Элэгний С вирустай иргэдийг бүртгэж байна
Элэгний С вирусны эсрэг “Харвони” эмийг ирэх аравдугаар сард оруулах гэж байгаатай холбоотойгоор иргэдийг бүртгэж байна.
Цаашид элэгний С вирустай иргэдийг бүртгэх ажлыг ХӨСҮТ хариуцаж байгаа юм. Энэ асуудлаар өнөөдөр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, дэд дарга Я.Буянжаргал тэргүүтэй эмч нар мэдээлэл өглөө.
Иргэдийн хувьд элэгний С вирустай эсэхээ мэдэхгүй тохиолдолд нэн тэргүүнд харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандах юм. Орон нутаг, хөдөөгийн иргэд аймгийнхаа эмнэлэгт хандаж шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Одоогоор элэгний С вирустай иргэдийг бүртгэх ажил үргэлжилж байгаа юм.
Харьяа эмнэлэгт шинжлүүлсний дараа ХӨСҮТ, улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандана. Улсын хэмжээнд элэгний С вирусыг эмчлэх, оношлоход 130 эмчийг сургалтад хамруулжээ. Эдгээр эмч нар нийслэлийн бүх дүүрэг, аймгуудын эмнэлэгт ажиллаж байгаа аж.
Элэгний С вирустай иргэдийн бүртгэлийг аравдугаар сард “Харвони” эм орж иртэл хийнэ. Гэхдээ бүртгэл бүрэн дуусна гэсэн үг биш. Үе шаттайгаар бүртгэлжүүлж, эмийг олгох юм. Тиймээс иргэдийн хувьд одоо ч бүртгүүлэхэд оройтохгүй гэдгийг санууллаа. Гол нь түрүүлж бүртгүүлсэн нь “Харвони” эмийг авахдаа давуу эрх эдэлнэ гэсэн ойлголт байхгүй юм. Тиймээс иргэд одооноос харьяа эрүүл мэндийн төвдөө хандаж эхний шинжилгээгээ хийлгүүлэх хэрэгтэй аж.