Оёдлын салбарын мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог шинэчлэх ёстой
“Үйлчин бүсгүй 2016” Үйлдвэрлэгчдийн сэтгэлгээний хувьсгал үндэсний анхдугаар чуулганыг Хөдөлмөрийн яамны ивээл дор анх удаа зохион байгууллаа.
Ахуйн үйлчилгээ хөгжил судалгааны нийгэмлэг ТББ-ын санаачилгаар хийсэн энэхүү чуулган энэ сарын 9-нд МҮЭ-ийн Соёлын төв ордонд болсон бөгөөд оёдлын салбарын тулгамдсан асуудлыг ярилцаж, санал бодлоо хуваалцахаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс үйлчин бүсгүйчүүд, аймгуудын Засаг дарга нар, Хөдөлмөрийн хэлтэс, оёдлын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг МСҮТ, Политехник коллежийн төлөөлөл 1000 гаруй хүн ирсэн байлаа.
Чуулганыг нээж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан үг хэлсэн. Тэрбээр хүн ам төвлөрч, хот суурин бий болсоноор үйдвэрлэл хөгжиж, хөнгөн аж үйлдвэрийн салбарын мэргэшсэн ажилтнууд бий болж оёдлын салбарт гэхэд Оёдлын үйлдвэрийн нэгдэл, Хүүхдийн хувцасны үйлдвэр, Цэргийн хувцасны үйлдвэр, Нийтийн аж ахуйн яамны харъяа хот хөдөөгийн олон үйлдвэр ажиллаж, ард түмнийхээ оёмол бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж байсныг дурдаад “Зах зээлийн эдийн засагт шилжиж буй сүүлийн жилүүдэд энэ салбарт төрийн яамны харъяалал анхаарал сулран эзэнгүйдэж, боловсон хүчнийг бэлтгэх, тэднийг ажлын байраар хангах асуудал ихээхэн хоцрогдсон байна.
Иймд оёдлын салбарт бичил бизнес эрхлэгчдийг хувийн жижиг үйлдвэрлэгчийн хэв маягаас нь гаргаж, төрөл бүрийн хэлбэрээр санаа бодлоо нэгтгэж, хөдөлмөрөө хоршин хамтран ажиллах, томоохон аж ахуйн нэгжийн гэрээт ажлыг гүйцэтгэх зэргээр илүү орлого бүтээмж, нэмүү өртөг бий болгох талаар дээр өөрчлөлт хийх нэн хэрэгцээтэй болсон байна” хэмээгээд үндэсний чуулганаар хэлэлцэж буй оёдлын салбарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, зохистой ажлын байрыг бий болгохтой холбогдуулж Хөдөлмөрийн яамнаас бодлого, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх асуудлаар санал бодлоо хуваалцлаа.
Оёдлын салбарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд юуны өмнө энэ чиглэлийн мэргэжлийн ажилтныг бэлтгэх тогтолцоо, үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгох хэрэгтэйг Г.Баярсайхан сайн онцолсон.
Монгол Улсын хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилд Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад сурч буй оюутан залуусын 12 мянга нь аж үйлдвэрийн салбарын 40 мэргэжлээр суралцаж байгаагийн 28.7 хувь нь тогооч, 21.4 хувь нь гагнуурчин, 14.4 хувь нь оёдолчин мэргэжлийг сонгосон. Нэгэнт улсаас хөрөнгө мөнгө гаргаж мэргэжилтэй ажилтныг бэлтгэж байгаа болохоор суралцагчдаа сайтар дадлагажуулах, тухайлбал Мэргэжлийн сургалтын тогтолцоог аажмаар Үйлдвэрлэл-сургалтын нэгдсэн цогцолбор болгож “Сургалтын хосмог систем”-ийг нэвтрүүлэхэд Хөдөлмөрийн яам анхаарч буй юм. Нөгөө талаар оёдлын мэргэжлийн сургалтыг орчин үеийн үйлдвэрийн бааз дээр явуулах, том компаниуд өөрсдийн өндөр мэргэжилтэй ажилтныг үйлдвэр дээрх сургалтаараа бэлтгэж, баталгаатай ажлын байраар хангадаг болох гээд дэвшилтэт бүхий л чиглэлээр асуудлыг боловсруулж шийдвэрлүүлэх хэрэгтэй байгааг сайд яриандаа дурдсан.
Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хүрээнд оёдлын чиглэлээр хувиараа болон нөхөрлөл хоршоо байгуулж буй иргэдэд 3,0 сая хүртэлх төгрөгийн гарааны дэмжлэг, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 5.0 сая, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнд 10.0 сая төгрөгийн жижиг зээл олгож, авсан зээлд нь баталгаа гаргаж, хүүгийн хөнгөлт үзүүлэх боломжтойг ч Г.Баярсайхан сайд үндэсний чуулганд оролцогчдод дуулгалаа.
Түүнчлэн саяхан Засгийн газраас баталсан “Бичил бизнесийг дэмжих зорилтот хөтөлбөр”-ийн дагуу хүн амын тооноос хамаарч сум, хороо бүрт эмэгтэйчүүд, залуучууд зонхилсон бизнесийн бүлгийг 8-10 хүнтэйгээр үүсгэн байгуулж, орон нутгийн онцлог бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ эрхлэхэд нь зориулж, жилийн 8,0 хүртэл хувийн хүүтэй зээлийг бүлгийн нэг гишүүнд 2,0 сая төгрөгөөр тооцон олгох асуудлыг хэрэгжүүлж, Хөдөлмөр эрхлэлтийн зээлд хамрагдсан оёдолчдын дараагийн шат болгож үргэлжлүүлэн дэмжих боломж ч байдаг аж.
Чуулганы үеэр яригдсан өөр нэг асуудал нь оёдол эсгүүр, сүлжмэл нэхмэл эдлэл үйлдвэрлэгч бүсгүйчүүд маань ажлын байрны хүрэлцээгүйгээс гэр орон, орон сууцны подвол, түрээсийн байранд ажиллах, мэргэжлээ сольж өөр салбарт ажиллах зэргээр сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч буй тухай байлаа.
Энэ асуудал дээр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нэг дор ажил үйлчилгээгээ явуулах боломжтой энэ хөдөлмөр эрхлэгчдийг бүх төрлөөр хорших, хамтарч ажиллах санал санаачилга, орон нутгийн туршлагыг Хөдөлмөрийн яам дэмжих болно хэмээн байр сууриа илэрхийлсэн бөгөөд тархай бутархай явж байгаа үйлчилгээний жижиг хэлбэр нь оёдлын үйлдвэрийг хөгжүүлэхэд саад байгааг өөрчилж, хамт олноороо хоршин хөдөлмөрөө нэгтгэж баг болж, ажиллах сэтгэлгээндээ өөрчлөлт оруулж, цаашид ч хамтран ажиллахыг нийт оёдолчдод уриалсан юм.