Хүүхдийн хөдөлмөрийг устгахыг уриаллаа
2016.04.22

Хүүхдийн хөдөлмөрийг устгахыг уриаллаа

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас  хүүхдийн хөдөлмөрийн  асуудалд онцгой анхаарал хандуулан, дэлхийн улс орнуудад 2002 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 12-ныг  “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг билээ.

Энэ өдрийг угтаж Хөдөлмөрийн сайдын санаачилгаар “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аяныг орон даяар зарлахаар болсон бөгөөд аяны нээлтийг өнөөдөр Монголын  хүүхдийн ордонд зохион байгууллаа.

Монголд анх удаа зохион байгуулж буй уг аяны нээлтэд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож хэлсэн үгэндээ Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнууд 2016 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах зорилт тавьсан бөгөөд зорилтдоо хүрэхийн тулд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатайг сануулах зорилготойгоор энэхүү өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдгийг дурдаад “Өнөөдөр манай улсад 100 гаруй мянган хүүхэд ямар нэг байдлаар хөдөлмөр эрхэлж байгаагаас 10 мянга гаруй хүүхэд хүнд, хортой хөдөлмөр эрхэлж байна. Иймээс олон улсын түвшинд болон Монгол улсад хүүхдийн хөдөлмөрийг устгах зорилт нэн тэргүүний асуудал хэвээр байгаа бөгөөд зорилтоо биелүүлэхийн тулд бүх түвшинд илүү хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна.

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг 2016 оны Дэлхийн өдрийг “Нийлүүлэлтийн сүлжээнд хүүхдийн хөдөлмөрийг хориглоё. Энэ нь хүн бүрт хамаатай” уриатайгаар угтаж байна. Энэхүү уриалгыг ажил олгогч, иргэд, олон нийтэд хүргэх, хүүхдийн хөдөлмөр нэн ялангуяа аюултай ажлын хор холбогдлыг шийдвэр гаргагчид болон хүүхэд, ард иргэдэд таниулах, хүүхдийн хөдөлмөрийн асуудалд анхаарлыг нь хандуулах зорилготойгоор энэхүү аяныг эхлүүлж байна.

Монгол орны хөгжил дэвшлийн түлхүүр нь хүний тэр тусмаа хүүхдийн хөгжил хамгийн чухал нөлөөтэй. Бид хүүхдүүддээ чанартай мэдлэг боловсрол, шударга үнэнийг ойлгох ухаан, амьдрах чадвар дадлыг суулгаж, орчин үеийн техник, технологийн дэвшлийг гүйцэж харах оюуны хөгжлийг өгөх хэрэгтэй. Ингэж гэмээнэ Монгол орон хөгжин дэвшинэ гэж би боддог” хэмээгээд  “Хүүхдийн хөдөлмөрийн  тэвчишгүй хэлбэрүүдийг  устгах тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцийн үзэл санааг үндэслэл болгон хүүхдийн хөдөлмөрийн  тэвчишгүй хэлбэрийг хориглох, хязгаарлах түүнтэй тэмцэх үйл ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлэх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх ажлыг өргөжүүлэх замаар 2016 онд Монгол Улсад хүүхдийн хөдөлмөрийн  тэвчишгүй хэлбэрүүдийг бүрэн устгахад чиглэсэн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулан хамтран ажиллахыг төрийн бүх шатны байгууллага, хэвлэл мэдээлэл, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, урлаг, шашны байгууллага, харилцагч, түнш аж ахуйн нэгж байгууллага, эцэг эх, гэр бүл, нийт иргэдэд уриаллаа.

Аяны нээлтэд оролцсон Хууль зүй, Эрүүл мэнд спортын болон ХАХНХЯ-ны холбогдох хүмүүс болон ЦЕГ, ХЭҮК-ийнхон ч энэ талаар санал бодлоо хуваалцаж УИХ-аар Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль УИХ-аар батлагдаад байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд насанд хүрээгүй хүний хөдөлмөрийн насны доод хязгаарыг олон улсын хэм хэмжээтэй нийцүүлэн тогтоох болон насанд хүрээгүй хүний хөдөлмөрийн харилцааны талаарх бусад эрхийн зохицуулалтуудыг оруулсныг ярьцгааж байлаа.
Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны А/36 тоот тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг батласан. Уг жагсаалтад хүүхдийн хөдөлмөр ялангуяа, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр нь бидний ирээдүй болсон хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, ёс суртахуун, аюулгүй байдал, амь насанд сөргөөр нөлөөлж байгаа тухайлбал, өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах, хүүхдээр хурдан морь унуулах, уул уурхай, барилгын салбарт хүүхэд ажиллуулахыг  хориглосон. Уг жагсаалтад хориглосон ажил, хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдэд ногдуулах хариуцлагын механизм бүрдэж байгаа юм. 
Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас 2006 онд “Хүүхдийн хөдөлмөрийн  тэвчишгүй хэлбэрүүдийг 2016 он гэхэд устгах дэлхийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг батлахдаа гишүүн орнуудын Засгийн газарт хандан хугацаат хөтөлбөрийг ажил олгогч эзэд, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын оролцоотой хамтран хэрэгжүүлэхийг уриалсан тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол болон БНХАУ-ыг хариуцсан товчооны дарга Тим де Мейр аяны нээлтэд оролцогчдод дуулгалаа.

Орчин цагт хүүхдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, хөгжил хамгаалал, хүүхдийн эрх гэдэг нь  тус тусдаа ойлголт биш, цогцоор нь анхаарах асуудал учраас хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх хууль тогтоомж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх чиглэлээр  хийж буй ажлыг эрчимжүүлэх,  хөдөлмөр эрхэлж буй хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээг өргөтгөх, хүүхдийн хөдөлмөрийг багасгах, тэвчишгүй хөдөлмөрийг устгах үйл ажиллагааг зорилтот бүлэгт чиглүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгаа Хөдөлмөрийн сайд яриандаа онцолсон.

Аяны нээлтийн хүндтэй зочид нь зах, худалдааны төвд ажил хийж амьжиргаагаа залгуулдаг бяцхан жаалууд, хурдан морь унаач гээд 250 шахам хүүхэд мөн оролцсон юм.