Тэтгэврийн насыг нэмбэл залууст ажил хийх боломж олдохгүй
Энэ сарын 16-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Уг тогтоолд тэтгэврийн насыг уртасгахаар заасан юм. Тодруулбал, 2017-2020 он хүртэл тэтгэвэрт гарах нас эрэгтэй 62, эмэгтэй 58, 2020-2030 онд тэтгэвэрт гарах нас эрэгтэй 65, эмэгтэй 60 хүрч тогтоолгохоор заажээ. Мөн тэтгэврийн шимтгэлийн хувь хэмжээ 18-19 хувь болж, ажил олгогчид ногдох хувь хэмжээнд ачаалал ирүүлэх аж.
Харин үүнийг эсэргүүцсэн иргэд цахим ертөнцөөр үзэл бодлоо илэрхийлж, ихээхэн бухимдаж буй. Энэ асуудлаар Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийлж тэтгэврийн насыг нэмнэ гэж хэлээгүй хэмээж байгаа. Тэрбээр Тэтгэврийн шинэчлэлийн талаар төрөөс баримтлах бодлого дээр Засгийн газар ажиллаж байгаа. Тэнд тэтгэврийн насыг 60- 65 болгоно гэсэн ямар ч үг үсэг өгүүлбэр байхгүй. Ер нь хэн ч тийм юм яриагүй. Хэн ямар зорилгоор ийм яриа хөөрөө гаргаад, түүнийг нь зориуд мушгиж гуйвуулаад байгааг ойлгохгүй байна. Миний амнаас лав тэтгэврийн насыг нэмэгдүүлнэ гэсэн үг гараагүй. 2017-2030 он хүртэл тэтгэврийн насыг аажмаар нэмэгдүүлэх боломж бололцоо байгаа юу гэдгийг судалж үзье. Эмэгтэй тэтгэврийн насыг 58, эрэгтэйг нь 62 хүртэл өсгөх боломж байна уу, гэдгийг судалж үзье гэдэг үүднээс бодлогод оруулсан зүйл бий. Түүнээс өнөөдөр эмэгтэйг 60, эрэгтэйг 65 болгоно, хуульчилна гэсэн үг үсэг байхгүй ээ" гэжээ.
Хэдийгээр салбарын сайд ийм зүйлийг хэлсэн ч энэ асуудлыг судалж үзье гэж байгаа нь яваандаа нэмэх юм байна гэсэн харыг төрүүлээд байна. Хэрэв тэтгэврийн насыг ийнхүү нэмэхээр бол энэ нь ард түмнээ үхтэлээ ажиллаж улсдаа хэдэн төгрөг үлдээчихээд үх гэсэнтэй адил биз ээ. Манайх шиг хатуу ширүүн уур амьсгалтай, утаа угаар ихтэй, амьдралын буруу хэвшилтэй ард түмний хувьд дээр дурдсан насыг насална гэдэг үлгэрт гарахтай адил буй заа. Энэ нь хэсэг бүлэг эрх мэдэлтнүүдийн хувьд боломжтой байж болох юм. Тэд аль нэг газрын албан тушаалд зөвлөх, хүндэт ерөнхийлөгчийн албан тушаалд хэдэн жил сууж байгаад тэтгэвэртэй гараад санаа зовох зүйлгүй амьдарна. Гэтэл биеийн хүчний ажлыг манай хөгшчүүл 65 хүртлээ хийнэ гэдэг юу л бол.
Үнэндээ манайд одоо ч тэтгэвэртээ гараад нас бардаг тохиолдол их. Тэр хүн насаараа хөдөлмөрлөж улс эх орондоо төлж амьдарсан ч түүнийгээ буцаагаад авч чаддаггүй. Адаглаад хүүхдүүд, хань ижилд нь ч үлддэггүй. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалыг сар бүр төлдөг ч тэр хэмжээний үйлчилгээ хүртэж чаддаггүй. Улсын эмнэлгүүд нь ачааллаа даахаа больж хамгийн сүүлийн шатандаа орсон өвчтөнүүдээ л хүлээж авдаг болсон.
Бодит байдал нэгэнт ийм байхад нийгмийн даатгалыг заавал улсад төлөх хэрэг байна уу гэх иргэд олон боллоо. Ажил олгогч эздэд хүртэл дарамт үүсгэдэг манай нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөх шаардлага сүүлийн жилүүдэд олноор гарах болжээ. Тухайлбал ажилчдынхаа үндсэн цалинг үнэн зөвөөр бичиж нийгмийн даатгалд очдог албан газар байдаггүй тухай учир мэдэх хүн хэлж байна. Энэ нь нийгмийн даатгал төдий хэмжээний дарамт учруулж буй хэрэг. Ийм учраас л нийгмийн даатгалд орж ирэх мөнгө нь ч бодит байдлаасаа бага байгаа нь энэ салбарыг санхүүгийн хүнд байдалд оруулж байна.
Одоо тэтгэврийн насыг нэмбэл нийгмийн даатгалд мөнгө төлөх иргэдийн тоо улам бүр цөөрөх нь ойлгомжтой. Үүний оронд дансандаа мөнгөө хадгалах юм бол 20-30 жилийн дараа хүү нь өсөж хөгшчүүл насны эцэст санаа зоволтгүй гадны настангуудын адил дэлхийгээр аялж, зугаалж явах боломжтой болно. Аль эсвэл иргэдийн зүгээс нийгмийн даатгалд төлж байгаа тухайн иргэний мөнгийг өөрийн нэрийн дансанд байршуулж тэтгэвэрт гарахад нь төлсөн мөнгөн дүнгээр нь тэтгэврийг нь тогтоож өгөх нь зүйтэй гэх саналыг ч гаргаж байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн иргэн хэдий хэмжээний мөнгийг нийгмийн даатгалд төлнө тэр хэрээрээ насны эцэст тэтгэвэр авна гэсэн үг. Гэхдээ ингэхдээ нэрийн дансыг нээхдээ тухайн иргэн нас барсан тохиолдолд үр хүүхдүүдэд нь эсвэл хань ижилд нь шилжүүлдэг байхаар зохицуулалт хийх тухай саналыг мөн хэлж байна.
Тэтгэврийн насыг нэмэх асуудал гарснаас хойш иргэд энэ мэт олон саналыг гаргаж байна. Ядарч зүдэрсэн ард түмнийхээ нуруун дээр дахин нэг хүнд ачаа үүрүүлж, тэтгэврийн насыг нэмнэ гэх хэрэг бий гэж үү. Хэрэв ийм зүйл болбол үүнийг дагаад гарах сөрөг үр дагавар нь маш их гэдгийг албаныхан тунгааж үзэх нь зүйтэй болов уу. Адаглаад л залуусын дунд ажилгүйдэл ихсэх нь хэнд ч ойлгомжтой байна.