Япон улсын Элчин сайд Такэнори Шимизүг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд нар өнөөдөр /2015.09.11/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Япон Улс 2020 онд олимп зохион байгуулахтай холбоотойгоор бүтээн байгуулалтын чиглэлээр гадаадаас ажиллах хүч авах талаарх мэдээллийг Элчин сайдын яамны зүгээс Хөдөлмөрийн яаманд ирүүлсний дагуу ноён Элчин сайдыг хүлээн авч буйгаа уулзалтын эхэнд хэлсэн юм.
Тэрээр Монгол Улс чөлөөт худалдааны хэлэлцээр буюу эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Япон Улстай байгуулаад байгаа бөгөөд энэ хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөн хүрээнд явуулах чухал болохыг онцлоод, цаашид Япон Улсад хөдөлмөр эрхлэх Монгол Улсын иргэдийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайханыг Хөдөлмөрийн сайдаар томилогдон ажиллаж буйд баяр хүргээд, ажлын өндөр амжилт хүслээ. Япон Улс барилгын салбарынхаа сэргэлтэд тулгуурлан энэ чиглэлийн ажиллах хүчнийг гадаад орнуудаас авч ажиллуулах шаардлагын хүрээнд Засгийн газрын зүгээс зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно. Монгол Улсын иргэдийн хувьд Японы Олон Улсын Сургалтын Хамтын Ажиллагааны байгууллагын шугамаар 1998 оноос хойш манай улсад ур чадварын дадлага эзэмшиж байна. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх тал дээр Элчин сайдын яамны зүгээс анхаарал тавьж, шаардлагатай судалгааг хийж, бэлтгэл ажлыг хангах чиглэлээр ажиллах болно гэв.