О.Содбилэг: Засгийн газар огцорвол Эрдэнэтийн 49 хувийн ажил юу болох вэ?
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанд нийт 73 гишүүн буюу 96,1 хувийн ирцтэй байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Содбилэг санал бодлоо илэрхийллээ.
О.СОДБИЛЭГ: ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТВОРГҮЙ БАЙДЛААС БОЛЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД НҮҮР БУРУУЛНА
2016 оны УИХ-ын сонгуулиар манай намын мөрийн хөтөлбөрт хийсэн хамгийн том амлалтын нэг нь төр засгаа тогтвортой байлгах амлалт байсан. Үүний үр дүнд 65-уулаа олонхи болсон боловч Засгийн газраа огруулах талаар ярьж байгаа нь буруу.
Засгийн газрын гишүүн болж ажиллаж байгаа нөхдүүдтэйгээ өмнөх УИХ-д цөөнх байж ажиллаж явсан хүний хувьд ямар их хүнд хэцүү болсон байсан эдийн засгийг сэргээхийн төлөө хичээж ажиллаж байгааг харж байгаа хүний хувьд энэ Засгийн газрыг огцруулах нь буруу гэж үзэж байна.
Хариуцлага тооцох нь бол зүйтэй асуудал. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон УИХ-ын тогтоол, Засгийн газраас гаргасан шийдвэрүүд нь хэрэгжих гээд ажил нь эхлээд явж байгаа энэ үед Засгийн газар солигдоход бас л эдийн засаг, олон нийтийн амьдралд маш олон сөрөг үр нөлөө гарна гэж харж байна.
Гадаад талдаа ч гэсэн монголд итгэх итгэл алдарч байна. Саяхан босон олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтаар ирсэн хүмүүс уулзалтаа цуцалж байна, ирэхээ больж байна. Ажил эхлүүлнэ гэж байсан хүмүүс азнаж байна. Гэх мэт маш олон сөрөг үр дагавар байгаа учир Засгийн газрыг огцруулах нь буруу гэж үзэж байна.
Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар УИХ шийдвэр, тогтоол гаргаж явсан. Засгийн газрын хурлаар энэ зун шийдвэр гаргаж Эрдэнэтийн 49 хувийг Монголынхоо иргэддээ хувьцааг нь олгох ажлыг энэ Засгийн газар хийсэн. Хэрвээ огцорчихвол энэ ажил юу болох вэ? Ажлаа аваад ганцхан жил болж байна. Ямар хүнд хэцүү байдалд ажиллаж байгааг нь бүгд харж, мэдэж байгаа.