Залууст 10 саяын зээл, 35-аас дээш насныханд гурван сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг үзүүлнэ
Хөдөлмөрийн салбарын хөгжлийн түнш байгууллагуудын уулзалт боллоо.
Манай улсын мэргэжлийн боловсролын салбарыг дэмжиж хөрөнгө оруулалт хийдэг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын холбоо, Энэтхэг, Хятад улсын Засгийн газар зэрэг олон улсын 10 гаруй байгууллага байгаа юм. Эдгээр байгууллагууд өнөөдрийн байдлаар мэргэжлийн боловсролын салбарт долоон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд ихэнх нь 2019 он хүртэл үргэлжлэх юм байна. Тухайлбал, Европын холбооноос хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн салбарт 65 сая еврогийн хөрөнгө оруулалт хийж байгаа юм.
Хөдөлмөрийн салбарыг дэмждэг донор байгууллагуудыг цаашид нэмэгдүүлж, МСҮТ-ийг төгссөн залуусыг дэмжихэд шаардагдах өөр олон төсөл хөтөлбөр боловсруулж, түнш байгууллагуудыг энэ салбарт татах зорилгоор Хөдөлмөрийн салбарын хөгжлийн түнш байгууллагуудын уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Хөдөлмөрийн сайд, Монголын мэргэжлийн боловсрол сургалтын төвүүд болон хөдөлмөр эрхлэлтийн салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч олон улсын байгууллагын төлөөлөл, оролцсон юм. Энэ үеэр техник, мэргэжлийн боловсрол сургалтын салбарыг дэмжих төслийн удирдагч Билл Фейрбэйн “Дэлхийн хөдөлмөрийн зах зээлд гарч байгаа өөрчлөлт хөдөлгөөнтэй монголын хөдөлмөрийн зах зээлийг уялдуулах нь чухал. Үүнээс гадна хөдөлмөрийн зах зээлд гарч байгаа хөдөлгөөн бол зөвхөн нэг салбарт нөлөөлөхгүй нийгэм эдийн засгийн гэх мэт бүхий л салбарт хамааралтай. Бидний хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын техник, мэргэжлийн боловсрол сургалтын салбарыг дэмжих төсөл”-ийн хүрээнд 4,2 сая еврогийн хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүний үр дүнд техник, мэргэжлийн салбар өөрөө шинэчлэгдэж, дэлхийн зах зээл дээр хэрэгцээтэй ажилчдыг бэлтгэдэг болох нь чухал юм” гэлээ.
Энэ үеэр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханаас залуусын хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Мэргэжлийн боловсролын салбарт энэ онд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжих вэ?
- Монгол Улсад нийт 87 МСҮТ үйл ажиллагаа явуулж байгаагаас 37 нь улсад харьяалалтай байдаг. Өнгөрсөн 20 гаруй жилд Засгийн газраас хөдөлмөрийн салбарыг дэмжиж 100 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байдаг. Мөн Мэргэжлийн боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ салбарт олон улсын цөөнгүй байгууллага хөрөнгө оруулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн жил 10 төсөл хэрэгжиж байсан бол энэ жил долоон төсөл хэрэгжинэ.
2019 онд ихэнх нь хаагдаад хоёр төсөл үлдэнэ. Мэргэжлийн боловсролын салбарт хэрэгжиж байгаа төслүүүдийн давхцлыг арилгах шаардлагатай байгаа учраас яаман дээр Төслийн нэгдсэн удирдлагын алба байгуулсан. Давхардлыг арилгаснаар үр дүн сайжирна. Тухайлбал, олон мэргэжлийн сургалтын төвүүд дээр нэг чиглэлээр олон багш бэлтгэх хөрөнгө гаргаж байна. Аль болох үр дүнтэй байх өөр өөр мэргэжлийн чиглэлээр донор байгууллагуудын туслалцааг авах бодолтой байгаа. Цаашид МСҮТ-үүд дээр донор байгууллагуудын тусламжийг авахдаа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажиллахаар төлөвлөж байгаа. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт ажилгүйдэлтэй шууд холбоотой. Тиймээс залуучууд сургуулиа төгсөөд аль нэг байгууллагад зуучлагдаад ажилтай болох хэдий ч өөртөө ажлын байр бий болгож, ажил олгогч болох тал дээр, мөн бизнес эрхлэлтийг нь дэмжих бодлого барьж байна.
-Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр салбарын яамнаас ямар бодлого барьж байна вэ?
-Залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд онцгой анхаарч дэмжиж байгаагийн хувьд есөн төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Залуучууд бүлэг хоршоо болоод техник тоног төхөөрөмж худалдаж авах төслөө яам, хөдөлмөрийн хэлтсүүдэд ирүүлээд санхүүжилт авах боломжтой. 35 хүртэлх настай, МСҮТ-ийг төгссөн залуус энэ хөтөлбөрт хамрагдана. Залуусыг ур чадвартай болгох тал дээр нь анхаарч байгаа учраас заавал МСҮТ төгссөн байх шаардлагыг тавьж байгаа юм. Нөгөө талаас МСҮТ-д суралцах хүсэл эрмэлзэл нэмэгдэнэ гэж харж байгаа.
-Хэдэн төгрөгийн санжүүжилт олгох боломжтой вэ?
-Нэг төсөл хоёр жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлээр 10 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгоно. 35-аас дээш настай бол 3 хүртэлх сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг үзүүлнэ. Энэ онд эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас өрхийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжиж буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн.
-Төслүүдийг хүлээж авч эхэлсэн үү?
-Хөдөлмөр хэлтсүүд ажлын төлөвлөгөөнийхөө дагуу төслүүдийг хүлээж авна. Чингэлтэй дүүрэгт өмнө нь 60-70 төсөл ирдэг байсан бол энэ жил 1000 гаруй ирсэн байна. Санхүүгийн боломжид тулгуурлаад аль болох олон төслийг дэмжинэ. Иргэдээс ирүүлсэн төсөл хөтөлбөрийг дэмжиж санхүүгийн шинэ эх үүсвэл олохын тулд өнөөдөр донор байгууллагуудтай уулзаж байна. Мөн цаашид олон улсын байгууллагуудаас шинэ төсөл хөтөлбөр санхүүжилт авах талаар ярилцлаа. Мэргэжлийн боловсролын салбарт дэмжлэг үзүүлж байгаа 10 гаруй байгууллага байна.Төсөл хөтөлбөрт хамрагдаж, өрхийн бизнес эрхлэх хүсэлтэй иргэд харьяа дүүргийнхээ Хөдөлмөрийн хэлтэст хандана.