Сайд Л.Болд Элчин сайд Кристофер Стюартыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Л.Болд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кристофер Стюартыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд Британий Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйгийн захидлыг гардуулсан бөгөөд талууд хоёр талын харилцааны хүрээнд 2014 онд хийгдэх ажлуудын талаар санал солилцов.
2013 онд Монгол, Британий хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хийгдсэн ажлуудын үр дүнд хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа улам бүр эрчимжин хөгжиж, Монгол Улсын хэрэгжүүлэх томоохон төслүүдэд Британий компаниуд оролцохын сацуу “Оюу Толгой” төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын хэлэлцээ амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа Сайд Л.Болд илэрхийлэв.
Мөн энэ онд Лондон хотноо болох Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болон Британий Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйгийн санаачилсан “Мөргөлдөөний үеийн бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх санаачлага”-ын дээд хэмжээний уулзалтад Монголын талаас өндөр түвшний төлөөлөгч оролцуулах боломжийг талууд судлахаар болов.