Д.Эрдэнэбат: Мэргэжлийн гэгдэх боловч ах дүү, танил талаа татсан Засгийн газар болсон
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанд нийт 73 гишүүн буюу 96,1 хувийн ирцтэй байна.
Чуулганы эхэнд Тусгай хяналтын дэд хорооны мэдээллийг сонсохын тулд хаалттай горимд шилжүүлээд байсан бол 15 цаг 14 минутанд чуулганыг нээлттэй горимд шилжүүлсэн.
Ингээд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүлгийнхээ санал дүгнэлтийг уншлаа.
Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
УИХ дахь МАН бүлгийн нэр бүхий гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг өргөн барьсантай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрын үйл ажиллагааны талаар энэхүү дүгнэлтийг гарагж байна.
Нэгдүгээрт,
2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас дэвшүүлсэн олон сайхан амлалтаар дүүрэн хөтөлбөр, сонгогч олны итгэл үнэмшлийг хүлээж, үнэмлэхүй олон гишүүдтэй болсон. Харамсалтай нь эрх баригчид иргэдийн итгэл найдварыг хөсөрдүүлэн, амласан амлалтаасаа ухарсан шийдвэрүүдийг удаа дараа гаргалаа. Мэргэжлийн гэгдэх боловч ах дүү, танил талаа татсан Засгийн газар байгуулагдсан цагаасаа олон нийтийн шүүмжлэлд өртөж, төрийн чадварлаг, туршлагатай 22000 гаруй албан хаагчдыг хомроголон халж, боловсон хүчний сонголт, томилгоонд алдаа гаргажээ.
Төрийн албанд мөнгө төлсөн, чадваргүй хүмүүс олноороо томилогдсон нь төр засгийн цаашдын үйл ажиллагаанд төдийгүй улс нийгмийн амьдрал, төсөв санхүүд хүртэл хүндрэл учруулж байна. Айлган сүрдүүлж, аргагүй байдалд оруулах, өөрөөр нь өргөдлөө өгөхийг шаардах, албан тушаалын зэрэглэл бууруулах, хуулиас давсан тэтгэмжээр хуурах зэргээр төрийн албаны болоод хөдөлмөрийн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн олон үйлдэл, эс үйлдлээр эдгээр ажилчдыг мохоож, ажлын байрыг нь булаан авсан нь үнэн.
Хоёрдугаарт,
Монгол Улсын үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөний орчинд аюул учирч байна. УИХ-д олонхийн бүлэг, Засгийн газар хууль дээдлэх үйл ажиллагааны үндсэн зарчмаа мартжээ. Үйл ажиллагаа нь шүүмжилсэн, шударга ёсыг шаардсан иргэдийг төдийгүй, танхимынхаа гишүүнийг хүртэл мөрдөн шалгах, тагнах чагнах, зохиомол хэргийг үүсгэн айлгах зэргийг 1937 оныг санагдуулам зохион байгуулалттай, хууль бус үйл ажиллагаа явуулж, үүндээ хууль хүчний байгууллагуудыг татан оролцуулдаг болжээ.
Төрийн албыг үнэлэн, арилжаалах замаар сонгуулийн зардлаа босгох, Монгол төрийн суурийг ганхуулах, 64 гэгч бохир схемийг зохион байгуулж түүнийгээ хэрэгжүүлэх талаар дээд удирдлагынхаа түвшинд хүртэл хэвийн зүйл мэт ярилцаж хүлээн зөвшөөрч байгаа нь улстөрчдийн ухамсар, ёсзүй ямар хэмжээнд хүрснийг харуулж монголын ард түмэн Ерөнхийлөгчийн сонгуулиар эрх баригчдад дүнгээ тавьсан. Энэхүү хэргээ нуун хайцаалахдаа хууль хяналтын байгууллагыг ашиглаж байгаа нь монгол төрийн түүхэнд урд өмнө гарж байгаагүй төрт ёсны түүхэн уламжлалаа уландаа гишгэсэн үйлдэл гэж АН дүгнэж байна.
Гуравдугаарт,
Засгийн газраас удаа дараа утга найруулгын төдийгүй агуулга, бодлогын хувьд алдаа мадагтай хууль шийдвэрийн төслүүдийг УИХ-д өргөн барьж, эргүүлэн буцаах, эцэст нь ОУВС-гийн халхавчин дор ард иргэд, улс оронд ач тусгүй олон шийдвэрийг гаргасан. Энэ бүхнийг хүүхдийн мөнгө олгохдоо төсвийн тухай хууль төдийгүй, УИХ-ын тогтоолыг ноцтой зөрсөн. Байгаль экологид ээлтэй ард түмний суудлын автомашинд татвар оногдуулахаар болсноо эргэж буцсан зэрэг олон шийдвэрийг харж дүгнэх боломжтой.
Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татварыг бий болгохгүй эдийн засгийн хямралын өртгийг ард иргэдээрээ төлүүлэхгүй гэсэн амлалтууд замхарч олон төрлийн татвараар ард иргэдийнхээ халаасанд гар дүржээ.
Нийгмийн захиалгаар батлагдсан хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадын өмнө тулгамдсан асуудлыг зохицуулах, чухал хуулиудыг хэрэгжүүлэхэд төсвийн мөнгө хүрэлцэхгүй хэмээн цааргалаж байсан эрх баригчид 807,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий концессын гэрээнүүдийг танхимынхаа гишүүдийн болон тэдний эрх ашиг нэгтэй компаниудад хуваарилсан нь төсвийн тухай хуулийн 30.5, 33.2.9 дэх заалтуудыг ноцтой зөрчсөн учир ЗГ хариуцлага хүлээх бүрэн үндэслэлтэй гэж АН үзэж байна.
Дөрөвдүгээрт,
Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн ЗГ эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэх бие даасан даацтай бодлого хэрэгжүүлж чадалгүй ОУВС-гийн далбаан дор нуугдан өр нэмэх хөнгөн сонголтыг хийсэн. Нэг жилийн өмнө буюу 2016 оны 6 дугаар сарын байдлаар МУ-ын нийт өр 22,5 тэрбум доллар байсан бол 2017 оны 6 дугаар сард 24,9 тэрбум доллар болж даруй 1,4 тэрбум доллараар нэмэгдсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад инфляцийн түвшин 1,7 хувиас 3,7 хувь болон өсч монгол төгрөгийн худалдан авах чадвар 3,7 хувиар унасан. Төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн оны 6 дугаар сард 1964 төгрөг байсан бол өнөөдөр 445 төгрөгөөр нэмэгдэж 2446 төгрөг болсноор төгрөгийн ханш 20 орчим хувиар буураад байна.
Монголбанкны гадаад валютын өмнөх нөөц оны мөн үеэс 14,4 хувь буюу 207 сая ам.доллараар буурч, 1 тэрбум 231 сая ам.долларт хүрчээ. Чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 7,4 хувиар нэмэгдэж 1 их наяд 132 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Ийнхүү макро эдийн засгийн үзүүлэлтүүд нь муудсаар байхад зэс, нүүрсний өсөлтөөс хамаарсан эдийн засагт гарч байгаа өсөлтийг өөрдсийн амжилт мэт дөвийлгөж, ард иргэдийг төөрүүлсээр байгаад харамсаж байна.
Өнгөрсөн 4 жилд АН засаг барьж байх үед 1 тонн нүүрсний үнэ 20 ам.долларт хүртлээ унаж, 2016 оны 6 дугаар сарын байдлаар нүүрсний борлуулалт 293,2 сая ам.долларын хэмжээнд байсан бол 2017 он гарсаар 1 тонн нүүрсний үнэ үнэ тутамдаа 69-71 ам.долларт хүрч нийт 1 тэрбум 282,4 сая ам.долларын борлуулалтыг хийжээ. Энэ нь жилийн дотор нүүрсний үнийн өсөлтөөс шалтгаалж орлого 4,4 дахин нэмэгдсэн гэсэн үг юм.
Энэ бүхний хохирогч нь зөвхөн монголын ард түмэн болох учир УИХ дахь АН-ын бүлэг нийгэм, эдийн засаг, улс төрийн хямралыг гаргуулахгүй байхын төлөө ажиллах болно.
Та бүхэн хууль ёс, улс төрийн соёл, ёс зүйгээ ухамсарлан нийгэм эдийн засгийн шударга ёсны байдлаар дэнслэн монгол төрийн бат бэх байлгах, улстөрийн цэвэр тунгалаг орчинг бий болгохын төлөө шинэ зорилго өвөртлөн шинэчлэл, өөрчлөлтийг зоригтой эхлүүлбэл АН энэхүү шинэчлэлийг дэмжих болно.