Дахин төлөвлөлтийг найман байршилд нэмж хэрэгжүүлнэ
УИХ-ын чуулганаар баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийг нийслэлийн ИТХ-ын 2013 оны 3/31 дугаар тогтоолоор хэрэгжүүлж эхэлсэн.
Эхний ээлжинд 12 байршилд хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн хоёрдугаар ээлжийг удахгүй эхлүүлэхээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 07 сарын 30-ны ээлжит хуралдаанаар хэлэлцсэн байна.
Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдал, хот байгуулалтын зөв бүтэц, хотын оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй энэ ажлын хоёрдугаар ээлжинд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон тухайн хэсгийн оршин суугчдын хүсэлтийн дагуу дараахи найман байршлыг тусгажээ.
1.Сонгинохайрхан дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 3,8 га
-228 хүн амтай, нийт 57 нэгж талбарыг хамарна. 1 давхар амины орон сууцнууд барихаар төлөвлөж байгаа бөгөөд төлөвлөлтөөр 107 өрх байхаар төлөвлөжээ.
2.Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Дахь эх” амины орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 12 га
-580 хүн амтай, нийт 145 нэгж талбарыг хамарна. Тус амины орон сууцны хороололд ерөнхий төлөвлөгөөр 700 орчим айл өрх байхаар төлөвлөжээ.
3.Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Сансар сөх” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 3,9 га
-1400 хүн амтай, хоёр орцтой таван давхар орон сууцны барилга 13 ширхэг, 90 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн бага сургууль, оффис аж ахуй үйлчилгээний барилга байгууламж төлөвлөжээ.
4.Баянзүрх дүүргийн хоёр, дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Мамба дацан” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 70 га
-8460 хүн амтай, хоёр давхар амины орон сууц 65 ширхэг, таван давхар нийтийн орон сууц 51 ширхэг, есөн давхар нийтийн орон сууц дөрвөн ширхэг, 19 давхар үйлчилгээтэй орон сууц таван ширхэг,
Засаг захиргааны нэгдсэн контор нэг, Ерөнхий боловсролын гурван сургууль, хоёр цэцэрлэг, олон нийтийн үйлчилгээний 13 барилга, их, дээд сургууль гурав, 10,2 км автозам барихаар төлөвлөжээ.
5.Сүхбаатар дүүргийн 17дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Дамбадаржайлин хийд” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 7,6 га
-356 хүн амтай, 22,4 км цэвэр усны шугам, 300м3 ус шахах хүчин чадалтай насос станц, 58, 35, 102-р сургууль, 109, 103-р цэцэрлэг, өрхийн эмнэлэг, гал команд усны шугамд холбогдсон байхаар төлөвлөжээ.
6.Баянгол дүүргийн 10,11-р хорооны нутаг дэвсгэр дэх “Бичил 7” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 93 га
-5640 хүн амтай, хоёр орцтой таван давхар орон сууцны 13 барилга, 90 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн бага сургууль, оффис, аж ахуйн үйлчилгээний барилга байгууламж байхаар төлөвлөжээ.
7.Хан-уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 16,5 га
-520 хүн амтай, нийт 130 нэгж талбарыг хамарна. 12 давхар орон сууцны барилга 16 ширхэг, 12 давхар үйлчилгээний орон сууц гурван ширхэг, 1-3 давхар худалдаа үйлчилгээний барилга дөрвөн ширхэг, амины орон сууц 108 ширхэг, 640 сурагчтай нэг сургууль, 230 хүүхдийн нэг цэцэрлэг байхаар төлөвлөжээ.
8.Багануур дүүргийн нэг, тавдугаар хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 78,7 га
-4200 хүн амтай, нийт 270 нэгж талбар хамарна. Төлөвлөлтөөр хүн ам нь 6052 хүрна. Орон сууцны 60, гэр сууц 1180, худалдаа үйлчилгээний хоёр барилга байхаар төлөвлөжээ.
Дээрхи найман байршилд дахин төлөвлөлтийн хоёрдугаар ээлжийг хэрэгжүүлэхээр тооцолсон бөгөөд уг асуудлыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид дэмжсэнээр нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр боллоо.