Д.Ганхуяг: Шинэчлэлийн Засгийн газарт сайн дүн тавина
Уул уурхайн сайд асан, УИХ- ын гишүүн Д.Ганхуягийг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Шинэчлэлийн Засгийн газарт дүн тавиач гэвэл та бүрэлдэхүүнд нь багтаж ажиллаж байсан хүний хувьд юу гэж хэлэх вэ?
-Улс төрийн маш хүнд нөхцөлд, сайн л ажилласан учир сайн дүн тавина. Улс төрийн хүнд нөхцөл гэдэг нь шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойшхи хугацаанд УИХ- ын чуулганы нийт хугацааны 60 гаруй хувьд нь Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах буюу давхар дээл, Ерөнхий сайд,
Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцсэн гэсэн статистик байна. Н.Алтанхуяг Ерөнхий сайд хоёргүй сэтгэлээр чөмгөө дундартал зүтгэсэн. Миний үзэж байгаагаар Н.Алтанхуяг дарга шиг тийм хөдөлмөрч хүн одоогийн улстөрчид дотор олон биш. Цаашид макро эдийн засгийн оновчтой бодлогод анхаарах шаардлагатай.
Шинэчлэлийн Засгийн газар өмнөх Засгийн газруудаас нийгэмд хуралдсан, тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж чадсан. Тэгээд ч энэ Засгийн газрын үед хийсэн олон ажлаас хэдхэн тоймтойг нь хэлье. Олон түмэнд аль ч Засгийн газраас илүү нээлттэй байж чадсан. Мөн олон улсын хөрөнгийн зах зээлд Монгол Улсын Засгийн газрын бондыг хамгийн тохиромжтой үед нь гаргаж санхүүжилт татаж чадсанаас гадна монголд хэрэгжиж буй төслүүдийн зээлийн хүүг бууруулахад чухал нөлөө үзүүлсэн.
Эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээг олон дахин нэмэгдүүлсэн, бүх аймгийн төвийг нийслэлтэй холбох зорилтыг тавьж хамгийн урт замыг тавьсан, гудамж төслийг хэрэгжүүлж Улаанбаатар хотын түгжрэлийг илт бууруулсан, анх удаа бензиний үнийг түүхий нефтийн биржийн үнээр тооцдог болсноор уг гадаад худалдаа бизнесийн зарчимд шилжиж, өнгөрсөн хугацаанд бензиний үнэ нэмэгдэлгүй тогтвортой байж, хэрэглэгч иргэдээс гарах зардал ойролцоогоор нэг их наяд төгрөгөөр хэмнэгдсэн.
Бензинийг хэд хэдэн нийлүүлэгчээс худалдан авч нийлүүлэлтийн сайн нөхцөлийг авах өрсөлдөөнийг бий болгож чадсан, ихэнх оронд байдаг орон сууцны моргейжийн зээлийг сонгодог утгаар нь нэвтрүүлж 30 орчим мянган гэр бүлийг хамруулсан. Алтны худалдаанд ил тод байдал бий болгох эрх зүйн орчин бүрдсэнээр алтны тушаалт дахин нэмэгдэж, гадаад валютын нөөц 450 сая орчим ам.доллараар нэмэгдсэн, манайд түүхий эд нь байдаг цемент, төмөр хийц зэрэг барилгын гол нэрийн материалын үйлдвэрлэлийг дэмжсэнээр ойрын ирээдүйд эх орныхоо хэрэгцээг хангах ба энэ хэмжээгээр гадагш гарах валютын урсгалыг багасгах арга хэмжээ авч чадсан. Мөн эрсдэлтэй, хөрөнгө оруулалт их шаарддаг эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой, өрсөлдөх чадвартай болсон зэргийг дурьдаж болно.
-Гэхдээ таны харьяалагддаг“Шонхор” фракцийнхныг Шинэчлэлийн Засгийн газрыг унагахад хамгийн том үүрэг' гүйцэтгэсэн гэдэгтэй санал нэгдэх үү?
-Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн өөрийн Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийх хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, тэр төслийг УИХ баталсан. Залгуулаад 28 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Мөн дээр нь 10 гаруй гишүүн энэ төслийг дэмжихээ олон нийтэд албан ёсоор зарласан байсан шүү дээ. Эдгээр гишүүдийн тоо нь 76 гишүүний 50 хувиас давсан гэсэн үг л дээ.
Тэр үед Засгийн газраас УИХ-ын орж ирсэн шийдвэрийн төслүүд унасаар, цаашдаа ч энэ байдал үргэлжлэх нь тодорхой болсон. Гүйцэтгэх засаг нь УИХ-саа дэмжлэг авч чадахгүй удах тусам, тэр хэмжээгээр улсын хөгжлийн хурдац саарах нь ойлгомжтой байх. Ийм үед хэсэг гишүүн Засгийн үйл ажиллагааны тасралтгүй байдал нь улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд хамгийн чухал нөлөөтэй учраас, энэ талаар санал солилцож байгаад Ерөнхий сайдыг огцруулах тэр чуулганд очихгүй байхаар шийдсэн юм. Шалтгаан нь ердөө л энэ. Төрийн сүлдэнд тангараг өргөсөн гишүүдийн энэ шийдвэрийн зөв, буруу нь цаг хугацааны шалгуураар тодорхой болох байх.
-Засгийн газрыг санаатайгаар ба санаандгүйгээр унагасан хүмүүст хариуцлага тооцно гэдэг яриа гарсныг хэрхэн хүлээж авсан бэ?
-Тийм яриа байлгүй яах вэ. Ардчилсан намын шийдвэр гаргах эрх бүхий бүтэц болох ҮЗХ-ны хурал дээр ч энэ асуудлыг ярилцаж санал хураасан. Бараг 100 хувийн саналаар хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзсэн. Энэ нь нэгийг бодуулах биз.
-Шийдлийн Засгийн газар өмнөх Засгийн газрын үед цомхотголд оруулах гэж байсан яамдыг авч үлдсэн нь албан тушаал хуваах зорилготой гэж ярьж байгаа. Та энэ талаар ямар бодолтой байна вэ. Та яагаад сайдынхаа суудлыг хамгаалж үзэх гэж зүтгээгүй юм бэ?
-Юу гэж ч тайлбарлаж болох байх. Миний бодол арай өөр. Ер нь Шинэчлэлийн Засгийн газар УИХ-аас дэмжлэг авах эсэх нь эргэлзээтэй болсон, Түүнээс гадна УИХ дахь олон гишүүнтэй цөөнхийн дэмжлэггүйгээр улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад голлох нөлөөтэй бодлогын томоохон асуудлуудыг шийдэх боломжгүй байсан. Энэ байдалд намууд дүгнэлт хийж Их эвслийн засгийн газар байгууллаа.
Энэ шийдвэрийг “намын эрх ашгаас улс, нийт иргэдийн эрх ашгийг дээгүүрт тавьсан шийд” гэж хэлж болно. Шийдлээ хүлээж байгаа улсын хөгжилд онцгой нөлөөтэй хэд хэдэн том ажлууд бий. Эдгээр асуудалтай харьцуулахад ганц нэг засгийн газрын гишүүн нэмэгдэх бол жижиг асуудал гэж хэлэх байна. Ер нь тухайн Засгийн газар нь огцорсон тохиолдолд, дараагийн Засгийн газарт өмнөх Засгийн газрын гишүүд орох гэж зүтгээд байх нь тийм ч зохимжтой бус гэж бодсон. Мэдээж нөгөө давхар дээлний дуулианыг ч бодсон.
- Шийдлийн Засгийн газрыг ямар ажил хийх ёстой гэж та бодож байгаа вэ?
-Олон ажил бий. Энэ Засгийн газрыг байгуулахад намуудаас гарч ажилласан ажлын хэсэг хийх ажлынхаа цөмийг ярьж тохироод гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн байгаа. Мөн эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөө гаргаж ажиллахаар болсон. Тухайлбал, УИХ, Засгийн газарт гадаадын хөрөнгийн зах зээлээс таван тэрбум ам.долларын бонд босгох зөвшөөрлийг өгчихөөд 1.5 тэрбум. долларын бондын санхүүжилт босгоод ирэхээр нь энэ хөрөнгийг Засгийн газрын зээлд багтаах харилцааг зохицуулж байгаа төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах хуулийн төслийг баталж өгөхгүй 1.5 жил гэдийчихсэн.
Энэ хуульд УИХ- ын гишүүдийн гуравны хоёроор өөрчлөлт орно. Тэгснээ Монгол Улс хоёр, гурван төсөвтэй болсон гэж баахан шүүмжилж улстөржсөн. Ийм тоглоомтой юм байж болохгүй л дээ. Олон улсын санхүүгийн байгууллага ч энэ асуудлыг цэгцлэх учиртай гэж зөвлөсөн гэнэ билээ. Мөн далд эдийн засаг болон авлигалыг бууруулахад хамгийн том хүчин зүйл нь улстөрийн зардлыг багасгах, ил тод болгох гэж үзсэн.
Байнга л тэр нэр дэвшигч намдаа тэдэн зуун саяыг эсхүл тэр компани тэдэн тэрбумыг хандивласан гэсэн мэдээ гардаг. Энэ нь угтаа бол хууль бус л даа. Иймд улс төрийн намын санхүүжилтийн хуулийн төслийг яаралтай батлах хэрэгтэй. Үүнээс гадна намууд ардчилсан сонгуулиар дамжиж төрийн эрх барихад оролцон баялаг бүтээгчдийг дэмжих үндсэн үүрэгтэй атлаа хотод ч, орон нутагт ч намын байр нэрээр үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж байгааг хязгаарлах шаардлага бий.
Намууд их зардалтай байгаагийн нэгэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл. Манай улсын улс төрийн намууд нийт хүн амтайгаа харьцуулахад намын гишүүдийнхээ тоогоор дэлхийд цойлоод түрүүлчихсэн яваа. Энэ бол муу үзүүлэлт. Энэ нь сонгуулийн бусад үед хэт их улстөржих нөхцөлийг бүрдүүлж.нам дагаж амьдрал залгуулах хүсэлтэй иргэдийн тоог өсгөсөөр байна. Энэ байдал нь улсын хөгжилд сөргөөр нөлөөлж байна.
-УИХ ямар бодлогын ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Парламентийн засаглалыг бэхжүүлэх, улс төрийн тогтвортой байдлыг хангахад гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг зохистой түвшинд нэмэгдүүлэх зэрэг зорилгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байж магадгүй. Сүүлийн 20 гаруй жилийн байдлаар манай Засгийн газрын дундаж нас хэтэрхий богино байгаа нь судалгаагаар тогтоогдсон байгаа.
Ил уурхай хугацаандаа ашиглалтад орж бүтээгдэхүүнээ төлөвлөснийхээ дагуу үйлдвэрлэн борлуулж, татвар, хураамжаа гэрээгээ тогтворжуулсныхаа дагуу төлж байна
Мөн зарим эрдэс баялгийн зах зээлийн үнийн уналт үргэлжилж байгаа, том гүрнүүд хоорондын зөрчлөөс хамаарч дэлхийн мөнгөний урсгалын цочирмог өөрчлөлттэй үед байтугай, энгийн үед ч улс орнууд гаднаас хөрөнгө татах, гадагш чиглэсэн мөнгөний урсгалыг багасгах, далд эдийн засгийг багасгах зэрэг зорилтоор хөрөнгийн болон татварын өршөөлийн хуулийг баталж, сайтар хэрэгжүүлж байна. Зарим орон гадагш хууль бусаар гаргасан хөрөнгөө эргэж оруулж ирэхэд нь хуулийн хариуцлага тооцохгүй гэсэн шийдвэр гаргасан байна.
Ер нь төрийн хөрөнгийн өгөөжөөс илүү, иргэнд байгаа хөрөнгийн өгөөж маш өндөр байдаг. Мөн ийм хэлбэрийн өршөөлийн хуулийг зоригтой, хугацаа алдахгүй батлах шаардлагатай гэж ярьдаг. Иймд тэр яриад байгаа эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсронгуй, болгож батлахаар ярилцсан. Мөн Манай улсын эдийн засгийн бодлого дөрвөн жилээр , заримдаа үүнээс богино хугацаанд өөрчлөгдөх тохиолдол ч байна.
Энэ бол тун тусгүй үзүүлэлт. Хөрөнгө оруулагчид бодлогыг зөвхөн урт хугацаанд тогтвортой байхыг л хүсдэг. Иймд бодлого төлөвлөлтийн хуультай болж, эдийн засгийн гол бодлогуудаа олон улсын аргачлалаар хамгийн богинодоо 10 жилээр төлөвлөх хэрэгтэй байна, Эдгээр асуудлаас гадна том төслүүдийг улс төрийн шийдвэрээр урагшлуулах шаардлага ч байгаа. Ер нь төр, засаг хурдацтай ажиллах шаардлагатай байна,
-Данхар дээлийг хамгийн их эсэргүүцэж байсан Ардын намынхан Засгийн газарт хамтарч, давхар дээл нөмөрлөө. Бас танай намын зарим гишүүн ч эсэргүүцэж байсан давхар дээлээ өмссөн. Энэ бүхнийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Энэ давхар дээлний асуудал хуулиар бол нээлттэй байгаа. Ерөнхий чиг үүргийн яамыг давхар дээлтэй сайдаар хашуулах нь зүйтэй гэсэн санал ч байдаг. Улсын хөгжилд улс төрийн тогтвортой байдал нь хамгийн чухал гэдэгт эргэлздэггүй. Ерөнхий сайд хүн энэ өнцгөөс харах нь элбэг байдаг. Бусад гишүүнийг төлөөлж байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй гэж бодож байна.
-Таны оронд Уул уурхайн сайд болсон Р.Жигжид гуайг Ардын намын гишүүн гэсэн яриа гарч, нэлээд шүүмжлэлд өртсөн. Тодруулбал, Р.Жигжид гуайг сайд болгож, ард нь Д.Ганхуяг өөрөө удирдах гэж байна гэсэн утгатай яриа гараад байсан?
-Р.Жигжид 1990 оноос хойш ганц хоёрхон жил МАХН- ын гишүүн байсан гэсэн. 1990 оноос өмнө Монгол Улсад ганцхан МАХН гэх нам байсантай маргах хүн байхгүй болов уу. Ардчилсан намд ч МАХН-ын гишүүн байсан хүмүүс байдаг. 1990 оноос хойш тэр төрийн тусгай албанд 29 жил ажилласан юм билээ. Энэ албаны хүмүүс хуулиар аль нэг намын гишүүн байх боломжгүй байдаг. Бид 1984 оноос өнөөг хүртэл хамтдаа сурч, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хамтарч ажилласан, Түүний улс төрийн үзлийн ардчилсан, консерватив
үзэлтэй гэж ойлгодог, ба тэр ардчилалыг тууштай дэмжсээр ирсэн. Тэр төрийн албаар мэргэшсэн, шалгарсан түшээгийн нэгэн, Түүний ард би удирдах гэдэг үгийг ойлгохгүй юм байна.Монгол Улсын тухайд УИХ болон Засгийн газрын харилцаа ил тод байдаг, Бид сая хоёр жил хамт ажилласан.
Миний хувьд УИХ дээр гишүүнийхээ хувьд энэ салбарын ажлын сайныг нь тууштай дэмжиж, саарыг нь шүүмжилж сайжруулж ажиллах болно. Би Р.Жигжидийг Уул уурхайи сайд болохыг дэмжсэн, шалтгаан нь улс орон, олон түмний эрх ашгийг бодсон юм. Тэр сайд болвол, яамны хамт олон маргаашнаас нь шууд ажлаа үргэлжлүүлэх боломжтой гэж бодсон. Түүнээс гадна тус яаманд багаар ажиллах барууны боловсролтой, менежмент мэддэг хүчтэй баг бүрэлдсэн гэж боддог бөгөөд, энэ багийг тэр хамгийн сайн удирдана гэж бодсон. Энэ хамт олон өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цаг наргүй, хагас бүтэн сайнгүй ажилласанд талархаж явдаг.
-Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт тасарснаас болоод эдийн засгийн хямрал үүссэн гэж зарим хүн тайлбарладаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Эдийн засгийн хүндрэлд нөлөөлсөн нилээд хэдэн хүчин зүйлс байгаа байх. Экспортын гол нэрийн ашигт малтмалын зах зээл сайн үед хоёр тэрбум орчим ам.долларыг, үүний бараг тэн хагасыг нь ирээдүйд орж ирэх орлогоо барьцаалж зээл аваад тараачихсан. Одоо хүртэл тэр зээл нь төлөгдөж дуусаагүй байна.Энэ нь сонгуулийн бэлэн мөнгөний амлалтгай шууд холбоотой. Нүүрс болон ашигт малтмалын баяжмалыг машинаар тээвэрлэж байгаагаас үнэ унасан үед экспортын орлого буурахад нөлөөлж байна.
Төмөр замаа мөнгөтэй үедээ тавьчихсан бол өөр байх байсан. Өнөөгийн байдлаар 2012 онтой харьцуулахад нүүрсний үнэ 70 орчим, төмрийн хүдэр 40 гаруй хувиар тус тус уначихсан байна. Хөрөнгө оруулагчид зах зээлийн үнэ буурч байгаа салбарт хөрөнгө оруулалт хийхээс болгоомжлох хандлага ч байдаг. 2012 оны сонгуулийн үеэр эдийн засгийн тулгуур болох эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг тогтворгүй болгочихсон.
Гэрээнд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхдээ Оюутолгой компанид биш өөр компанид хууль зөрчин шилжүүлснээр далд уурхайн нөөцийн 30 гаруй хувийг алдахаар болсон байсан. Үүнийг хуульд нийцүүлэн шийдвэрлэснээр Монголд орох ашиг 2.0 орчим тэрбум ам.доллараар нэмэгдэхээр болсон.
Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглоод дөрвөн жил болчихсон. Тухайлбал стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулахтай холбогдсон хууль, тусгай зөвшөөрлийн 40 орчим хувийг зогсоосон урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоол, 106 тусгай зөвшөөрлийн маргаан гэх мэт. Энэ бүхний ихэнхийг нь өнгөрсөн хоёр жилд засч, эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг урт хугацаанд тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүлсэн. Хөрөнгө оруулалт буурсан гэвэл буурсан. Гэхдээ энэ асуудалд бодитой хандах нь чухал. Монгол улсад 1991-2012 оны хооронд 14.2 орчим тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон байна. Үүнээс 2008- 2012 оны хооронд 8.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орсны 7.1 тэрбум ам.доллар нь буюу 88 хувь нь Оюутолгойнх.
Оюутолгойн хөрөнгө оруулалтыг тусад нь тооцвол 2008- 2012 оны хооронд жилд дунджаар 300 орчим сая ам.доллар гадаадын хөрөнгө оруулалт орж байж. Харин 2013, 2014 онд 800сая, нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орсон байна. Гол нь Оюутолгойн төслийн анхны огцом том хөрөнгө оруулалт дууссан ч, энийг орлох том төслүүдийг эхлүүлж чадаагүйтэй холбоотой.
Ер нь байдал ийм байхад улс төрчид төрийн индэр дээрээс хөрөнгө оруулалт буурлаа хэмээн дахин дахин чанга хашгирч таашаал авах нь тийм ч зохистой бус. Нөгөө өргөсөн тангарагаа байнга бодох, хөрөнгө оруулалтыг татахын тулд бүх улс орнууд ямагт өрсөлдөж байгааг ч санах нь зөв болов уу. Оюутолгойн далд уурхайн санхүүжилт яагаад хийгдэхгүй байгаа шалтгааныг Монголын тал бие биенээ хэвлэлээр мэрэхийн оронд хөрөнгө оруулагч талаас асуух нь зохистой юм.
-Ер нь ямар шалтгаанаар Ц. Сэдваанчиг Эрдэнэс Оюутолгойн захирлаас буусан юм бэ?
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр манай эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгсөн ТЭЗҮ-ийн хүрээнд санхүүжилт босгох зарцуулах, бүтээн байгуулалтыг зохион байгуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах бүх эрх нь хөрөнгө оруулагч талд байгаа. Уг нь бол хөрөнгө оруулагчдын өөрсдийн хийсэн ТЭЗҮ-р далд уурхайн санхүүжилтийг ил уурхайн' бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос хийхээр тооцсон байдаг. Гэхдээ хөрөнгө оруулагч тал нэмж санхүүжилт босгож далд уурхайн бүтээн байгуулалтыг хурдавчлах санал тавихад нь Шинэчлэлийн Засгийн газар дэмжсэн.
Харин нь бүх үйл ажиллагаа байгуулсан гэрээ, Монгол Улсын хуулийн дагуу явах ёстойг тодотгосон. Тэд ч хүлээн зөвшөөрсөн. Шинээр санхүүжилт босгоход хуульд заасны дагуу нөөцийн тайлан болон ТЭЗҮ-д өөрчлөлт оруулдаг. Эдгээр материал энэ оны 10 сард л ЭБМЗ- д ирсэн гэсэн мэдээлэл байгаа. Эдгээр ажлыг хийх нь хөрөнгө оруулагч талын гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг. Гэтэл энэ асуудалд Монголын тал буруутгагдаад байгаа нь ойлгомжгүй бөгөөд шударга зарчимд нийцэхгүй явдал гэж үзэж байна. Ц.Сэдванчиг захирал бараг л хэлмэгдсэндээ.
Гэрээнд заасан анхны хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр хэтэрсэн ба үүнд хөрөнгө оруулагч талтай тохирч баримтын шалгалт оруулснаар 1.2-1.6 тэрбум ам.долларын хооронд уг асуудлыг шийдэхээр хэлэлцээр үргэлжилж байгаа гэж ойлгож байна. Энэ төслийн санхүүжилтийн зээлийн хүү хэт өндөр байсан. Ер нь ховор тохиолдол юм билээ. Хэсэг гишүүдийн шахалтаар гэрээнд өөрчлөлт орсон.
Ажил хийж буй хүнд алдаа оноо байдаг. Хөрөнгө оруулагч тал далд уурхайн санхүүжилттэй холбогдуулж Засгийн газар дээр ярьсны дагуу Эрдэнэс Оюутолгой компанийн гүйцэтгэх захирлаас албан бичиг явуулсан байдаг. Тэр бичигний агуулга нь "... танай санхүүжилтийн саналыг дэмжихээр судалж байгаа бөгөөд зарим нэг асуудал нь байгуулсан гэрээ, холбогдох хуульд нийцэхгүй байна. Хуульд нийцэхгүй болохоор Эрдэнэс Оюутолгой компани болон Засгийн газрын эрхээс давах тул, УИХ-аар хэлэлцүүлэх шаардлага үүсэх талтай” гэсэн байсан.
Хуульд нийцэхгүй санал нь хөрөнгө оруулагч тал энэ ордын тусгай зөвшөөрлийг нэгэн компаниас худалдаж авсан бөгөөд тэр компанидаа бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос 2.5 хувийн нөөц ашигласны төлбөр (роялти)- ийг нэмж авах санал байсан. Энэ нь хэн ч бодвоос боломжгүй зүйл. Дэлхийд роялтиг баялгийн эзэн улс баялгаа ашиглуулахдаа авдаг төлбөр болохоос биш, хувийн компани роялти авч байсан тохиолдол бараг байхгүй байх.
Ер нь 2012 оны сүүлчээр Оюутолгойн асуудлыг УИХ дээр нээлттэй ярьж байсан, тэр үед төрийн тэргүүнээс өгсөн чиглэлд энэ роялтигийн асуудал орж байсан. Гэтэл тэр захианаас болоод Хөрөнгө оруулагч тал далд 2013 оны 07 сарын сүүлчээр болов уу далд уурхайн санхүүжилтийг хойшлуулах шийдвэр гаргаснаа зарласан. Ийм шийдвэр гаргахыг Монгол хүмүүс зөвлөсөн гэдэг юм билээ, гэхдээ сайн мэдэхгүй. Уг нь нэг компанийн хувь нийлүүлэгчид (ХН гэх) хоорондоо албан бичгээр харилцах. маргалдах тохиолдол зөндөө л байдаг, эрх ашиг нэг учир асуудлаа шийдээд л явдаг.
Эндээс бид нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэй үндэстэн дамнасан корпорациуд хамтарсан компанийнхаа ХН-тэй ямар арга барил, тактикийг хэрэглэж эрх ашгаа гүйцэлдүүлж асуудлыг шийддэг болох нь харагдах байх аа. Энэ тактикийг “Галуун цуваа” гэж хэлсэн харагдсан. Ингээд Эрдэнэс оюутолгойн захирал өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгснөөр энэ асуудал намжмал байдалд орсон. Энэ бүхэн бодитой мэдээлэл юм. Харин “хөрөнгө оруулагчдыг хаалга өшиглөн хөөж байсан” гэж саяхан зарим хэвлэлд гарсан байсан. Миний хувьд тийм зүйл болж байгаагүй бөгөөд, цэвэр гүтгэлэг шүү гэж хэлмээр байна.
- Өнгөрсөн хугацаанд танай яам Оюутолгой төсөл дээр хэрхэн ажиллав.
2011 онд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт орсон байх, ямар үр дүн гарч байна вэ. Оюутолгойн удирдлагууд монголд саяхан ирсэн. Та бүхэн өнгөрсөн хугацаанд тэднийг урьсан байсан юм уу. Оюутолгойн асуудал хэрхэн шийдэгдэх бол гэсэн хүлээлт үүсээд байгаа. Үүнд та тодорхой хариулт өгнө үү?
-Энэ төсөл амжилттай хэрэгжиж байгаа. Хоёр тал сайн ойлголцож хамтарч ажиллаж ирсэн. Ил уурхай хугацаандаа ашиглалтад орж бүтээгдэхүүнээ төлөвлөснийхээ дагуу үйлдвэрлэн борлуулж, татвар, хураамжаа гэрээгээ тогтворжуулсныхаа дагуу төлж байна. Гэрээнд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхдээ Оюутолгой компанид биш өөр компанид хууль зөрчин шилжүүлснээр далд уурхайн нөөцийн 30 гаруй хувийг алдахаар болсон байсан. Үүнийг хуульд нийцүүлэн шийдвэрлэснээр Монголд орох ашиг 2.0 орчим тэрбум ам.доллараар нэмэгдэхээр болсон.
Гэрээнд заасан анхны хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр хэтэрсэн ба үүнд хөрөнгө оруулагч талтай тохирч баримтын шалгалт оруулснаар 1,2-1.6 тэрбум ам.долларын хооронд уг асуудлыг шийдэхээр хэлэлцээр үргэлжилж байгаа гэж ойлгож байна. Энэ төслийн санхүүжилтийн зээлийн хүү хэт өндөр байсан. Ер нь ховор тохиолдол юм билээ. Хэсэг гишүүдийн шахалтаар гэрээнд өөрчлөлт орсон. Ингэснээр санхүүжилтийн зээлийн хүү 4-5 хувь орчмоор буурсан.
Ингэснээр манай талын ашиг төслийн хугацаанд багадаа нэг тэрбум доллараар нэмэгдэнэ гэж тэр үеийн сангийн сайд хэлж байсан. Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн асуудлыг шийдэх эрх нь ТУЗ болон хөрөнгө оруулагч талд байгаа. Засгийн газар хууль, гэрээний хүрээнд дэмжинэ гэдгээ ч илэрхийлсэн. Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн өмнөхөн хоёр тал нэг санамж бичигт гарын үсэг зураад далд уурхайн санхүүжилтийн асуудлыг шийдснээр зарлахаар өдөр хоног товлох гэж байсан. Санамж бичгийн төсөл нь эхлээд хэтэрхий урт байсан боловч ярилцсаар байгаад ойлгомжтой авсаархан болгосон. Ер нь Риогийн тинто компанийн хамгийн том албан тушаалтан ирэх талаар ч ярьж байсан.
-Оюутолгой компанид аудитын шалгалт хийсэн багийнхны тавьсан торгууль нь эхлээд 600 сая ам.доллар байсныг 130 сая ам.доллар болгосныг дахиад 30 сая ам.доллар болгож бууруулсан гэдэг мэдээллийг УИХ-ын зарим гишүүн өгч байгаа. Энэ талаар танд ямар мэдээлэл байгаа вэ?
-600 сая ам.долларын тухайд надад мэдээлэл алга. 130 сая ам.долларын татварын маргааны талаар бол мэдээлэл сонссон. Энэ бол хуульд заасны дагуу Сангийн яам, Татварын ерөнхий газрын хариуцдаг ажил. Бүх талуудын оролцоо бүхий татварын маргаан таслах зөвлөлөөр ил тод хэлэлцсэн гэсэн.
-Тавантолгойн ордыг хувьчлах уу. МCS компанид хувьчлах гэж байгаа гэсэн мэдээлэл гарч байсан? Таныг зарим гэрээний талаар их ярьдаг. Сайд болчихоод ус залгисан юм шиг чимээгүй болсон гэх. Төслийг хэтэрхий улстөржүүлээд байна гэж ярьдаг. Ер нь цаашид том төслүүдэд Монгол улс ямар бодлого барьвал зүгээр вэ?
-Таван толгойн хөрөнгө оруулагчийг УИХ- ын тогтоолын дагуу Монгол улсын эрх ашгийг дээдэлж ил тодоор өрсөлдүүлэн яаралтай сонгоно гэж ойлгож байна. УИХ-ын тогтоолд хөрөнгө оруулагчид дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдаас бүрдсэн нэгдэл байхаар заасан. Таван толгойг тойрсон дэд бүтцийн шийдлүүд бүгд гарсан, транзит тээврийн хэлэлцээр хүртэл хийгдсэн. Одоо хөрөнгө оруулагчийг сонгосноор компанийн үнэлгээ, хувьцааны үнэ нэмэгдэх учиртай. Эдийн засгийн хямрал, хүндрэлийг боломж гэж харах хэрэггэй. Ингэж харсан улс нь хождог.
Би Засгийн газрын гишүүний хувьд хуульд захирагдан ажилласан. Бүх засгийн газрын гишүүд ийм байдаг. Тэр нь хууль, УИХ-ын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, ЗГ-ын кабинетийн зарчмыг дагадаг байх. Энгийн УИХ-ын гишүүн бол хамаагүй чөлөөтэй, эрх мэдэлтэй байдаг. Хууль тогтооход оролцох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих. Төслийг улс төржүүлдэг нь үнэн. Улстөрчдийн зүгээс л албан тушаалын болон хувийн чанартай зорилтодоо хүрэхийн тулд захиалгат мэдээлэл нийтлэл гаргах тохиолдлууд олширдог.
Олон ч байна. Ер нь улс төрч байхдаа хэвлэлийн салбарын байгууллага, аж ахуйн нэгжийн эзэн байхаа өөрсдөө санаачлаад татгалзсан нь дээр байгаа юм. Ер нь том төсөл болгон дээр гэрээ байх шаардлагагүй. Хөрөнгө оруулалтын татварын орчныг тогтвортой байлгах баталгаа өгөхөд болно. Том төсөл хэрэгжүүлэгч хамтарсан компанид төр хувь эзэмшиж авах ноогдол ашгийнхаа оронд татвар хураамжаа нэмэгдүүлж авахаар тохирох нь илүү зохистой. Тэгэхгүй бол- санхүүжилт, зардал, хувьцаанаас ашиг хийх хувийн хэвшлийн ашиг, сонирхол, туршлага менежментийг төр дийлэхгүй, гүйцэхгүй.