О.Амартүвшин Булган аймгийн нутгийн зөвлөлийг тэргүүлэхээр боллоо
Булган аймгийн Нутгийн зөвлөлийн Тэргүүлэгчдийн нэгдсэн хурал
2016.02.05

О.Амартүвшин Булган аймгийн нутгийн зөвлөлийг тэргүүлэхээр боллоо

Улаанбаатар хот дахь Булган аймгийн Нутгийн зөвлөлийн Тэргүүлэгчдийн нэгдсэн хурал өнгөрсөн сарын 31-нд болж, Нутгийн зөвлөлийн гишүүд шинэ даргаа  сонгосон байна.

Анхдагчдын өлгий нутаг тодотголтой Булган аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлыг БОНХАЖЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Ц.Цэнгэл даргалж, УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир, Булган аймгийн МАН-ын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшин болон дипломатч Ц.Жамбалдорж нарыг хурлын тэргүүлэгчээр сонгожээ.

Нутгийн зөвлөлийн дарга Э.Мөнх-Очир уг ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, өөрийнхөө оронд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, UFC группийн ерөнхийлөгч Отгондаваагийн Амартүвшинг нэр дэвшүүлснийг нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид санал нэгтэй дэмжсэн байна. Экс дарга Нутгийн зөвлөлийнхөө тамгыг О.Амартүвшинд хүлээлгэн өгөхдөө:

-Нутгийн унаган хүү, эрч хүчтэй бизнесмен, нэр хүндтэй залууд ажлаа өгч байгаадаа баяртай байна. Отгондаваагийн Амартүвшин бол нутгийн олныхоо итгэлийг даах хариуцлагатай, бас нутгаа гэх сэтгэлтэй залуу юм. Бизнесийн салбарт өсч өндийж ирэхдээ энэ сэтгэл нь их тод илэрдэг юм. Энэ чанараа баттай хадгалж, нутгийн олноо түшиж явахад олон сайхан ажлыг амжуулах болов уу гэж бодож байна гэлээ.