Монгол Улсын хүн ам хоёр сая 942.3 мянгад хүрчээ
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсын хүн ам яг өнөөдрийн байдлаар хоёр сая 942.3 мянгад хүрлээ.
Үүнээс Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын тоо 2824.2 мянга болж, өмнөх оныхоос 63.6 мянган хүн буюу 2.3 хувиар өсчээ.
Засгийн газраас Монгол Улсын гурван сая дахь иргэнийг нийслэлийн есөн дүүрэгт тус бүр тодруулж, хүүхэд бүрт гурван сая төгрөг олгох тогтоолыг баталсан билээ.
Дашрамд дурдахад, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүн амын сангийн судалгаагаар Монголын хүн ам 2017 онд гурван саяд хүрэх гэнэ. 1911-1960 оныг хүртэл Монголын хүн амын өсөлт хэт удаан буюу жилд нэг ч хүрэхгүй хувьтай явж ирсэн бол 1965-1980 оны хооронд эрчимтэй өссөн байдаг аж. Үүнийг тоон үзүүлэлтээр илэрхийлбэл 1911 онд хагас сая хүн амтай байсан бол 1963 онд нэг саяд хүрсэн байна. Харин 1980-аад он гэхэд Монголын хүн ам хоёр саяд хүрчээ.
1990-ээд оноос хэвийн буюу жилд дунджаар хоёроос гурван хувийн тогтмол өсөлттэй явсаар өдийг хүрсэн байна. Цаашид уг тогтмол өсөлт хэвээр үргэлжлэхийг Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сангийн судалгаа харуулсан гэнэ.