Хөгжилд хөтөлсөн шинэ бүтээн байгуулалтууд
2012 оны 01 сарын 27-ны өдөр ЗТБХБ-ын сайдын үүрэгт ажлаа хүлээж авлаа. ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржийн 100 хоногт хийж гүйцэтгэсэн зарим томоохон ажлаас танилцуулж байна. 100 хоног бол ердөө гурван сар, дээр нь ганц 7 хоног. Хүлээсэн хүнд урт мэт боловч зорьсон хүнд бага хугацаа. УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж энэ албыг аваад өнөөдөр 100 хонож байна.
ОРОН СУУЦ:
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хот, хөдөөгүй бүтээн босголт өрнөж байна
Бага, дунд орлоготой иргэдэд жилийн 6 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох журмыг батлав. Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах хөрөнгийг бүрдүүлэхийн тулд Хөгжлийн банкны 200 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар шийдвэрлэсэн. Хөгжлийн банкнаас гаргах үнэт цаасны эх үүсвэр бүрдэх хүртэл хугацаанд арилжааны банкууд өөрийн хөрөнгөөр иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээлийг олгож эхлээд байна. Энэхүү журмын дагуу иргэд 6 хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлтээ Орон сууцны санхүүжилтийн корпорацид гаргана. Тухайн зээлдэгч 50 сая төгрөгийн зээл авахын тулд орон сууцны үнийн дүнгийн 10 хувийг урьдчилан төлөх чадвартай байх шаардлагатай бөгөөд “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд хүртээх хишиг, хувиа бэлэн бусаар урьдчилгаа төлбөрт ашиглаж болно. Иргэдийн худалдан авсан орон сууц “100 мянган айлын орон сууц”-ны жагсаалтад хамрагдсан байх ёстой. “100 мянган айлын орон сууц”-ны төслийн хүрээнд 75 мянга нь Улаанбаатарт, 25 мянга нь орон нутагт баригдаж байна. 100 мянган айлын орон сууцны хотхон, хорооллууд баригдсанаар хот байгуулалт, төлөвлөлтийн шаардлагад нийцсэн орон сууцны хангамж нэмэгдэж Улаанбаатар хотын агаарын бохирдол буурч, шилжилт хөдөлгөөн ч саарна. Эхний жагсаалтад 79 мянган айлын орон сууцны барилга байсныг 44700-гаар нэмж нийт 124 мянга гаруй айлын орон сууцны барилга хөтөлбөрт хамрагдах боллоо. (Энэ тоо цаашид өснө) Ингэснээр иргэдийн сонголт нэмэгдэж буй сайн талтай. Жагсаалтад нэмж орсон 44700 орон сууцны 50 гаруй хувь нь Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах зорилгоор гаргасан журамд заасны дагуу 55 ам метр хүртэл талбайтай орон сууц юм. Одоогоор 212 компанийн хүсэлтийг Засгийн газрын тогтоолоор баталсан. Хөтөлбөр хэрэгжээд дуусахад 100 гаруй мянган айл орон сууцтай болох бүрэн бололцоотой байна.
Төрийн банк иргэдэд зээл олгоод эхэллээ
“100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд жилийн 6 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэдийн түрүүч зээлийн батламжаа гардан авав. Бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах энэхүү хөтөлбөрийг бодит ажил болгохын тулд санхүү, эрх зүйн орчин, газар олголт, нийлүүлэлт гээд бүхий л арга хэмжээг цогцоор нь авч эхэлсэн. 2012 оны тавдугаар сарын 7-ний байдлаар 1080 иргэн хөтөлбөрт хамрагдахаар хүсэлтээ ОССК-д ирүүлсэн бөгөөд үүнээс 758 иргэн Төрийн банкаар, 322 нь Капитал банкаар зээлийн судалгаа хийлгэхээр сонгосон байна. Мөн өдрийн байдлаар 72 иргэнд зээл олгохоор Төрийн банк шийдвэрлэсэн байна. Хөгжлийн банкнаас энэ 7 хоногт 50 тэрбум төгрөгийн эх үүсвэр Төрийн банкинд орсноор судлагдаж дууссан дээрх зээлүүдийг шуурхай олгоод эхэлнэ. “100 мянган айлын орон сууц”-ны төслийн хүрээнд Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд барих орон сууцны барилга, хотхон, хорооллын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдтэй байгуулах гэрээний загварыг батлав.
Орон сууцны бодит үнийг тогтоов
Барилгын гол нэр төрлийн 500 материалын үнэ ханш, эрэлт нийлүүлэлт, орон сууцны нэг ам метр талбайн өөрийн өртгийг судлаад, барилгын гол нэр төрлийн материал түүний дотор ган туйван, цементийн нийлүүлэлт сүүлийн гурван жилийн судалгаагаар тасралтгүй өссөн. Үнийн хувьд харьцангуй тогтвортой байгаа нь орон сууцны үнийн өсөлтийн шалтгаан болоогүйг тогтоов. Мөн эрэлт хэрэгцээг далимдуулан барилгын захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд үнийг хөөрөгдсөн болохыг тогтоосон юм. "Шинэ бүтээн байгуулалт ба барилгын салбар" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэ үеэр “100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдсан орон сууцны м/кв-ийн үнийг 1193,0 мянган төгрөг байх боломжтой гэв.
Инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлэхээр боллоо
100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдах хотхоны инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Хонгилын систем нь шугам сүлжээг засварлах, арчлахаас эхлээд олон давуу талтай юм. Иймээс “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилт” болон “Гадна дулаан хангамж” нормуудын холбогдох заалтуудыг үндэслэн шинээр болон өртгөтгөх шинэчлэлт хийгдэх цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан хангамжийн дамжуулах, түгээх газар доорхи инженерийн шугам сүлжээг хонгилд байрлахаар зураг төсөлд тусгаж боловсруулж байхыг үүрэг болгов. ”Улаанбаатар хотын газар доорх шугам, сүлжээний 1:1000-ны масштабтай байр зүйн зураглал хийх, орон зайн мэдээллийн сан бүрдүүлэх” ажлын даалгаврыг боловсруулав. XIV, VII, МҮОНРТ-ийн орчмын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон барилгажуулахад зориулж эхний ээлжийн инженерийн хангамжийн шугам сүлжээг барихад 27.876 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр шийдвэрлэв. Үүний дагуу инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн шугам сүлжээний батлагдаагүй байсан зургаан зургийн даалгаврыг боловсруулж батлуулав.
ТӨМӨР ЗАМ:
Шинэ зууны хөгжлийн замын бүтээн байгуулалтыг эхлүүлэв
Шинэ зууны их бүтээн байгуулалтын нэг болох Хөгжлийн замын ажлыг эхлүүлэв. ”Сайшанд-Тавантолгой”, ”Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд шинэ төмөр замын суурь бүтцийг барих концессийн гэрээнд гүйцэтгэгч компаниудтай гарын үсэг зурах гэж байна. Ингэснээр Монголын төр анх удаа хувийн хэвшлийн үндэсний компаниудтайгаа хамтран Шинэ зууны их бүтээн байгуулалтын нэг болох Хөгжлийн замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Концесийн гэрээний хүрээнд ”Сайшанд-Тавантолгой” 468, ”Тавантолгой-Гашуунсухайт” 267 нийт 750 км шинэ төмөр зам барьж байгуулна.
”Үндэсний төмөр замын суурь бүтэц” хувьцаат компани байгуулав
“Үндэсний төмөр замын суурь бүтэц” компанийг Засгийн газар олон улсын жишгийг дагаж байгуулсан. Суурь бүтэц эзэмших шинэ компани байгуулснаар “Монголын төмөр зам” ХК-ний үйл ажиллагаа нь зогсчихож байгаа хэрэг огт биш. Энэ хоёр компанийн нэг нь суурь бүтцийг эзэмшиж, нөгөө нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулна. Олон улсад төмөр замын суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байх зарчмыг мөрддөг байна. Компанийн ажлыг эхлүүлэх зорилгоор хувь нийлүүлсэн хөрөнгөд төрийн талаас эхний ээлжинд ногдох 518 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас, “Шинэ төмөр зам” төслийг эхний ээлжинд санхүүжүүлэхэд шаардагдах 399 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг Хөгжлийн банкаар гаргуулахаар шийдвэрлэв.
АВТО ЗАМ:
Зургаан аймгийн төвөөс эхлэх 545.6 км замын хөрөнгийг шийдвэрлэж, ажил эхэллээ
Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Завхан, Хөвсгөл аймгийн төвөөс эхлэх авто замыг барих ажлын хөрөнгө тодорхойгүй байсныг Хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр болгов.
Нийт 545.6 км авто зам барих бөгөөд үүнд 277 тэрбум төгрөгийг зарцуулна.
Энэ онд замын салбарт нийтдээ 346 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шинээр хийхээр болов. Үндсэндээ 950 орчим км замыг улсын төсвийн болон Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны зээлээр эргэн төлөгдөх нөхцөлтэй буюу хөрөнгө оруулалтаа хийгээд тодорхой гүйцэтгэлээр санхүүждэг хэлбэрээр авто замыг барина. Бүсчилсэн хөгжлийн болон Мянганы замын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Алтанбулагаас Замын-Үүд хүртэлх замын хөрөнгийг шийдвэрлэв.
“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх автозам, гүүрийн ажлын жагсаалтыг батлав
“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх автозам, гүүрийн ажлын жагсаалтыг батлав. Зам, гүүрийн ажилд шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлж, банкны үйл ажиллагааны зардалд зориулан гэрээт ажил бүрийн үнийн дүнгийн нэг хувьтай тэнцүү хэмжээний хөрөнгийг төсөвт өртгөөс тусад нь тооцож, тухай бүрт өгч байхаар болов.
Жагсаалтаас үзвэл Цахир-Тосонцэнгэл чиглэлийн хатуу хучилттай 127 км, Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 45 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 104 км замыг 2013 онд тавьж дуусгана. Харин Улаанбаатарт 25 км хатуу хучилттай замыг энэ онд шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвүүдийг нийслэл хоттой болон ойролцоохь хилийн боомттой холбосон нийт 5572 км, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 990 км хурдны зам, Улаанбаатар хотод 212 км хатуу хучилттай зам, долоон цэгт гүүрэн гарц шинээр барьж 350 км замыг шинэчлэхээр тусгав.
Улаанбаатар хотын ундны усан хангамжийг 20 хувь нэмэгдүүлнэ
Япон Улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх “Гачуурт-эх үүсвэр” төслийг эхлүүлэв. Улаанбаатар хотын усан хангамж, түүний дотор гэр хорооллын усан хангамжийг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах үндсэн зорилготой төслийн хүрээнд Туул голын ай савын Гачуурт дахь хэсэгт 21 гүний худаг шинээр барин, олборлосон усыг Монгол Улсын хөрөнгөөр байгуулах Гачуурт усан санд хуримтлуулж, хлороор ариутган цэвэршүүлнэ. Дараа нь шинээр тавигдах 700 мм-ийн диаметр бүхий шилээр хүчитгэсэн пластик нийлмэл хоолойн магистраль шугамаар Улаанбаатар хотын зүүн хойд бүсийн усан санд нийлүүлэгдэн нийслэлийн хэрэглэгчдэд хүрэх юм.
БУСАД АЖИЛ:
Олон улсын нисэх буудлын шавыг тавив
Төв аймгийн Хөшигийн хөндийд Олон улсын нисэх буудал байгуулж, Улаанбаатар хотын дэд бүтцэд холбоно гэсэн зорилт биеллээ оллоо. Шинээр барих Улаанбаатар хотын олон улсын нисэх буудлын шав тавих ёслолын арга хэмжээ болж, шинэ нисэх буудлын үерийн хамгаалалтын далангийн барилгыг эхлүүлэв. Энэхүү шинэ буудал нь агаарын тээврийг олон улсын стандартын төвшинд хүргэж, иргэний агаарын тээврийн тогтвортой хөгжлийг хангахад онцгой ач холбогдолтой. Эл томоохон бүтээн байгуулалтыг түшиглэн төмөр зам, авто болон ачаа тээврийг гүйцэтгэх томоохон төв бий болохоос гадна Улаанбаатар хотын дэд бүтэцтэй холбогдох мөн 100 мянга гаруй хүн амтай шинэ дагуул хот бий болно.
Түүнчлэн олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг барьж байгуулснаар манай улсын нутаг дээгүүр өнгөрч байгаа баруун Европ, хойд Америкийг зүүн өмнөд Азитай холбосон агаарын замуудын нислэг буудаллах боломж нээгдэж, энэ нь Монголд төдийгүй бүс нутгийн эдийн засгийн хөгжилд таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Шинэ буудал баригдсанаар онгоц хөөрч буух зурвас нь хоёр талын оролт гаралттай болж, нислэгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, үйлчилгээний хүрээ өргөжих, зорчигчдын ая тухтай аялах таатай нөхцөл бүрдэхээс гадна олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын тавьж буй шаардлага, стандартын төвшинд хүрнэ гэж нээлтийн үеэр Ц.Дашдорж сайд онцоллоо.
Говь-Алтайчуудын ундны ус хангамжийг германы технологиор шийдвэрлэнэ
ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж томилогдсон цагаас яамны эрхлэх асуудлын хүрээний салбаруудын хэмжээнд гадаад харилцааг өргөжүүлэхэд ихээхэн анхаарч гадаад улс орон, олон улсын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, дэд бүтцийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор гадаадын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай идэвхтэй харилцаа өрнүүлж ажиллав. Тухайлбал, Германы “Ferrostaal Industrieanlаgen GmbH” компани хооронд “Тайшир-Алтай” ус хангамжийн төслийн талаархи эрмэлзлэлийн санамж бичигт гарын үсэг зурав.
Төслийн гол зорилго Тайширын Усан цахилгаан станцын усан сангаас хүн амын унд, ахуйн шаардлага хангасан ундны усыг Алтай хотын хэрэглэгчдэд тасралтгүй, найдвартай түгээхэд оршиж буй. Усны чанарын асуудал хурцаар тавигдаж буй Говь-Алтай аймгийн төв Алтай хот, түүний оршин суугчдын хувьд нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг уг төслийн хүрээнд байгаль орчинд халгүй, найдвартай, орчин үеийн Германы дэвшилтэт технологийг ашиглан шийдвэрлэхээр болсон нь ихээхэн ач холбогдолтой юм.
Автомашины дугаарын давхардлыг арилгаж, шинэ дугаарыг random сонголтоор олгож эхэллээ
вто машины 372 улсын дугаар давхардан олгогдсоныг сарын аян зарлаж шийдвэрлэв. Тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн системийг боловсронгуй болгох ажлын хүрээнд “Тээврийн хэрэгслийн бүртгэл программ хангамж”-д өөрчлөлт оруулав. Ингэснээр тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох ажиллагаа автоматчилагдаж, улсын дугаарын сери бүхий дугааруудаас компьютер автоматаар буюу тохиолдлоор /Random/ сонголтыг хийн олгож байхаар программчлагдлаа. 2010 онд 15116 ширхэг дугаар солигдож 226.7 сая төгрөг, 2011 онд 25498 ширхэг дугаар солигдож 400 гаруй сая төгрөгийн үргүй зардал гарсан. Харин шинэ стандартыг нэвтрүүлж цахим сүлжээ ашигласнаар нэг автомашинд нэг дугаар олгосноор дугаарын давхардал гарахгүй байх боломж бүрдэв. Монгол Улсад анх бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл ашиглалтаас хасагдах хүртэл улсын бүртгэлийн нэг дугаартай байна.
Монголын хөлөг онгоцны бүртгэлд шинээр 50 онгоц бүртгэв
Далайд загас агнуур эрхлэх түүний дотор ОХУ-ын Агнуурын тэнгист загас агнах асуудлаар ОХУ-ын Загас агнуурын агентлагтай харилцав. Мөн далайд загас агнах Монгол Улсын квотыг ашиглах санал ирүүлсэн Монгол-Солонгосын хамтарсан KMMG.M ХХК-д мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн хамтран ажиллаж эхлэв. Энэ онд 180 хөлөг онгоц шинээр бүртгэхээр Далайн захиргааны бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөнд тусгаснаас өнөөдрийн байдлаар Монголын хөлөг онгоцны бүртгэлд шинээр 50 онгоц бүртгэв. Одоогоор Монгол Улсын далбаа мандуулсан 277 хөлөг онгоц гадаад далайд аялж байна.
2012 онд хөлөг онгоцны бүртгэлийн орлогоос 240.2 сая төгрөгийг төвлөрүүлэхээс 26 сая 200 мянган төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ. МХОБК-нийн ТУЗ-ийн хурлыг Сингапурт хуралдуулж, орлого, зарлагын тайланд үнэлэлт дүгнэлт өгөн 2012 оны төсвийг хэлэлцэн батлав. Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын /Хогоргын ам/ Ренчинлхүмбэ сумын Шишгэдийн голд хөвдөг гүүр барих тендерт шалгарсан гүйцэтгэгчийн ажилд, захиалагчийн хяналт тавих, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөн, хамтран ажиллаж эхэллээ. Мөн усан замын дохио, тэмдэг, тэмдэглэгээний стандарт боловсруулж, стандартын загварт оруулах техникийн даалгаврыг боловсруулан ажиллав.
Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг даргалав
Засгийн газар хооронд хоёр талт хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Монгол-Чехийн ЗГХК-ын ээлжит IV хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулж, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж Монгол талыг даргалсан юм. Хуралдаанаар Улсын клиникийн төв эмнэлэгт Чехийн тусламжаар өргөтгөл барьж өгөхөөр болов. Мөн Чехийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг манай улсын өмнөд болон баруун аймгуудад ундны усны хангамжийг сайжруулах, ус цэвэршүүлэх чиглэлд төсөл хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн.
27.876 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэв
Төр, нийгмийн түншлэлийг сайжруулах хүрээнд Монголын архитекторуудын эвлэлтэй хамтран ажиллах гэрээ байгуулав. Мөн Монгол Улсад суугаа ОХУ, АНУ, БНСУ-ын Элчин сайдын яамдын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулж эхлэв. Газрын төлбөр, албан татварын бүртгэл хөтлөх, тэдгээрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавихтай холбогдсон үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор “Газрын төлбөр, албан татвар ногдуулах, бүртгэх журам”-ыг батлуулав. Цаашилбал, “Монгол Улсын иргэн бүрт үнэгүй өмчлүүлэх боломжтой газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоож, газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгууллаа. Барилгын норм, норматив боловсруулах сангийн хөрөнгөөр “Хот байгуулалтын кадастр” БНбД (14-01-07) нормыг шинэчлэхээр техникийн даалгаврыг боловсруулж эхлэв.