Нарны зай үйлдвэрлэл
2013.06.06

Дотоодын үйлдвэрлэл үлэмж өслөө

Статистик мэдээлэл гаргана гэдэг амаргүй ажил. Өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос “Нөөц, ашиглалтын хүснэгт, салбар хоорондын тэнцэл”-ийн үр дүнгийн товч танилцуулгыг хийлээ. Бүтэн хоёр жилийн хөдөлмөрийн үр шимээ өнөөдөр хүртэж байгаа нь энэ ажээ.

Улс орны эдийн засгийн тэнцвэрт харьцаа, салбарын бүтэц, уялдаа, хэрэглээ, хуримтлал, экспорт, импорт зэрэг эдийн засгийн хөгжлийн үндсэн асуудалд макро түвшинд үнэлгээ өгөх статистик шинжилгээний суурь мэдээлэл болдог энэхүү тэнцлийг зохиов. Энэхүү тэнцлийг ашиглан Монгол улс цаашид ямар салбараа хэрхэн хөгжүүлэх вэ, ирээдүйн эдийн засгийн орлого юу байх вэ, хөгжлийн цаашдын чиг хандлагаа хэрхэн тодорхойлох вэ гээд олон асуултад хариулт авах ач холбогдолтой.

Манай улсын нийт нийлүүлэлтийн 72,9 хувийг үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, 23.0 хувийг импортын бараа, үйлчилгээний борлуулалт, 4.1 хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар эзэлж байна. Нийт нөөцийн хэмжээ 2010 онд 2005 оныхоос 3,1 дахин, үүний дотор дотоодын үйлдвэрлэл 3,2 дахин, импорт 2,9 дахин нэмэгдсэн байна.

Нийт нөөцийн 36,8 хувь буюу 8909,9 тэрбум төгрөгийг завсрын хэрэглээнд, 28,4 хувь буюу 6894,6 тэрбум төгрөгийг эцсийн хэрэглээнд, 14,7 хувийг буюу 3952,3 тэрбум төгрөгийг хөрөнгийн хуримтлалд, 18,5 хувь буюу 4481,2 тэрбум төгрөгийг экспортод зарцуулжээ.