Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2013.05.24

Хотын дарга Э.Бат-Үүл зам, барилгын компанийнхантай “Мэтгэлцэв”

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өчигдөр зам, барилгын ком­паниудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Нийслэлд энэ жил 50 гаруй байршилд зам засвар, арчлалт, шинэчлэлтийн ажил гүйцэтгэхээр хотын удирдлагууд төлөвлөж байгаа. Одоо­гоор 13 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил эхлээд байгаа аж.

Цаашдаа зам засварын ажлыг илүү шуурхай хийж, иргэдэд төвөг, чирэгдэлгүй гүйцэтгэхийн тулд хотын удирдлагууд ийнхүү уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Засаг дарга Э.Бат-Үүл болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа газар, хэлтсүүдийн дарга нар, зам засварын компаниудын төлөөлөл оролцсон.

Нийслэлийн автозамуудыг жил бүр засаж, шинэчилдэг. Гэвч тэдгээр замууд тэр бүр чанартай байдаггүй гэх шүүмжлэл бий. Түүнчлэн зам засварын компаниуд хүлээж авсан ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгэдэггүй, он дамнуулж, сунжруулдаг гэх зэргээр шүүмжлэлд өртдөг билээ.

Дэнжийн мянгын уулзвараас Хувьсгалчдын гудамж хүртэлх 1.5 км зам засварын ажлыг гүйцэтгэгч компани нь он дамжуулан хийж байгаа аж.

Энэ мэт алдаа дутагдлуудыг өөрчилж, шинэчлэхийн тулд нийслэлийн удирдлагууд хэр чадлаараа л ажиллаж буй. Тухайлбал, зам засварын компаниудад хүчин чадал, техникийн боломжтой нь уялдуулж тендер өгөх,хариуцлага тооцох, нөгөөтэйгүүр үүрэгт ажлаа чанартай гүйцэтгэвэл урамшуулах зэрэг шинэ бодлого хэрэгжүүлэхээр ярьж буй билээ.

Ямартай ч өчигдрийн уулзалтад ирсэн зам, засвар, арчлалт шинэчлэлтийн компаниуд Засаг дарга Э.Бат-Үүлд зовлонгоо тоочлоо. Тэдэнд хамгийн их хүндрэл учруулдаг асуудал нь газар чөлөөлөлт аж.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга Н.Тамирын хэлснээр нийслэлд одоогийн байдлаар газар чөлөөлөлттэй холбоотойгоор ажил нь гацсан замын ажил байхгүй гэнэ. Харин Зам засварын компаниудын төлөөлөгчид “Ёстой түүн шиг худал зүйл байхгүй” хэмээн эгдүүцсэн.

Жишээ нь Дэнжийн мянгын уулзвараас Хувьсгалчдын гудамж хүртэлх 1.5 км зам засварын ажлыг гүйцэтгэгч компани нь он дамжуулан хийж байгаа аж. Өнөөг хүртэл газар чөлөөлөлт хийгээгүй байгаа гэж байна. Уг нь гүйцэтгэгч компани зүгээс долоодугаар сарын 1 гэхэд гэрээт ажлаа гүйцэтгэж, хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байсан ч газар чөлөөлөлтөөс болж ийн гацаад байгаа гэнэ.

Хотын дарга зам барилгын ажилтай танилцав

Газар чөлөөлөлтийн асуудлаар нийслэлийн Газрын албанд хандахаар төсөв мөнгө гэх зэргээр асуудал ярьсаар байгаад таардаг аж. Хэрвээ газраа чөлөөлчихсөн байсан бол хүлээж авсан ажлаа хуваарийн дагуу дуусгах бүрэн боломжтой байсан гэж гомдоллож байсан.

Уг асуудлыг хариуцан ажиллаж буй нийслэлийн Газрын албаны ажилтан н.Тэмүүжин “Газраа чөлөөлөхөөс эсэргүүцэж буй айл огт байдагггүй. Гэхдээ газрын суурь үнэлгээн дээрээ тохиролцож чадахгүй байгаагаас ажил гацаж байгаа” гэв.

Үүнтэй холбоотойгоор Засаг дарга Э.Бат-Үүл “Газар чөлөөлөлттэй холбоотойгоор иргэд газраа маш их үнэтэй болгодог явдал газар аваад байна. Энэ бол бидэнд үүсч буй бас нэг бэрхшээл. Заримдаа бүр сэжиг бүхий үйлдэл ч гарч байгаа. Анх очоод яриад, тохиролцсон газартаа эргээд очихоор гэнэт үнийг нь өөрчлөөд, нөхөх олговроо нэмээд байдаг.

Арай ийм далд бизнес хөгжиж эхлээд байгаа юм биш биз дээ. Газар чөлөөлөх гэдэг их ноцтой зүйл болж хувираад байна. Анх 10 тэрбум төгрөгөөр тохирсон байсан “УС-15”-ын байр л гэхэд шууд 36 тэрбум төгрөг болчихоод байна. Энэ юу болоод байна вэ” хэмээн тодруулсан.

Газрын албаныхны тайлбарлаж буйгаар метр квадратын суурь үнийг 13200 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд энэ үнээр газрыг чөлөөлөх боломжгүй болчихоод байгаа гэнэ. Нөгөөтэйгүүр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээн дээр ихээхэн зөрчил гардаг байна.

Газрын албаны зүгээс байшин, барилгыг үнэлэхдээ төсвийнх нь аргаар үнэлж байгаа аж. Харин компани, аж ахуйн нэгж, иргэд үүнийг хуулийнхаа дагуу үнэлгээний байгууллагаар хийлгэж бизнес үнэлгээ гаргаж ирдэг байна. Зам дагуу байгаа гурван давхар байр, дэлгүүртэй, замтайгаа ойрхон зэрэг давуу талтай үл хөдлөх хөрөнгө учраас бизнес талаасаа маш өндөр үнэд хүрдэг аж.

Харин нийслэлийн Газрын албанаас тухайн үл хөдлөх хөрөнгийг зөвхөн өөрийнх нь өртгөөр үнэлдэг. Энэхүү хоёр үнэлгээ хоорондоо зөрүүтэй байдгаас болж, газар чөлөөлөхөд хүндрэл учирч байгаа аж.

Ямартай ч нийслэлээс дахин төлөвлөлт хийх, шинээр зам тавих зэрэг ажлаа хийхийн тулд газар чөлөөлөх зайлшгүй шаардлагатай байгаа. Харин газар чөлөөлөхөд багагүй хүндрэл учирч буй бололтой. Нөгөөтэйгүүр энэ тал дээр нийслэлийн харьяа газар, албадын хоорондын уялдаа холбоо ч тун сул, хариуцлагагүй байгаа нь уулзалтаас харагдаж байсан.

Цаашдаа эдгээр ажлын уялдаа, холбоог сайжруулах, газар чөлөөлөх механизмыг илүү боловсронгуй болгох шаардлагатай байгааг Э.Бат-Үүл дарга хэлж байлаа.