Улстөрчдийн дараагийн золиос нь цагдаагийн ажилтнууд, прокурор, шүүгчид болж хэлмэгдэнэ
УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбогдож ,олон нийтийн цуглаан дээр хэлсэн үгийнх нь талаар тодрууллаа.
-Та “Жудагт Монгол”-ын цуглаанд оролцож, олны анхаарлыг татсан үг хэллээ?
-МоАХ энэ цуглааныг дэмжиж оролцож байна. Өөр арга алга. Иргэд урвагч, шуналтнуудын бэлэн аманд хууртаж, өрийн дарамтад туйлдаж байхад дуугүй суух эрх байхгүй гэж үзэж, МоАХ-ны Удирдах зөвлөлөөс “Жудагт Монгол"-ын зохион байгуулж байгаа цуглаанд оролцох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан.
-Та хүний, өөрийн намын гишүүдийг улс төрөөс явуулахыг уриалж, нэрлэлээ. Яагаад?
-Улстөрчид “нүүрсчдийн нам” гэж ярьдаг улс төр, бизнесийн бүлэглэлийг нэрээр нь илчиллээ. Улстөрчид, эрх мэдэл бүхий хүмүүс бүгд мэддэг атлаа дуугардаггүй. Одоо цаг нь болсон гэж бодож байна. Монголчууд бүгд тэдний тоглоом болоод улс орноороо дуусч байна. Хүмүүс ирээдүйдээ итгэлгүй болсон байна.
Бүгд л одоо цаашдаа яах вэ гэж байна.
-Зарим нь танай намын гишүүд биз дээ?
-Намын гишүүн байна гэдэг чинь “нам нийлж сэм хуйвалдаад" ард түмнээ мөлжиж, эх орон, газар шороогоо зарна гэсэн үг биш.
-Та нэрлээд хэлчихлээ. Харин танай нам хариуцлага тооцож чадах уу? Хуйвалдаад өнгөрнө гэж бодож байна уу?
-Хэрэв тэгж чадахгүй бол ард түмэн хариуцлага тооцох хэрэгтэй. Эдэнд хонь шиг өрлүүлэх үү? Яасан гэж? Эх орноо, газар нутгаа, ард түмнээ өмгөөлсөн гэж үү? Бид монголчууд. Хэнээс ч дутахгүй эр зоригтой ард түмэн.
-Таныг шалгаж байгаа хэрэг ямар шатандаа байна вэ?
-Энэ бол улс төрийн зорилготой зохиож байгаа хэрэг. Эрх мэдлээ ашиглаж улс төрийн хэлмэгдүүлэлт явуулж байгаа хэлбэр. Та нар санаж байгаа байх. 2008 оны долдугаар сарын 1, МАХН- ын дарга Н.Энхбаяр, зөвлөх Л.Гансүх, “Эрдэнэс Таван толгой” компанийн захирал Я.Батсуурь, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг тойрсон баривчилгаа гээд...
-Хэн зохион байгуулж байгаа гэж?
-“Нүүрсчдийн нам" гэдэг бүлэглэл. Эрх мэдэлтэй улстөрчид, тэдний найз бизнесмэнүүдийн хүсэл шуналыг эсэргүүцсэн бүхнийг ийм аргаар айлгаж, дарамталж байна. Энэ бүх сэдвийг улс төрийн зорилготой зохион байгуулж, цагдаа хүчний байгууллагаар гүйцэтгүүлж, тэднийг удирдан ажиллаж байна.
Гэхдээ тэр улстөрчид нь хэзээ ч хариуцлага хүлээлгүй, нуугдаад л үлдэнэ. Яг 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг шиг. Энэ хэрэгт тушаал биелүүлсэн цагдаа нарыг золиослоод л, тушаасан, турхирсан улстөрчид нь сугарч үлдсэн.
Одоо биднийг хэлмэгдүүлж байгаа хэрэг цагаадах цаг ирнэ. Тэр үед цагдаа нар, прокурор, шүүгчид л золиос болж хэлмэгдэнэ.
-Яагаад ?
-Эрх мэдлээрээ айлгаж, хуулийн ажилтнуудаас хууль бус зүйл шаардаж, шахаж хийлгэж байгаа улстөрчид дараа нь тэднийгээ буруутгаад л өөрсдөө цэвэр үлдэх хүмүүс. Тэдэнд нэр төр, ичих нүүр гэж байхгүй.