УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэг шилжүүллээ
2017.01.26

УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэг шилжүүллээ

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэг шилжүүллээ

Үргэлжлүүлэн “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулсан. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа танилцууллаа. 
Иргэний нисэхийн тухай хууль, Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого болон Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын иргэний нисэхийн “Чикагогийн конвенц”-оор Монгол Улсын хүлээсэн агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй холбогдуулан агаарын навигацийн үйлчилгээний холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн сүлжээ, дэд бүтэц нь төрийн өмчид зайлшгүй байх шаардлагатай гэсэн үндэслэлээр тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай тогтоолын төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ. 
Тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэх олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүрэг гэхээсээ илүү ард түмнийхээ өмнө л хүлээсэн хариуцлагаа дээдэлдэг байх, мөн агаарын тээврийн өртөг зардлыг багасгаж аялал жуулчлалын хөгжилд дэмжлэг үзүүлэх, иргэд өндөр үнээр бусад оронд зорчиж байгааг анхаарах, өргөн мэдүүлж байгаа асуудлуудлаа оновчтой эсэхэд дүгнэлт хийх, иргэний нисэхийн салбарт өргөн уудам нутагтай Монгол Улсын хувьд онцгойлон анхаарах, мөн нислэгийн хямд үнэ чухал хэдий ч хямд үнэ болон санхүүгийн үр ашгийн хоорондын уялдаа холбоонд анхаарах нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргасан аж. 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, А.Сүхбат нар санал хэлсэн юм. Ийнхүү санал хураалт явуулахад “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.1 хувь нь дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэнээр чуулганы хуралдаан өндөрлөлөө