2017.05.31

Н.Учрал: Боловсролын салбар хүн солигдсоноор өөрчлөгдөхгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.31/ БСШУС-ын сайдыг огцруулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал өмнөх сайдын боловсруулсан болосвролын багц хуулийг хөрсөнд буугаагүй хууль хэмээн шүүмжиллээ.

Н.УЧРАЛ: ОДООГИЙН БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ХЭРЭГТЭЙ

Боловсролын салбар 1990 оноос хойш системээрээ дампуурсан. Түүнээс хойш БСШУ гэдэг салбар өсөж өндийх хугацаа ч байсангүй. Энэ салбарыг тогтолцоогоор нь шинэчлэх цаг ирсэн. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө яарж, сандраад өмнөх Засгийн газрын үед ажиллаж байсан энэ салбарын сайд боловсролын багц хууль оруулж ирээд, тэр нь хөрсөндөө буухгүй, огт хэрэгждэггүй хуультай болчихсон. Энэ хуулийг хэрэгжүүлэх гээд Ж.Батсуурь сайд их зовлоо. 1 жилийн хугацаа бол их богино. Энэ боловсролын багц хуулийг нь хэрэгжүүлэх гээд ажлын хэсэг гаргаад их хичээсэн. Хүн солигдсоноор энэ салбар өөрчлөгдөхөд их хэцүү.

Тиймээс УИХ дээрээ боловсролын багц хуулийг шинэчлэх ажлын хэсэг гаргаад, төрөөс баримтлах бодлогоо улирал улиралаар нь дүгнэдэг систем рүү шилжэхгүй бол ирээдүй хойч үе хүнд боллоо.

Гэхдээ өнөөдөр нэг талаас хариуцлагын асуудлыг дэлгэж тавьж, хариуцлагын тогтолцоог өөрчлөх уриалгыг Засгийн газар гаргаж байгаад талархаж байна. Шалгалтын тест задарсан асуудлаас болж салбарын сайд огцорч байна. Харин 3,5 тэрбум төгрөг үрэн таран хийсэн Монголбанкны валютын нөөцийг дуусгасан нөхөрт хариуцлага тооцъё, Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар зарж 30 тэрбум доллартай тэнцэх хэмжээний мөнгө үрсэн хүнд хариуцлага тооцмоор байна. Одоо хариуцлагын асуудал ярьж эхэлсэн юм чинь салбар болгонд хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна.