Ан Хи Гён: Монголчууд их ажилсаг, найрсаг, сэргэлэн цовоо хүмүүс
Залуу монгол судлаачид
2015.08.10

Ан Хи Гён: Монголчууд их ажилсаг, найрсаг, сэргэлэн цовоо хүмүүс

Жил бүр  уламжлал болгон зохион байгуулдаг Залуу монгол судлаачдын зуны сургалт 14 хоног үргэлжилж өнөөдөр өндөрлөн, судлаачид батламжаа гардан авлаа.

26 дахь жилдээ зохион байгуулагдсан энэ удаагийн сургалтанд Орос, Герман, Швейцар, Чех, Унгар, Турк, Казахстан, Хятад, Япон, БНСУ, БНАСАУ зэрэг 11 орны 18 их сургууль, судалгааны төвөөс 29 залуу судлаач, оюутнууд оролцжээ.

Залуу судлаачид энэ удаад монгол ахуй, монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр өөр орчинд сургалтанд хамрагдаж, хөдөө малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэлний хичээлүүд үзжээ.

Эхний ес хоногийг Булган аймгийн Сайхан сумын малчин айлд амьдарч, нүүдэлчний ахуйтай танилцсан бол сүүлийн тав хоногт нь Улаанбаатар хотод монгол судлалын  сургалт судалгааны төвүүдтэй танилцаад, тухайн төвд ажиллаж буй эрдэмтэн судлаачдын лекцийг сонсчээ.

Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Заяабаатар:

"Энэ удаагийн сургалтын хамарч байгаа орны тоо, хамарч байгаа судалгааны төвийн тоо ахисан.

11 орны 29 залуу судлаач оролцож байгаа нь бидний монгол судлалыг өргөжүүлэх, монгол судлаачдын залуу халааг бэхжүүлэх бодлого зорилго  маань урагш алхаж байгаагийн илрэл юм.

Зуны сургуулийн гол онцлог нь монгол ахуй, эгэл жирийн нүүдэлчдийн амьдралыг нүдээр нь үзүүлж, биеэр нь мэдрүүлэх зорилготой байсан. Мөн монгол хэлний мэдлэгээ дээшлүүлэх, эгэл жирийн малчин ахуй амьдрал дунд малчин хүмүүстэй ярилцах, хүүхэд багачуудтай тоглож наадах боломжийг олгосон. 

Нөгөө талаас Улаанбаатар хотод монгол судлалын гол судалгааны төвүүдийн эрдэмтэн судлаачидтай танилцуулснаар судалгааны сэдвээ сонгосон, сонгохоор зорьж буй залуу судлаачдад аль чиглэлээр ямар судлаачид ажилладгийг танилцуулах зорилготой байсан. Цаашид ч энэ сургалтанд аль болох олон монгол судлаачдыг хамруулах зорилготой байна" гэлээ.

Өнөөдөр БСШУЯ-ны байранд өнөөдөр залуу судлаачид энэхүү зуны сургалтынхаа сэтгэгдлийн талаар илтгэл тавьсан юм.

 

БНАСАУ-аас МУИС-ийн 3-р курст суралцаж буй оюутан Ан Хи Гён:

"Дэлхий дээрх хүн төрөлхтний соёл ёс заншлаас монгол ахуй надад маш их таалагддаг. Хөдөө малчин ахуй, монголчуудын өдөр тутмын амьдралтай танилцсан. Монголчууд их ажилсаг, найрсаг, сэргэлэн цовоо хүмүүс.

Нар мандахаас жаргах хүртэл гүү сааж, айраг бүлж, ааруул хийж, бүслүүр хийж байхыг харсан. Бидэнд зориулж тэр аймаг наадам хийсэн.

Хэзээ ч мартахааргүй. Мянга сонсохоор нэг үз гэдэг. Хоттой харьцуулахад тухгүй юм шиг мөртлөө одоо санахад огт тийм зүйл байгаагүй" гэлээ.

Тэрбээр монголоор чөлөөтэй ярьж байсан бөгөөд шилдэг илтгэл шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлж шагнал хүртсэн юм.

Чех улсаас ирсэн залуу судлаач Катрина:

"Сайн байна уу? Миний нэрийг Катрина гэдэг. Би Прага хотын их сургуулийн монгол хэлний ангид суралцдаг.

Монгол хэл, төв азийн түүх бас соёл шашин гэх мэт зүйлс сурсан.

Надад монгол хэл сурах их хэцүү санагдаж байна. Яагаад гэвэл олон зүйл их ялгаатай байна" гэв.