Монгол Улсын эрх ашиг гэж үзэж Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН-д элсэхээр болж байна
2016.05.06

Монгол Улсын эрх ашиг гэж үзэж Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН-д элсэхээр болж байна

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сүүлийн үед улс төрд өрнөөд байгаа асуудлуудаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Сүүлийн хэдэн хоногт улс төр жинхэнэ утгаараа бужигнаж, минутаар өөрчлөгдөж байгаа.

Зарим нэг нь намаасаа гарч, өөр намд орж ч байх шиг. Мөн УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авснаар, сонгуулийн систем өөрчлөгдөх нь тодорхой боллоо. Үүнийг дагаад нэр дэвшигчдийг зарлах хугацаа ч өөрчлөгдөх бололтой.

Энэ талаар С.Бямбацогт гишүүн “Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН-д гишүүнчлэлээ сэргээе гэсэн асуудлыг тавьж байгаа. МАН, МАХН эвсэх асуудлаар өнгөрсөн хугацаанд нэлээд яриа, хэлцэл явсан. МАН-аас Ч.Хүрэлбаатар гишүүн ажлын хэсгийг ахалсан. 

Харин МАХН-аас Ч.Улаан гишүүн ажилласан. Тэр үед яригдаж байсан яриа, тохиролцоонуудыг та бүхэн мэдэж байгаа. МАН, МАХН эвсэж сонгуульд орсон тохиолдолд УИХ-ын 76 суудлын 25 мандат буюу 34 хувийг нь МАХН-аас, 66 хувийг МАН-аас нэр дэвшүүлнэ гэж тохирсон байсан.

Хэрэв сонгуульд олонхи болсон тохиолдолд аль нэг намын дарга нь УИХ-ын дарга, нөгөө нь Ерөнхий сайд болно гэсэн тохиролцоо хийгдсэн байсан. Харамсалтай нь энэ тохирооноосоо МАХН-ынхан буцсан. Үүнд ажлын хэсэг ахалсан Ч.Улаан гишүүний хувьд сэтгэл дундуур үлдсэн юм шиг билээ. 

Үнэхээр намын жирийн гишүүд, дэмжигчдийн хувьд энэ хоёр нам нэгдээсэй, нэгдэж чаддаггүй юм гэхэд эвсэж сонгуульд оролцоосой гэж хүсч байсан. Энэ нь зөвхөн хоёр намын гишүүдийн асуудал биш, Монгол Улсын эрх ашиг гэж үзэж байсан.

Гэвч энэ бүх яригдаж байсан асуудал бүтэлгүйтсэнд ажлын хэсгийн гишүүд сэтгэл дундуур байгаа. Үүнийх нь илэрхийлэл болж, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч, МАН-д элсэхээр болж байна.  

Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч, МАН-д элсэхээр болж байна.  

 

Тавдугаар сарын 5-9-ний хооронд улс төрийн намууд УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаатай. 

Гэтэл цэцийн дүгнэлт гарсантай холбогдуулж, Сонгуулийн хуульд байгаа УИХ-ын сонгуультай холбоотой зарим заалтуудад өөрчлөлт оруулах шаардлага гарч байгаа. 

Энэ нь нэр дэвших хугацааг хойшлуулах зайлшгүй үндэслэл болж байгаа. Гэхдээ нэр дэвших хугацааг хойшлуулж байгаа нь сонгуулийн санал авах өдрийг хойшлуулах шалтаг, шалтгаан болохгүй. 2012 оны сонгуулиар тавдугаар сарын 31-ний өдөр намууд нэр дэвшигчээ тодруулсан.

Ингээд зургаадугаар сарын 8-нд сонгуулийн сурталчилгаа эхэлж байсан. Тэгвэл бид энэ удаад тавдугаар сардаа багтаад нэр дэвшигчдээ тодруулаад, зургаадугаар сарын 11-нд сурталчилгааг эхлүүлэх бололцоотой. Тэгэхээр цаг хугацааны хувьд зөрчил гарахгүй” хэмээн ярьжээ.