Өргөдлийн байнгын хороо ажлаа тайлагналаа
УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарласантай холбогдуулан УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дарга Р. Бурмаа, тус байнгын хороонд харьяалагддаг УИХ-ын гишүүд тайлангийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Өргөдлийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд иргэний өргөдлийн дагуу нийт 6 удаа хуралдаж, 19 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Хариуцсан салбарын асуудлаар нь гаргасан иргэдийн өргөдлийн дагуу Эрүүл мэндийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсчээ.
Мөн тус Байнгын хороо 6 тогтоол гаргаж, 4 хуралдааны тэмдэглэлээр хуулийн хэрэгжилт хангах, зөрчил арилгах асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн байна.
Энэ хугацаанд давхардсан тоогоор 1024 иргэнээс 827 өргөдөл иржээ.
Үүнээс 42 өргөдөл нь УИХ-ын бүрэн эрхэд шууд хамаарах асуудлаар гаргасан байсан бол 764 нь ахуйн шинжтэй хувийн асуудлаар хандсан хүсэлт байжээ.
УИХ-ын гишүүдтэй хамтран ажилласнаар 176 хүсэлтийг харвяаллын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн бол 323 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байгаа гэнэ.
Тухайлбал, Иргэн Г.Цэдэнбалжир, Ц.Сарантуяа, Д.Дашдаваа, М.Хуандаг, Н.Гансүх нараас төрийн албан хаагчийн эмчилгээний зардалд төрөөс дэмжлэг үзүүлэх талаарх Төрийн албаны хуулийн заалт хэрэгжихгүй байгаа талаар өргөдөл ирүүлснийг Байнгын хороо хэлэлцээд Засгийн газарт чиглэл өгчээ.
Учир нь төрийн албан хаагчид төрөөс үзүүлэх эмчилгээний зардлын тодорхой хувийг олгох талаарх журмыг Засгийн газар батлаагүйгээс гадна шаардагдах зардлын төсөвгүй гэсэн шалтгаанаар төрийн байгууллагууд хэрэгжүүлэхгүй явж ирсэн байсан аж. Үүнийг шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгчээ.
Мөн Иргэн Ш.Одонгэрэл, Ж.Мягмаржав нараас ирүүлсэн өргөдлийн дагуу Байнгын хорооны тогтоолоор УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн холбогдох заалтыг боловсронгуй болгох талаар судалж Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлөөр хэлэлцэн Байнгын хороонд танилцуулахыг хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл болгосон байна.
Онцлоход, УИХ-д ирүүлсэн өргөдлийн 80 хувийг гэр олгуулах болон нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээ, тусламж эзэлсэн байна. Тиймээс эдгээр өргөдлийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Сумьяабазар нар судлан хуралдаанаар хэлэлцүүлж, Нийгмийн халамжийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд халамжийн сангийн үйл ажиллагааг сайжруулах, төсөв, хөрөнгийг үр дүнтэй зарцуулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллан танилцуулахыг Засгийн газарт чиглэл болгожээ.
Эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлаар 107 иргэнээс өргөдөл ирүүлснийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Д.Сарангэрэл нар судлан дүн шинжилгээ хийж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлснээр Эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хүн амын өвчлөлийн шалтгааныг судлан тогтоож, түүнийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалт, үнэ тариф, өмчийн хэлбэр, боловсон хүчний талаар арга хэмжээ авч ажиллах чиглэлийг Засгийн газарт өгч ажиллалаа гэж тус байнгын хорооныхон хэллээ.
Хэвлэлийн хуралд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Р.Бурмаа тэргүүтэй тус байнгын хорооны гишүүн Ж. Батзандан, Д. Сарангэрэл, С.Ганбаатар нар оролцов.