүүд нь их сургуульд ордог байдлыг бий болгож их сургуульд элсэх процессыг арын хаалгагүй болгохоор ажиллаж эхэлсэн. Элсэлт арын хаалгагүй болгох ажлыг энэ хавар зохион байгуулна.

Хоёр дахь асуудал нь зөвхөн хүүхдийн төлбөр дээр дулдуйдаж амьдарч байна, их сургуулиуд. Гэтэл дэлхийн дунд зэргийн сургуулиуд санхүүгийнхээ 30 хувийг судалгаанаас олж байна. Ийм болгох ёстой.

Одоо МУИС, ШУТИС өөрийнхөө даацаас хоёр дахин их хүүхэд элсүүлсэн байгаа нь хүүхдэд мэдлэг олгох боломжийг улам хумьсан байна. Тэгэхээр үнэхээр доктор, профессорууд юм бол мөнгө олдог болох хэрэгтэй.

Бидний тавьж буй зорилго гэвэл багш нар нийлээд судалгаа хийдэг болох хэрэгтэй. Монголбанк л гэхэд зах зээл, эдийн засгийн судалгаа хийлгэх ажлыг өгөхөд бэлэн байна гэж байгаа. Судалгааны маш олон ажил байна.

Сургуулийг сургалтын төлбөрөөр бус судалгаагаар мөнгө олдог болгохоор ажиллаж байгаа. Дээд сургуулийн бас нэг алдаа нь хүүхэд элсүүлэхийн тулд мэргэжил бодож олдог явдал.

Одоогийн байдлаар манай улсад 840 мэргэжил байна. Үүнийг хумьж суурь мэргэжлүүдээ цөөлж нарийн мэргэжлийг магистрын сургалтаар олгох болно.

-Оюутны хотхон байгуулна гэдэг асуудал юу болсон бэ?

-Ерөнхий төлөвлөгөө хийгдчихсэн, зураг нь гарчихсан, газраа авчихсан байна. ТЭЗҮ-ээ давхар хийгээд явж байна. Энэ бүгдээ батлуулчихвал барьж байгуулах ажил эхэлнэ. Ингэхийн тулд хөрөнгө хэрэгтэй.

Азийн хөгжлийн банкнаас хөрөнгө босгоход туслаач гэсэн санал тавиад байна. УИХ-аас ч гэсэн хөрөнгө босгох ажлын хэсэг гаргах хэрэгтэй байна. Бараг арван тэрбум ам.долларын хөрөнгийн төсөл болох нь уу гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Бас зүгээр оюутны хотхон байх уу, шинжлэх ухааны парктайгаа хамт байгуулах уу гэдгийг ярьж байгаа. Хэрвээ шинжлэх ухааны парктайгаа цуг байгуулбал эдийн засгийн томоохон бүс болж хөгжинө. Магадгүй шинжлэх ухааны паркийн менежментийг хийх хүмүүс нь оюутны хотхоны хөрөнгийг давхар шийдээд явах боломжтой.

-Их сургуулиудын захирлууд бүгд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Хэзээ энэ асуудлыг шийдэж жинхлэх бол?

-Томилгоотой холбоотой сонгон шалгаруулалтын ажил хийгдэж байгаа. Томилох асуудал яагаад хойшлогдсон бэ гэвэл их сургуулиудын тайлан хүлээгдэж байна.

Тайлан гэдэг нь өнгөрсөн хугацаанд их сургуулиуд юун дээрээ тулгуурлаж ирсэн байна, юун дээр алдаж вэ, ямар ололттой байна вэ гэх мэт тайланг гаргах юм.

Тиймээс бид алдаа оноог нь дэнсэлчихээд захирал болохоор өрсөлдөж байгаа хүмүүсийнх нь санал бодолтой тулгаж харахаар хүлээж байна.

-Түрүүнд нь ажиллаж байсан хүмүүсийг яагаад халсан юм бэ?

-Өргөдлөө өгсөн. Тэтгэвэртээ гарсан. Ер нь бол бүгд л тэтгэвэртээ гарах нас нь болчихсон хүмүүс байсан. Тэтгэвэртээ гарах нас нь хуулийн дагуу болсон бол хуулиа л дагах ёстой.

Их сургуулиуд дээр хийгдэх ажлууд өнгөрсөн жил төлөвлөгдөөд батлагдчихсан байсан. Удирдлагын хомсдол манай дээд сургууль дээр байхгүй.

-Төрийн албан хаагчдыг хоморголон халлаа гэх болсон. Тиймдээ ч Н.Алтанхуяг сайдыг огцруулах асуудлыг МАН-аас тавьсан?

-Дээд сургуулиудын захирлууд төрийн албанаас гэнэт халагдлаа гэсэн хэл ам гаргаагүй. Энэ нь бүх зүйл хуулийн дагуу байгаа гэдгийн нотолгоо. Захирлуудын ихэнх нь тэтгэврийн нас нь болчихсон, арван жил ажиллачихсан л хүмүүс байсан.

Хоорондоо хэрэлдэж, нэгийгээ муулдаг тийм харилцаагаар төрийн ажлыг хийж болохгүй.

Харин төрийн албанд ажиллаж чадахгүй ганц нэг хүмүүсийг хөдөлгөх асуудал байлгүй яахав. Бидний бодлогыг ойлгохгүй өөдөөс өөр зүйл ярьдаг хүн Засгийн газар, яам агентлагуудад байгаад яах юм. Явах хэрэгтэй ш дээ.

Хоорондоо хэрэлдээд, нэгийгээ муулдаг тийм харилцаагаар төрийн ажлыг хийж болохгүй. Гэхдээ халахын тулд халж болохгүй.

-Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал хөндөгдсөн тухайд?

-Огцруулах шаардлагагүй гэж УИХ үзсэн. Их зөв шийдвэр байсан гэж үзэж байгаа. Гараан дээрээ морио сольж болохгүй. Тэгээд ч Н.Алтанхуяг сайд шиг ийм ажилсаг хүн урьд өмнө нь байгаагүй. Үнэхээр ажилсаг, нийгмээ танихын төлөө явдаг хүн юм.

Шууд хэлбэл, өмнөх Ерөнхий сайдуудын сул тал нь энэ удаа давуу тал болж ирж байна. Цаг барьдаг, архи уудаггүй, дампуурдаггүй ийм ажилсаг Ерөнхий сайд дахиад олдохгүй дээ. Байгаа дээр нь сайн ажиллуулаад авах ёстой.

-Сайд болсон даруйд дүү нь 17 тэрбум төгрөгийн гэрээ хийж төрд хохирол учруулах гэж байжээ гэж МАН-ынхан асуудал дэвшүүлсэн. Энэ нь ч үнэн гэдгийг нотолж байгаа. Ийм байж болох уу?

-Энэ тухай хэлж мэдэхгүй байна. Ерөнхий сайдын тайлбарласан хийгээд бидний мэдэхээр Г.Дэнзэн Н.Алтанхуяг сайд хоёр олон жил хамт ажиллаж байгаа. Ураг төрлийн холбоо хэзээ яаж үүссэнийг нь мэдэхгүй.

Гэхдээ Ерөнхий сайдын хэлж байгаагаар Г.Дэнзэнг хаана юу хийж явааг нь хянах боломжгүй байна гэсэн нь ортой. Тэгвэл асуудал тавьж байгаа хүмүүсийн ах дүү нар хаана юу хийж явааг мэдэж байгаа юм уу гэх байна.

Би л лав хамаатнуудаа хаана юу хийж явааг мэддэггүй. Тэгээд хамаатнуудынхаа өмнөөс би яаж хариуцлага хүлээх юм бэ. Асуудлыг дэвшүүлж байгаа хүмүүс үүнийг бодох хэрэгтэй. Харин асуудал байгаа бол Г.Дэнзэн өөрөө л хариуцлага хүлээх ёстой.

-Өнгөрсөн пүрэв гаригт Д.Зоригт, Д.Сумъяабазар нарыг тангараг өргүүлэх гэснээс үүдэн парламентын нэг өдрийн үйл ажиллагаа тасалдсан. Гэхдээ баасан гаригт тангаргийг нь өргүүллээ?

-Ерөнхийлөгчийн сонгууль ойртсонтой холбоотойгоор улс төр нь хуулийнхаа дээр гарчихаад байна. Бид ч гэсэн хууль ёсны шаардлага тавих чадвараа алдаж эхэлжээ. Хууль зөрчөөд сонгууль явуулчихсан. Үүнд ч хариуцлага хүлээлгэж чадахгүй байна.

Бас сонгуулийн хуулийг зөрччихсөн байхад шударгаар өрсөлдсөн хүн нь УИХ-даа орж ирж чадахгүй булхайцсан нь ороод ирчихсэн байна. Сонгуулийн хуулинд".... зөрчвөл чамайг татна гэсэн заалт яагаад байгаа юм. Битгий зөрчөө л гэж байгаа ш дээ.

Харин өнгөрсөн сонгуулиар хэд хэдэн хүн хууль зөрччихсөн байна. Үүнийг шударгаар хуулийнхаа дагуу шийдвэрлээд явах хэрэгтэй.

-Хоёр нам нэгнийхээ үйлдлийг барьцаалж асуудалд хандсан юм биш үү. Р.Гончигдоржийг УИХ-ын дэд дарга болговол Д.Сумъяабазарыг тангараг өргүүлнэ, Д.Сумъяабазарыг тангараг өргүүлбэл Д.Зоригтыг тангараг өргүүлнэ гэдэг зарчмаар асуудалд хандах шиг болсон?

-Хуулиндаа юу гэж байна түүний дагуу шийд гэж хэлж байгаа хүн байна уу. Тэгж хэлэх чадвараа алдчихаад байна. Нэгэнт улс төрийн аргаар шийдэж байгаа бол түүгээрээ л тайлбарлагдана. Гэхдээ бид 100 хувийн буулт хийж хуулийг гууль болгож болохгүй.