АСЕМ-ын орнуудын Хөдөлмөрийн сайд нарын V бага хуралд оролцлоо
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан АСЕМ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд нарын тавдугаар бага хуралд оролцоод ирлээ.
Болгарын нийслэл Софи хотноо энэ сарын 3-5-нд болсон уг хуралд Ази, Европын 40 гаруй улсаас хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд нь оролцож, АСЕМ-ын нийгмийн түншүүдийн форум дахь сайд нарын оролцооны талаар тусгайлан ярилцахын хамт Ази, Европын залуучуудын хөдөлмөрийн зах зээлийг сайжруулах боломж болон учирч буй саад бэрхшээл, Олон улсын нийлүүлэлтийн сүлжээн дэх зохистой хөдөлмөр болон аюулгүй ажлын байр, АСЕМ-ын хүрээнд хөдөлмөр болон нийгмийн стандартыг дэмжих, нийгмийн хөгжил болон нийгмийн хамгааллын хүртээмжийг дэмжихэд хөрөнгө оруулах асуудлыг хэлэлцжээ.
Хөдөлмөрийн сайд нарын тавдугаар бага хурлын ач холбогдлыг Г.Баярсайхан сайд Ханойн тунхаглалын хэрэгжилтийг үнэлэх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох зорилго бүхий Софигийн тунхаглалыг батласнаас гадна 2016 онд Монгол Улсад болох Ази, Европын гишүүн орнуудын дээд хэмжээний чуулга уулзалтад бэлтгэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн нь манай хувьд цаг үеэ олсон чухал арга хэмжээ хэмээн тодорхойлсон юм.
Тэрбээр “Ази, Европын залуучуудын хөдөлмөрийн зах зээлийг сайжруулах боломж болон учирч буй саад бэрхшээл” сэдвийн дор болсон нэгдсэн хуралдаанд хэлсэн үгэндээ “Ханойн тунхаглалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, тэдний хөдөлмөрийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн сайн харилцаагаар үр ашигтай нийгмийн зөвшилцлийг дэмжих, дэлхий дахинаа тулгамдсан насжилт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдвэрлэх оновчтой арга зам, шаардлагатай хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор олон талт арга хэмжээг зохион байгуулсан нь тэдгээрийн гишүүн орнууд дахь хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр дүнг дээшлүүлэхэд ач холбогдолтой болсон гэж үзэж байна.
Энэхүү уулзалт болон түүний хүрээнд үргэлжлэн хэрэгжих цуврал арга хэмжээ нь дэлхий дахинаа эдийн засаг хүндэрч байгаа энэ үед улс орнууд өөрсдийн нөөц боломжийг зохистой ашиглаж эдийн засгийн өсөлтийн тэгш бус хуваарилалтаас үүдсэн ядуурлыг бууруулах, түүний дотор бага орлоготой ажиллагчдын орлого, нийгмийн баталгааг хангах, байгаль орчны доройтлыг багасгах зэрэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаас баталсан 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг Ази, Европын бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа, зөвшилцөл, харилцан ойлголцлоор дамжуулан хэрэгжүүлэх эхлэл болох юм” хэмээгээд Монголын хөдөлмөрийн зах зээлийн онцлог болон, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар дэлгэрэнгүй танилцуулжээ.
Гурван өдөр үргэлжилсэн бага хурлаас Ази, Европын орнуудын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахыг уриалсан Софигийн тунхаглалыг төлөөлөгчид баталсан байна. АСЕМ-ын орнуудын Хөдөлмөрийн сайд нарын V бага хуралд Европын Холбоо, Ази-Европын сан, Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон хоёр тивийн 41 орноос 160 шахам төлөөлөгч оролцсон байна.