УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2013.05.15

Сонгуулийн зардал өссөн нь автоматжуулалттай холбоотой

Eagle телевизийн Гүүр улс төрийн ярилцлагын зочноор УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн оролцлоо.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөв өмнөх сонгуулиас дөрөв дахин нэмэгдэж ирсэн байгаа. Энэ тохиолдолд өмнөх сонгуулиас илүү, шударга, найдвартай сонгууль явах бололцоо бүрдэх үү?

Төсөв өсөхийн зэрэгцээ найдвартай ажиллагаа, тооллого нь цэвэр байх, шударга сонгууль байх гэдэг агуулгаараа тэрнээс илүү хэмжээгээр туссан байх ёстой. Тийм нөхцөл бүрдсэн байх гэж бодож байна. Яагаад гэвэл сонгуулийн тооллогын шинэ систем ихээхэн ач холбогдолтой.

Учир нь тооллогын машин битүүмжлэгдээд л тооллогын дүн гараад ирэхэд нэр дэвшигчийн дүн баталгаажиж байгаа. Хуучин бол тогтоол, протоколийг засах нь наад захын луйвар байсан. Харьцангуй шударга тооллогын тогтолцоо бий болсон нь жижиг намууд, бие даагч нарт ач холбогдлоо өгсөн гэж бодож байна.

Сонгуулийн зардлууд өсч байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал 2009 онд 4 тэрбум 50 сая байсан бол одоо 16 тэрбум руу хүрээд ирлээ. Энэ нь нэгдүгээрт автоматжуулалттай холбоотой. Үүнд тооллогын машин түүнд зориулагдсан программ, тусгай зориулалтын цаас, хурууны хээ таньдаг төхөөрөмжүүд  байгаа.

Мөн техник, программ хангамжийг хариуцсан ажилтнууд, цагдаагийн ажилтнууд хэрэгтэй болно. Энэ төхөөрөмжүүдийг тээвэрлэнэ. Мөн нийт сонгогчдын тоо 258 мянгаар өссөн байгаа. Зардал өссөн ч шударга сонгууль болох тал дээр баталгаа бүрдсэн гэж үзэж байгаа.

Сонгууль дууссаны дараа төсөв зөв хэрэгжсэн эсэхэд хяналт нь ямар байв гэдэг дээр судалгаа, шинжилгээ, аудитын асуудал ямар байна вэ?

Сая зарим нэмэлт зардлууд гарахтай холбогдуулан СЕХ УИХ-д орж ирж төсвөө дахин нягтлуулсан. Тэгэхэд байнгын хороодоос сонгуулийн дараа зардалд нарийвчилсан аудит хийлгэх чиглэл өгсөн.

Орон нутгийн сонгуулиар цаг агаарын эрсдлийг тооцон төсвийг өсгөж байсан. Ийм эрсдлийг тооцсон урьдач нөхцөл байгаа болов уу?

СЕХ төлөвлөсөн зардлуудыг хэмнэх талдаа ажиллаж байгаа. Бид 2013 оны төсөв дээр Ерөнхийлөгчийн сонгуулийн зардалд 17 тэрбум төгрөг баталсан. Сая нийт зардлаа 16 тэрбум болгож бууруулсан. Ямар нэгэн эрсдэлтэй зүйл гарахгүй. Нэг тэрбум төгрөг хэмнэгдчих болов уу гэсэн урьдчилсан төлөв байна.

Төсөв дөрөв дахин нэмэгдсэн шалтгаан нь автоматжуулахтай холбоотой гэж байгаа. Нөгөө талд улс төрийн зарим нэг хүчин үүнд итгэхгүй гараар тоолно гэсэн асуудлыг тавиад эхэлж байгаа.

Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг сонгуульд ялагдчихаар намын удирдлага хариуцлага хүлээнэ. Тиймээс ямар нэгэн гарц хайна. Үүнийг тийм л агуулгаар хандаад, тооллогын машин руу чихчихье гэдэг байдлаар ч юм уу гэж бодоод байгаа.  

Хуучин бол тогтоол, протоколийг засах нь наад захын луйвар байсан.

Бие даагч нар энэ бол баталгаатай гэдгийн гэрч нь. Хэрэв ийм тогтолцоо бий болоогүй байсан бол энэ гурван бие даагч гарахгүй тогтоолыг нь засаад л болоо.

Харгүй сонгууль явуулахын тулд тодорхой сугалаагаар сонгуулийн дүн гарангуут нээлттэй тооллого хийх хэрэгтэй. Тоног төхөөрөмжийн дэвшил бол үр дүнгээ өгсөн. Одоо байгаа сонгуулийн маргаан технологийн дэвшил ашигласантай ямар ч холбоогүй. Зүгээр л тэр хүмүүсийн улс төрийн соёлын асуудал.

Сонгуулийн дүнг, иргэдийн саналыг шүүх шийдвэрлэж болохгүй.  Тэр 6000 саналын зөрүүг бүгдийг нь шүүх нягталж хянаж байна уу гэвэл үгүй ш дээ. Шүүх иргэдийн сонголтыг хүчингүй болгодог байж болохгүй.Бид мөнгө зараад тооллогыг нь шударга болгосон.

Одоо хууль бус үйл ажиллагаа явуулаад байгаа мөнгөн бороо оруулаад байгаа нөхдүүдийг яадаг болох вэ гэдэг асуудал.  Шүүх нь ч шийдэж чадахгүй байна. Мөнгө тараасан тараагаагүй нь зэрэгцээд сууж байдаг ийм л парламент байна.