Д.Бум-Очир: Хөгжлийн төлөвлөгөөнд сургууль, цэцэрлэгийн дутагдлыг арилгахаар заасан ч тэнд ажиллах багш нараа орхигдуулжээ
УИХ-ын чуулганы /2025.05.26/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:
Хөгжлийн төлөвлөгөөнд нэг сайхан зүйл туссанд баяртай байна. Энэ бол сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх гэж буй явдал. Төлөвлөгөөгөөр ашиглалтад орох 37 сургууль, эхлүүлэх 47 сургууль, ашиглалтад оруулах 38 сургууль эхлүүлэх 45 сургууль гэсэн байна 2028 он хүртэл. Энэ бол одоо дутагдалтай байгаа сургууль цэцэрлэгийн тоонд бараг гүйцчихээр тоо. Энэ бол маш сайн мэдээ. Нийтдээ 2,8 их наяд төгрөгийн зардал төсөвлөгдөх юм шиг байна. 2028 он хүртэл ядаж сургууль цэцэрлэгийнхээ хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх нь ээ. Энэ маш сайн зүйл юм.
Гэтэл ард нь санаа зовоосон нэг асуудал байгааг ярихгүй бол болохгүй нь. Өнгөрсөн жил багшийн дутагдалтай байгаа тоог 4000 гаруй гэж тооцож байсан бол энэ жил 5543 тоо гараад ирсэн. Судалгаан дээр ажиллаж байгаа Ж.Галбадрах гишүүн миний хажууд сууж байна. Энэ олон сургууль цэцэрлэг нэмэгдэхээр энд ажиллах багш нар хаана байгааг бид бодох хэрэгтэй байна. Би бол жаахан сэтгэл дундуур байна шүү, П.Наранбаяр сайдаа уучлаарай. 45 хоногийн дотор багш бэлдээд нөгөө олон мянган багшийнхаа дутагдлыг нөхөж чадахгүй нь энэ жил бараг тодорхой болох шиг боллоо. Боловсролын салбар дээр 2 том зүйлийг ярих шаардлагатай байгаа. Нэг нь цэцэрлэг сургуулийн дутагдалтай байдал, нөгөө нь багшийн дутагдалтай байдал. Хөгжлийн төлөвлөгөөг харахад багшийн дутагдалтай байдлыг яаж арилгах тухай нарийвчилсан заалт, эвсэл ямар бодлого байх эсэх нь тодорхойгүй байна. Үүнийг тодорхой болгомоор байна. Бид баахан сургууль цэцэрлэг барьдаг ч тэнд ажиллах багшгүй байх юм шиг, ийм нөхцөл байдал руу 2028 он руу яваад орчих юм шиг харагдаж байна.
Үүнд 2 зүйлийг ялгаж салгаад хэлмээр байна.
- Багшийн мэргэжил эзэмшиж байгаа оюутнууд дундаас нь төгсөхгүй гараад байна.
- Мөн багшийн мэргэжил эзэмшчихээд багшаар ажиллахгүй байна.
Би байнгын хороон дээр хэлсэн. Монгол багшгүй биш багштай. Багш нар маань солонгост байна гэж хэлж байсан. 2010 оноос хойш багшийн мэргэжлээр 47173 хүн төгссөн бол түүний 18028 нь буюу 38.2 хувь нь багшийн мэргэжлээр ажиллаж байна гэсэн судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл багш нараа яаж ажлын байран дээр нь тогтоох вэ? Одоо байгаа багш нар маань мөн ажлаас гарах, шантрах зүйл зөндөө. Багш дутагдалтай байдаг, багш нар маань ажлын байран дээрээ тогтдоггүй. Эсвэл багшийн мэргэжил эзэмшчихээд мэргэжлээрээ ажиллахгүй байгаа энэ олон асуудлуудыг бид анхаарах шаардлагатай байна. Багш нараа ажлын байран дээр нь байлгах, багш мэргэжил эзэмшээд ажиллах тал дээр ямар арга хэмжээ авч, ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
Би зөндөө хэлсэн. Уул нь бол их тодорхой цалинг нь нэмүүлэхээс өөр арга байхгүй, эсвэл сурагчийнхаа хувьсах зардлыг нэмэгдүүлэх. Хөгжлийн төлөвлөгөө харахаар энэ хувьсал зардал нэмэгдэх, багшийн цалин нэмэгдэх төлөв харагдахгүй байна. Залуу багш нар ажилд ороод хамгийн бага цалинг нь авч байгаа. Багшийн цалинг нэмж байгааг бид ойлгож байгаа. Өнгөрсөн жилүүдэд нэмсэн. Боловсролд хөрөнгө оруулалт хийсэн нь маш сайн. Үргэлжлүүлээд багш нар маань хүлээлттэй байгаад байна. Миний бодлоор бол саяны дурдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хувьсал зардлыг нь нэмэгдүүлэх, багшийн нэмэгдүүлэх талын юмыг яримаар санагдаж байна. Тийм боломж бололцоо байдаг юм болов уу даа.

Сэтгүүлч