Д.Ганхуяг: “Оюутолгой”-н ТУЗ-д ашиг сонирхлын зөрчилтэй хүн байвал илэрнэ
Уул уурхайн сайд Д.Ганхуягийг “Ярилцах танхим” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ дахь Монголын талын төлөөлөгчид “Рио Тинто” корпорацитай хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулахаар ажиллаж байгаа гэсэн. Энэ асуудал ямар шатанд явна вэ?
-“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талыг төлөөлөх гурван гишүүнийг шинээр дахин сонгосон байгаа. Оюутолгойтой холбоотой бүх асуудлыг хуулийн хүрээнд явуулах учиртай. Өөрөөр хэлбэл “компанийн” хуулийн хүрээнд “Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурал болон ТУЗ-ийн хурлаар асуудлыг шийдэх ёстой. Бид энэ ажлыг байнга л ахиулж явна.
-“Рио Тинто”-той хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг ч гэсэн үү?
-Их хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүжилт босгоно гэдэг нь хүн болгон дураараа хийчихдэг ажил биш. Нөгөөтэйгүүр нэг улстөрч дангаараа хариуцаж хийх ёстой асуудал ч биш шүү дээ. Мэргэшсэн зөвлөхүүдийн хамт хоёр талаасаа нэг ширээний ард суугаад мэргэжлийн түвшинд л шийдэх ёстой асуудал юм.
-“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д Монголыг төлөөлж байгаа гурван гишүүний дунд ашиг сонирхлын зөрчилтэй хүн байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Би энэ талаар мэдэхгүй юм байна.
-Тухайлбал, Да.Ганболд, Г.Тэмүүлэн, Ч.Отгочулуу гурвын нэгийг “Рио Тинто панел” лобби группийн гишүүн гээд байгаа шүү дээ?
-Хэрэв тийм асуудал байгаа бол яваандаа тодорхой болох байлгүй дээ. “Оюутолгой”-н ТУЗ-д ашиг сонирхлын зөрчилтэй хүн байвал илэрнэ.
-“Оюутолгой” төслийн хоёрдугаар үе шатны ажил гацаанд орчихлоо. Манай төлөөлөгчид хэзээ Лондонг зорих гэж байна вэ?
-“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ /маргааш/ өнөөдөр хуралдана. ТУЗ-ийн хурлыг дуусгаад Лондонг зорих байх гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Та өчигдөр УИХ-ын даргад нэлээд хуулийн төсөл өргөн барьсан гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс,
ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа. Уг хуулийн төслүүдийг ирэх даваа гарагт хуралдах УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх байх.
-Дээрх хуулийн төслүүдийн гол онцлог нь юунд байгаа юм
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөлд дээрх ашигт малтмалтай холбоотой бүх асуудлыг орон нутгийн засаг захиргаа хамаарахаар заасан байгаа. Өөрөөр хэлбэл орон нутгийн засаг захиргаанаас бүх тусгай зөвшөөрлийг олгоно гэсэн үг. Ингэснээр орон нутгийн бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж үзсэн.
Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь урт нэртэй хуулийг хэрэгжих нөхцөлийг хангаж өгч байгаагаараа онцлогтой юм. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх гэж Засгийн газраас хоёр ч удаа тогтоол гаргасан ч хүч хүрээгүй шүү дээ.
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл гэдгээ тодруулахгүй юу?
-Түгээмэл тархацтай ордын асуудлыг орон нутаг нь мэдэх нь зүйтэй асуудал юм гэж үзсэний үндсэн дээр боловсруулсан хуулийн төсөл юм. Түгээмэл тархацтай ордод үйл ажиллагаа явуулах сонирхолтой хүмүүс орон нутагт их байдаг.
Гэтэл дээрх хүмүүс нийслэлд ирж, Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл авах гэж нэлээд чирэгдэлтэй учирдаг юм билээ. Тиймээс түгээмэл тархацтай ордыг орон нутаг нь өөрөө ашиглаж, нөхөн сэргээх эрхийг нь авах боломжоор хангах гэсэн юм.
-Энэ хуулийн төсөл нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилсан Ашигт малтмалын тухай хуулийн төсөлтэй хэрхэн уялдаж байгаа юм бэ?
-Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилсан хуулийн төслийг цааш нь үргэлжлүүлэхгүй байхаар тохирсон. Учир нь тэр хуулийн төсөл өндөр хөгжилтэй орны түвшний хэмжээнд хэрэгжихээр болсон байсан. Уул уурхайн олборлох үйлдвэр нь нэлээд өндөр хөгжсөн орны түвшинд л ярихаар хуулийн төсөл байсан.
Ирээдүйд Монгол Улсын уул уурхайн хөгжил өндөр хөгжилтэй орнуудтай эн зэрэгцэхээр дахиж гаргаж ирэх боломжтой гэдгийг бүх түвшинд ярьж хэлэлцээд тохиролцоонд хүрсэн. Тулгамдсан зарим асуудлаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг ярих байх.
-Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж хэллээ. Тэгэхээр тусгай зөвшөөрлийг нь цуцалсан уул уурхайн компаниудын нөхөн олговрын тухай асуудлыг дээрххуулийн төслөөр шийдэж өгсөн гэсэн үг үү?
-Хуулийг батлахаас өмнө олгосон тусгай зөвшөөрөл болон хуулийг баталснаас хойш олгосон тусгай зөвшөөрлүүд гэсэн ангиллыг бий болгох хэрэгтэй гэж хуулийн төсөлд тусгаж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл урт нэртэй хуулийг батлахаас өмнө олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах тухай асуудал байхгүй болно гэсэн үг.
Их хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүжилт босгоно гэдэг нь хүн болгон дураараа хийчихдэг ажил биш.
Гэхдээ тухайн газар нутагт тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниудад нөхөн сэргээлтийн ажлыг дээд зэргээр хийх ёстой гэсэн шаардлагыг тавина. Харин урт нэртэй хуулийг баталснаас хойш олгосон тусгай зөвшөөрлийг шууд цуцлах юм.
Энэ хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр улсын төсвөөс уул уурхайн компаниудын нөхөн төлбөрт өгөхөөр байсан мөнгөн дүн хасагдахын зэрэгцээ урт нэртэй хууль хэрэгжих орчин бүрдэнэ гэж тооцоолсон.
-Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл гэхээр нууцаар хил хавуулж байгаа алтны хэмжээг хязгаарлах зорилго бүхий гэж олгогдож байна?
-Тэгж ойлгож болно. Олборлосон бүх алтыг Монголбанкинд тушаалгах зорилготой хуулийн төсөл юм. Алт олборлогчид алтаа Монголбанкинд тушаасан тохиолдолд татварын болон нөөц ашиглалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхээр заасан байгаа.
Алт олборлолтын хэмжээ буураагүй атлаа алт тушаах аж ахуйн нэгжийн тоо жил бүр буурч алтны орлогоос улсад орж ирж байгаа орлогын хэмжээ багасч байгаа учир энэхүү хуулийн төслийг санаачлах нь зүйтэй гэж үзсэн юм.
Энэ хуулийн төслийг баталбал Оюутолгойгоос олборлох алтыг оруулаад Монгол Улс жилдээ ойролцоогоор 38 тонн алт олборлох боломжтой болох юм. Нөгөөтэйгүүр одоогийн ханшаар тооцоолоод алтнаас олж байгаа Монгол Улсын экспортын орлого 1.7 тэрбум ам.долларт хүрэх боломжтой болно гэж үзсэн.
-Сүүлийн үед ам.долларын ханш өссөнөөс болоод шатахуун импортлогчид өндөр үнээр шатахуун импортолж байна. Үүнийг дагаад шатахууны үнэ нэмэгдэж магадгүй гэсэн айдас бий болоод байна. Шатахууны үнэ ойрын хугацаанд нэмэгдэх үү?
-Манайхаас гадна шатахуун импортолдог олон улс бий. Үүнээсээ шалтгаалаад форворд хэлцлийг ч маш ихээр хийдэг. Манай улсын хувьд гол нэрийн бүтээгдэхүүн болон стратегийн бүтээгдэхүүнүүд дээр бид Монголбанктай форворд хэлцэл хийж байгаа.
Энэ нь хоёр сарын хугацаанд валютын ханшинд ямар нэгэн өөрчлөлт гарсан ч харилцан ашигтайгаар зохицуулахаар хэлцэл хийсэн гэсэн үг. Тухайлбал өнөөдрөөс эхлээд хоёр сарын хугацаанд валютын ханш яаж ч өөрчлөгдөж байсан шатахууны үнэд өөрчлөлт орохгүй гэж ойлгож болно.