Өрхийн болон бичил бизнес эрхлэгчдийг сургаж, хөнгөлөлттэй зээл олгоно гэв
2016.03.18

Өрхийн болон бичил бизнес эрхлэгчдийг сургаж, хөнгөлөлттэй зээл олгоно гэв

Хөдөлмөрийн яам бичил бизнес эрхлэгч, хувь хүн, аж ахуйн нэгжийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэх  зорилгоор  Аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулж,гарын үсэг зурах ёслол өчигдөрТөрийн ордонд боллоо.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар гарынүсэг зурж, санамж бичгийг баталгаажууллаа.

Энэхүү санамж  бичгийг “Монгол Улсын  урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, ‘Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”,“Ажилтай, орлоготой монгол хүн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулж байгаа аж.

Жижиг, дунд үйлдвэрийн тухай,Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиуд болон холбогдох бусад хууль тогтоомжид ч иргэдэд шаардлагатай сургалт, зөвлөгөөгөөр хангах, хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээг хүргэх асуудлуудыг хамтран шийдвэрлэхээр болж байгаа юм байна.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр Г.Баярсайхан сайд “Монгол Улсын Засгийн газар жижиг, дунд үйлдвэр тэр дундаа өрхийн болон бичил бизнесийг дэмжихэд онцгой анхаарч байгаа. Өрхийн болон бичил аж ахуй нийт бизнесийн салбарын суурь болдог. Нийт бизнесийн 60 гаруй хувийг эзэлж байгаа гэдэг утгаараа асар их хэмжээний хөрөнгө шингээж олон тооны ажлын байрыг бий болгож байгаа өрхийн болон бичил бизнесийг дэмжих нь зөв гэсэн бодлогыг Хөдөлмөрийн яам барьж ажилладаг. Тэр үүднээсээ Аж үйлдвэрийн яамтай Санамж бичгийг байгуулж байгаа юм.

Жижиг үйлдвэрийг дэмжих 50 гаруй тэрбум төгрөгийг зохих шаардлагыг хангасан банкаар дамжуулан бизнес эрхлэгчдэд зээл олгох,  зээлийн батлан даалт үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэв. Ингэснээр аж ахуй эрхэлж  буй иргэд мөнгөжиж,  бизнесээ өргөжүүлэх бодитой боломж буй болох аж. Мөн тэрбээр “Уг ажлын үр дүнд ажлын байр нэмэгдэх сайн талтай. Манай яамнаас 2016 онд залуучуудын  хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд  онцгой анхаарч ажиллахаа үйл ажиллагааны чиглэлээ  тодорхойлсон байгаа. Тиймээс Аж үйлдвэрийн яамтай хамтран байгуулсан Санамж  бичгийн хүрээнд бизнес эрхэлж байгаа  болон бизнес эрхлэх хүсэлтэй залуусыг түлхүү бодлого барина” гэлээ.

 Санамж бичгийн  хүрээнд хоёр тал Хөдөлмөр эрхлэлтийг  дэмжих болон Жижиг, дунд үйлдвэрийн салбарын хууль тогтоомж, журам, заавар, шийдвэр, тэдгээрийн ач холбогдол, үр нөлөөг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд танилцуулах, бичил, жижиг, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах юм байна. Түүнчлэн өрхийн болон бичил  үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд бизнес  төлөвлөгөө, төсөл боловсруулах, бизнесийн удирдлага, менежмент, маркетинг, техник технологийн чиглэлээр үйлдвэр эрхлэгчиин хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн сургалт явуулах, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах арга хэмжээг талууд хамтран зохион байгуулахаар заажээ.

Санамж бичгийн хүрээнд хийгдэх өөр нэг онцлог зүйл нь өрхийн болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд шаардлагатай эргэлтийн хөрөнгийн болон тоног төхөөрөмжийн санхүүгийн эх үүсвэрийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 50 тэрбум хүртэл төгрөгийн зээлийг шалгаруулатгаар сонгогдсон банкаар дамжуулж хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм байна.

Өрхийн болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг гадаад, дотоодын зах зээлд сурталчлах, борлуулалтад дэмжлэг үзүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн үзэсгэлэн худалдаа, сурталчилгааг хийх үүргийг ч хоер тал уг санамж бичгээр хүлээж байгаа аж. Сургалт явуулах, арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт тавих зэрэг бүхий л арга хэмжээг аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтсийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэгж хамтран зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.